Аз жаргал хаана байдаг вэ?
Нийтлэл
/
2020-11-21
Хүн эхээс мэндлэхдээ ХУВЬ ХҮН, нийгмийн өмнө хүлээх хариуцлагатай, тодорхой байр суурьтай нийгмийн гишүүн болоод ирэхээр БИЕ ХҮН болдог.
 
Амьдрал хүнийг хүн болгодог, хүн хүнээ хүн болгодог, хүн өөрөө өөрийгөө бүтээдэг гэдэг.
 
Бид өнөөдөр хичнээн эрдэм мэдлэгтэй, мөнгөтэй, төрийн сайд дарга байсан ч нэг ертөнц, нэг саванд хамтдаа амьдарч байна.Юутай ямар ч юмтай байгаад нүцгэн ирээд, нүцгэн энэ орчлон ертөнцөөс буцна. Иймд бид энэ богинохон жаргаж амьдрах хорвоод хүний төрөлд ирчхээд ямар ихээр бие биенээ муухай хэлж, доромжилж дээрэлхэж, үзэн ядаж хомхойн сэтгэлээр хандаж байнаа...Нөгөө талаас ард түмний итгэлээр сонгогдон гарч ирсэн эрхэм хүмүүсийн ёс зүй,биеэ авч яваа байдал төрийн өндөр босгыг намсгаж, мөнхийн юм шиг ихэмсэглэх дарга нар олширч худалч, бялдууч хүн чанаргүй хүмүүс ихсэж нийгэмийн сэтгэл зүй бохирдож хүн хүнээ танихаа байж сэтгэлгээ оюун санааны доройтолд орж ирлээ...Бидэнд соён гэгээрэх цахим орчинд соёлтой харилцах асуудал чухал болж байна.Цар тахал биднийг байгаль дэлхийтэйгээ буруу харьцаж, хүн хүнээсээ хөндийрч, зүрх сэтгэл хайр энэрэлгүй болж хайртай сайхан бүхнээсээ холдож байна гэсэн дохиог хэлээд байгаан бол уу?!Хүний дундаж наслалтыг 76 нас гэвэл энэ нь ердөө л 3952 долоо хоног болно. Гэтэл үүнээс 1317 долоо хоногийг унтаж өнгөрүүлнэ. Ингээд амьдрахад 2635 долоо хоног буюу 63240 цаг байна гэсэн үг. Судалгаа, санал асуулгаас харахад 50 хүний 1 нь л өөрийгөө аз жаргалтай, сэтгэл хангалуун байгаад тооцож, 10 хүнээс 1 нь өнгөрсөн амьдралаасаа жинхэнэ ёсоор аз жаргалтай байсан хэсэгхэн хугацааг санаж байна гэж хариулсан судалгаа байна. Тэгэхэар аз жаргалыг гаднаас эрээд нэмэргүй өөрөөсөө эрэх хэрэгтэй.
 
Хүн аз жаргалыг дуртай юмаа хийж сонирхсон мэргэжлээрээ ажиллаж өөрийнхөө тааваар сэтгэлээ мэдэрч бие эрүүл, ухаан саруул сэтгэлийн амар амгаланг олж авахыг хэлдэг.
 
Сэтгэл гэж хүний дотоод гадаад ертөнц өөрөө дотоод чанараа таних ухаарал чадварыг хэлдэг. Өөрөөр хэлбэл хүний бие бол сэтгэлийн орон бөгөөд унтаж байхад сэтгэл далд байдлаар ажиллаж байдаг.
 
Хүн дотоод сэтгэлийн хүчээрээ өөрийн амьдралыг залж тойрон байгаа аура буюу энергиэрээ ирээдүйн өнгөө бий болгодог. Хүний жилийн ноён нуруу гээд байгаа нь гэрлэн бүрхүүлийг хэлдэг. Үүнийг анагаахын хэлээр АУРА, шинжлэх ухааны хэлээр ГЭРЛЭН БҮРХҮҮЛ, шашны хэлээр ЖИЛИЙН НОЁН НУРУУ гэж нэрлэдэг.
 
