Ц.Төрхүүгийн  “ХҮНД СУРТАЛ”-аас болж  400 өрх орох оронгүй , КОРОНА ТУСАХ НЬ холгүй байна
Нийтлэл
/
2020-11-26

Хан-Уул дүүргийн 20-р хорооны 100 орчим өрхийн 300 гаруй иргэн бүх нийтийн хөл хорионы энэ хүнд үед төрийн байгууллагын “хурган даргын” хүнд суртал, хувийн хэвшлийн хуудуутай байдлын улмаас хохирч айл айлын хаяа бараадан хэцүүхэн аж төрсөөр байна.

Тэдний энэ байдал цааш үргэлжилбэл нөгөөх хэцүү нэрт КОРОНА гэгч халдварлахыг ч үгүйсгэх газаргүй байна. Учир нь тэд төлбөрөө төлсөн ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадахгүй байсаар байна. Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо 19-р хороолол орчимд байрлах ашиглалтын хугацаа нь дууссан хуучин арьс ширний үйлдвэрийн 26-р байрыг нурааж дахин барилгажуулах төсөлд хамруулахаар болж “орон сууц, үйлчилгээний зориулалт” бүхий “FLORA TOWER” –ийг хэд хэдэн аж ахуй нэгж дамжин барьсан ч өнөөдрийг хүртэл иргэд, оршин суугчид нь гэртээ орж чадахгүй байна. Тус барилга нь 16 давхар бөгөөд А, В гэсэн хоёр блоктой, 1-4 давхар нь үйлчилгээний, 5-16 давхар нь орон сууцны зориулалттай. Тус барилгыг хамгийн сүүлд “ОХС” гэж барилгын компани дуусгасан байна. Тус компанийн зүгээс барилга угсралтын ажлыг 100 хувь дуусгасан ч уг барилгыг улсын комисс хүлээж авахаас татгалзсан байна учир нь “цэвэр бохир усны шугам”-ын холболтод алдаа гарсан гэх шалтгаанаар Ус сувгийн удирдах газраас уг барилгад усны ашиглалтын зөвшөөрөл олгохгүй байгаа аж.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 зүйлийн 4,2 “Нийслэлийн Засаг дарга нийтийн эрх ашигт хамаарах төслийг санаачлан инженерийн барилга байгууламж барих үүрэгтэй” гэж заасны дагуу тус барилгын гадна шугам сүлжээний асуудлыг нийслэл шийдэх үүрэгтэй байхаар тус барилгын компани ажил гүйцэтгэжээ. Тус гэрээний дагуу одоогийн УИХ-ын гишүүн С.Амарсайхан хотын дарга байхдаа 2020 оны 04 сарын 20 өдрийн А/532 тоот захирамждаа “2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд орсон дээрх барилга байгууламжын инженерийн шугам сүлжээнд зарцуулагдах 1,5 тэрбум төгрөгийг” холбогдох хууль журамд нийцүүлэн гаргахыг доод албаны хүмүүстээ даалгаж байжээ.

Түүний энэхүү захирамжыг Хотын даргаар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Батбаясгалангийн удирдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцээд “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дээрх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны “Арьс ширний үйлдвэрийн 26-р байрыг” буулган дахин бариулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний зардлын шаардлагатай хөрөнгийг 2020 оны нийслэлийн төсвйин тодотголд суулган ИТХ-д өргөн барьсан” аж.

Барилгын гадна болон дотор засал бүгд хийгдэж дуусан бөгөөд одоо цэвэр бохирын хоолойн шугамын холболт үлдсэн гэдгийг тус барилгын гүйцэтгэгч “ОХС” ХХК болон уг барилгад амьдрах захиалга өгсөн иргэдийн зүгээс бидэнд мэдээлсэн. Уг холболтын ажлыг гацааж байгаа газар нь УСУГ аж. Бид 400 гаруй өрхийн эрх ашгийн үүднээс УСУГ-ын дарга Ц.Төрхүүтэй холбогдож тодруулахад “Наад барилгыг барьсан компани нь нийслэлийн зүүн бүсийг хангадаг 1000-ийн шугамыг гуйвуулсан. 2018 оноос хойш хориглосоор байтал үг аваагүй. Өдийг хүртэл явсан. Манайхаас анхааруулга, албан бичиг олныг өгсөн” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.

Гэтэл хотын захиргаанаас уг ажлыг хийнэ гээд төсөв санхүүг нь бараг шийдчихээд байдаг. Хэрэгжүүлэгч агентлагийн дарга нь үгүй ээ гээд гэдийгээд байдаг нь ямар учиртай юм бол. УСУГ-ын дарга Ц.Төрхүүд уг барилгын усыг өгөхгүй байх ямар “ЭРХ АШИГ” ард нь нуугдаж байна вэ. Төв цэвэрлэхийн лагийн ӨМХИЙ ҮНЭРИЙГ дарж чадахгүй байж 400 иргэний эрх ашгийг зөрчих нь хууль хэрэгжүүлж буй хэлбэр үү...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.238.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.