Р.Эмүжин: Зам мэддэг болгон нь засаглахгүй ээ
Нийтлэл
/
2020-11-16
Зам мэддэг болгон нь засаглахгүй ээ.
Хүүе ээ, хотоос гарах бүх хулгайн замыг би мэднэ. Ёстой хайрхан болгоныг бэллэж давхидаг, харз болгоныг аргадаж туулдаг би мэтийн жолооч нар мэдэхгүй бол хэн мэддэг юм. Гэхдээ надад хулгайн сэтгэл байхгүй. Тэртэй тэргүй хүн хүч хүрэлцэж ядаж, төр улс тэмцэж ядаж байхад нэг л их хулгайгаар давхиад хаа байсан Хэнтийд хүрдэг ямар сэтгэлгүй хүмүүс вэ. Үүнийг чинь сайн эрийн шийдэл гэж хэн ч хэлэхгүй, сайвар санаатны саар үйлдэл. Одоо хүртэл энд тэндэхийн хяналтын пост дээр машин тэрэгтэйгээ оччихоод гарна, явна гээд байдаг хүмүүсийг хуульд зааснаар 500 мянган төгрөгөөр торгоод өг, зүгээр. Үүнээс цааш эх орноосоо урвасан энэ тэр гээд ял шийтгэл бас байгааг санахад илүүдэхгүй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж үг бий. Хэнтийд хоёр, Сэлэнгийн голомтонд дахиад нэг, иргэн Д-гийн хавьтагчдаас тэг(0), алдарт Энхсарангаас бас нэг нэмж илэрлээ. Улсын онцгой комисс, Я.Содбаатар нар эргүүл хяналтанд гарч байгаа цагдаа цэргийнхэнд нэг удаа 800 мянга, сонсогчдод 420 мянган төгрөг олгох болсноо мэдэгдлээ. Голомт нэмэгдэж, тал тал тийшээ тархахын хэрээр хүн хүч нэмж ажиллуулах шаардлага тулгарч байна. Урамшуулал, цалинг нэмээд байж болно, хүрэлцэхгүй байгаа хүн хүчээ яаж нэмэх вэ? Уулнаас баавгай авчираад хяналтанд зогсоох уу, шоронгоос хоригдол гаргаад пост мануулах уу? Үгүй. Өвлийн сар эхэлж байхад өдөржин гадаа зогсож байгаа хэдэн бор цэрэг, хэдэн сар эргүүлд гараад цуцаж буй хэдэн бор цагдаа, хоногийн 24 цаг битүү баг, биедээ памперстай зүтгэж буй эмч сувилагчдаа яасан боддоггүй улс вэ? Хориод хориод дийлэхээ боливол орцтой, хашаатай нь гагнаад байхаас өөр яадгийн. Эсвэл хулгайн сэтгэлээ өөрсдөө өөрийнхөө гүнд цоожлох хэрэгтэй байна. За бид монголчууд шүү. Хорьж, хоригдож чаддаг, хожмын явдалд чангарч хүлээдэг монгол хүн. Өвөлжин бүгээд, хавартаа чангараад, урин цагтай хамт урагшаа дайрдаг монгол хуарангийн монгол араншин бидэнд байх ёстой. Зам мэддэг болгон нь засаглах юм уу? Тэгдэггүй юм. Төрөө дэмжиж, дагаж, эвлэн нэгдэж энэ тахлын ард амжиж гарна. Амжихгүй бол тэгээд нийт хүн амын 10 хувьд ковид халдварлахад 1400 хүнээ алдаж, амьдын ёсоор бус, аймшгийн журмаар салах ёс ч үгүй шатаана гэдгийг л санах хэрэгтэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.98.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.