Хүний гэрлэн бүрхүүл муу газраар явах хэрүүл хийх, хараал хэлж муу бодол бодож тархиндаа ургуулаад байх тусам сөрөг энергийг өөртөө төвлөрүүлж гэрлэн биеэ гэмтээдэг гэдэг. Түүнээс хүн хүнийг хараадаг зүйл байхгүй,
 
Тэр намайг муу хэлсэн болов уу? Энэ намайг хараасан болов уу? гэж бодоод л байвал сөрөг энергийн хүчээр тэр нь биелдэг. Энерги бол түгээмэл байгаа урсгал шинжлэх ухаанаар батлагдсан. Муу зүйл бодох тусмаа таталцлын хуулиар сөрөг энерги татаж сайн сайхныг төсөөлж бодох тусмаа өөрийн гэрлэн биеэ гэрэлтүүлж, ноён нуруугаа засаж явдаг.
 
Сэтгэлийн боловсрол хамгийн ДЭЭД БОЛОВСРОЛ.
 
Тэгэхээр сэтгэл зөв сайхан байхад бидний үгийн сонголт их чухал байдаг. Хэлэх үг сайхан байвал сонсох үг сайхан байна -үгээ олж хэлнэ гэдэг БОЛОВСРОЛ -цагаа олж хэлнэ гэдэг МЭДЛЭГ -хэлэх үү байх уу гэдэгээ мэдэх нь УХААН Тэгэхээр хүний амнаас гарч буй үг энергийн бөөгнөрөл нэг сайхан үгийг онож хэлэхэд энерги нь ихсэж хүчтэй болж биеллээ олдог. ҮГ гэдэг санаанд орсноо урсгаад байдаг АВИА биш бидний амьдрал, хувь тавиланг өөрчилж чадах хүчтэй ЭНЕРГИ юм.
Иймд:
☝Бодлоо хяна, бодол чинь нэг өдөр үг болдог.
☝Үгээ хяна, үг чинь нэг өдөр үйлдэл болдог.
☝Үйлдлээ хяна, учир нь үйлдэл чинь зуршил болдог.
☝Зуршлаа хяна, учир нь зуршил чинь араншин болдог.
☝Араншингаа хяна, учир нь араншин чинь ХУВЬ ЗАЯА болдог.
Аз жаргалд саад болдог мунхаг, буруу бодол, уур хилэн, шуналын ХИР БУРТАГ арилахад л АЗ ЖАРГАЛЫН ХУРЦ ГЭРЭЛ таны дотроос гэрэлтэх болно. Тэгэхээр өөртөө байгаа аз жаргалыг хайх хэрэггүй өөртөө байгаа буруу бодол үйлдэл, сэтгэл, үг яриаг засахад л болно.
Та жаргамаар байна уу? зовмоор байна уу? өөрөө л шийднэ. Аз жаргал таны гарт л байдаг. Та бид энэ хорвоод мэндлэхдээ жаргах гэж л ирдэг. Аз жаргалыг бүү хойшлуул цаг гаргаж бай! Жишээ нь энэ ажлыг дуусгаад л нэг сайхан амаръя, энэ мөнгийг олчихоод л хүүхдүүдээ анхааръя, үүнийг л дуусгахгүй бол болохгүй.
 
. . . Энэ бүхэн үнэхээр чухал юм уу???
Өглөөнөөс орой болтол асуултаас асуултын хооронд амьдарсаар. . .
Аз жаргалтай хайртай хүмүүстэйгээ үр хүүхэдтэйгээ байж тоглох хугацааг, хайртай аав ээж, хамаатан садандаа очих цаг хугацааг бид дандаа хойшлуулж мөнгөний хойно тавьдаг. Мөнгө аз жаргалаас илүү үнэ цэнтэй юм гэж үү?! Хүссэн хэмжээний мөнгө олж байгаад дараа нь жаргана гэвэл та бидний нас ямар богинохон орон зайд байгааг дээрх тоо харуулж байгаа байх аа. Тэгэхээр аз жаргалд цаг гаргая. Магадгүй энэ хорио бидэнд хайртай хүмүүсээ хайрлах ойлгох, тэдэнд туслах боломж гэж ойлгон амгалан тайванаар бэрхшээлийг боломж гэж харан энэ үеийг даван туулцгаая. Энэ аймшигт цар тахал бидний ажлын хэв шинж амьдралын чанарт өөрчлөлт авчирч биднийг технологийн эрин зуунд хурдтай хөгжиж , хандлагаа өөрчлөн эвтэй, хүчтэй байхын анхааруулга болов уу гэж бодож байна.
 
Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын 4 мөртөөр нийтлэлээ төгсгөе.
Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү бүү түлх...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.