Таван гишүүн нь ДАРГА САЙДЫН зэрэгт хүрсэнээс өөрөөр ШУДАРГА ЁС тогтсонгүй....
Нийтлэл
/
2020-11-27

Өнгөрсөн парламентад нийгэмд шударга ёсыг тогтоож, МАНАН бдэглэмийг устгана хэмээн анх дотроосоо тэсэрч гарч ирсэн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нарын таван гишүүн дүн өвлийн хүйтэнд Сүхбаатарын талбайд жагсаал хийсэн. Тэдний гол зорилго бол Ердөө л тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хотын дарга Су.Батболд нарыг "огцруулах кампанит ажил" байсан. 

Муу хүн дайнд хөөрнө гэгчээр энэ жагсаал тэмцлийг өөрт ашигтайгаар эргүүлж, улстөрийн овжин нүүдэл хийсэн хүмүүс бол У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр. Тэд гар нийлж улмаар үгнээс гардаггүй Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилсон. Эцэст нь нийгэмд шударга ёс ч тогтсонгүй. Ц.Элбэгдоржийн, М.Энхболдын гэх тодотголтой ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ чинь яг хэвээрээ л байна. Төрийн мөнгөнөөс хувьдаа завшиж, хулгай хийсэн ГИШҮҮД, САЙДУУД ял авалгүй, торгуулаад л өнгөрч байхад төрийн өмнөөс гэр оронгүй тэнэмэл иргэдийг хоолож ундалж, тэжээж тэтгэсэн Г.Загдаа нарын иргэд ЯЛ ШИЙТГҮҮЛЖ байна... Энэ шударга ёс мөн үү... 

М.Энхболдыг харааж зүхэж, хамгийн муу хүн болгож харагдуулсан нөгөөх таван этгээд хожимоо бүгд нэг нэг албан тушаалд очиж, шангаа хүртжээ. Хожим нь тэд ч бас "ЖАНГАА ГУДРАХ" цаг ирэх байх. Тодруулбал Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга, Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Л.Болд, Ж.Батзандан нар С.Зоригийн хэргийг шалгах түр хорооны дарга байсан бол сүүлд дүн өвлийн жагсаалаас үүдэлтэй "ШУДАРГА ИРГЭДИЙН НЭГДСЭН ЭВСЭЛ" гэх нам байгуулан толгойлж байсан. Хожим нь сонгуульд ялагдсан шалтгаанаар огцорч нэг нь Ерөнхийлөгчийн зөвлөх, нөгөөх нь Австралийн Элчин зөвлөх болсон. Энэ мэтээр ШУДАРГЫН ТУЙЛ болсон таван эрхэм бүгд албан тушаалд очжээ. Энэ бүхний дүгнэлтийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 

"Өнгөрсөн хугацаанд юу болов! Нөхцөл байдал ямар байсан бэ? Та бүхэн санах хэрэгтэй. Үнэхээр ард түмний шүүхэд итгэх итгэлийг бүрэн царцаасан, шүүх эрх мэдлийн нэр хүндийг шалдаа буулгасан, үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүнд зүй ёсоор хамаардаг нийгэм-төрийн байгууллын болон иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулахуйц туйлын хүнд, бусармаг байдалд шүүхийг оруулсан, анхаарч арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд шүүх эрх мэдэл орсон байсныг өнгөрсөн хугацаанд бид бүгд ярьсан, бүгдээрээ хэлэлцсэн юм.

Дүн өвлийн хүйтнээр Улсын Их Хурлын 5 гишүүн МАНАН дэглэмийг нураах, шударга ёс тогтоох тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, 30 мянган иргэн дэмжин жагсаж байсныг Та бүхэн мартаагүй байх. Өнөөдөр эдгээр гишүүдийн зарим нь Улсын Их Хурлын дэд дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өндөр албан тушаалд ажиллаж байна. Аливаа асуудал мөн шалтгаантай, бас шийдэлтэй байдаг. Монгол төрийн түүхэнд үндэсний эрх ашгийг дээдэлсэн, нэн чухалд тооцогдох олон бодлого нуран унаж байсныг бид бас мартах учиргүй ээ.

Монголын төр хараат бус байдлын ард нуугдсан шударга бус шүүгч нартаа хариуцлага тооцож чадахгүй хэмжээнд хүрсэн, шударга бусын хонгил үүссэн, ард түмний баялагт эзэн суусан этгээдүүд хууль шүүхийн байгууллагыг авлигадан хүссэнээрээ хөдөлгөж, өөртөө үйлчлүүлэн ажиллуулдаг болсон зэрэг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхээс өөр аргагүй ноцтой нөхцөл байдал бодитой бий болсон байсан. Үүнийг мөн л бүгд мэдсэн, нотлогдсон, шүүмжилсэн, арга хэмжээ авахыг шаардсан" хэмээн илтгэлдээ дурджээ... 

Эндээс дүгнэвэл дээрх таван гишүүн өөрсдөө АЛБАН ТУШААЛД ОЧИХ ГЭЖ л Д.Сүхбаатарын талбайд жагсажээ... 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.23.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.