Л.Гүндалай: ЭМЯ, ХӨСҮТ-нхөн зохион байгуулалттайгаар КОРОНАГ АЛДСАН. Цагдаагийнхан ХЭРЭГ үүсгэх ёстой
Ярилцлага
/
2020-11-30

Коронавирусийн цар тахлын дэгдэлтийг намжтал УОК-ийн шийдвэрийг үндэслэн Засгийн газраас бүх нийтийн хөл хорио тогтоосон. Уг шийдвэрийн хүрээнд иргэн бүрийг гэртээ байхыг зөвлөж байгаа. Бүх нийтийн хөл хорионы энэ үеэр гэртээ хэрхэн үр дүнтэй өнгөрүүлж байгаа болон төр засаг, салбар яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд асан, Ард түмнээ хайрлая намын дарга Ламжавын Гүндалайтай онлайнаар холбогдож ярилцсаныг хүргэж байна.

Юуны өмнө танд амралтын өдрийн мэнд хүргэе. Хөл хорионы дэглэмлээ сайн сахиж байна уу... Гэр зуураа ямар ажил амжуулж, хэрхэн үр дүнтэй өнгөрүүлж байгаа талаараа бидэнтэй хуваалцаач?

Бүгдэнд нь мэнд хүргэе. Эрүүл энхийг хүсье. Дэглэмээ сайн бариарай гэж захье. Миний хувьд унтаж амраад, эрүүл агаарт гарч, хоол хийж идээд, гэр бүлийнхэнтэйгээ хөзөр тоглож, кино үзэж, иргэний үүргээ биелүүлж нийгэмд мэдээлэл өгөх зорилгоор шууд яриа хийж байна, англи хэлний мэдлэг сэргээх зорилгоор зүйр цэцэн үг сануулах зэргээр л үр дүнтэй өнгөрүүлж байна. Өдөр маш хурдан үр дүнтэй өнгөрч байна.

Таны лайв, ярилцлага, саналыг сонсохоор төр засгийн гаргаж байгаа бодлого шийдвэрийг нэлээд хурц шүүмжилж байна. Шүүмжлэхийн хажуугаар бас санаа өгч ч байх шиг... Өнөөдрийн гаргасан шийдвэрүүдтэй санал нийлэхгүй байна аа даа... та?

Шууд хэлье. Эрүүл мэндийн яамны нөхдүүд маш хариуцлаггүй алдаа гаргаж Коронавирусийг дотооддоо алдсан. Үүнд нь улс даяараа хохирч байна. Энэ яамны нөхдүүдэд хариуцлага тооцож ярих ёстой. Их муухай зүйл хийсэн шүү, энэ яамныхан. Хоёрдугаарт төр нэгэнт хөл хорио тогтоогоод бүх зүйлийг хааж байгаа бол ард иргэд, аж ахуй нэгжүүдэд үйл ажиллагааг нь зогсоосныхоо төлөө нөхөн олговор олгох ёстой. Хөл хорио бол буруу биш. Гагцхүү бүхнийг боож хааж байгаа төрд л буруу байгаа шүү. Ямар ч тооцоогүй, бодлогогүй, зохион байгуулалтгүй юм хийсэн учраас энэ хохирлыг барагдуулах нь зөв.

Нөхөн олговор олго гэлээ... Засаг төр чинь мөнгөгүй гэдэг хариулт сангийн сайд нь өгөөд байна шүү дээ?

Мөнгө байнга урсаж байгаа. Та бид хоёрыг ярьж байхад, шөнө унтаж байхад ч мөнгө төрийн дансанд орж байгаа. Битгий санаа зов. Гаалийн, АМНАТ-ын хувь хүний, аж ахуй нэгжийн, татварын гэх зэргээр байнга мөнгө эргэлддэг юм. Ирггэд чинь төрийн бодлогогүй шийдвэрээс болоод ямар ч орлогогүй болчихлоо. Тийм учраас орлогогүй өрхүүддээ шахмал түлшээ үнэгүй өг. Цахилгаан, дулаан, ус, халаалт, газар, түрээсийн төлбөр, үл хөдлөхийн мөнгө, банк, банк бусын хүүг хөл хорионд байгаа хугацаандаа чөлөөл. Олон бизнесмен хаалгаа хаачихлаа. Дээрээс нь өрх бүрийн санхүүг дэмжих зорилгоор нэг сая төгрөг бэлнээр олго гээд уриалаад, хашгираад байна. Энэ санаачилгынхаа төлөө ч явж байгаа. Ерөнхийлөгч ч бас иймэрхүү шийдэл гаргаж байгаа харагдсан. Засгийн газар дэмжсэнгүй. Би бол нэг саяыг бэлнээр өг гээд байгаа юм. Ялгаатай шүү. Хөл хориог Засгийн газраас тогтоож байгаа учраас төрөөс сая миний ярьсан бүхнийг хийх ёстой. Мөнгө байхгүй гэсэн үлгэрт итгэж болохгүй. Тэнэгүүд...

Та ярианы эхэндээ Ковидын халдвар дотооддоо алдсан нь Эрүүл мэндийн яамны буруу ггэлээ. Яагаад та тус яамыг буруутгаж байгаа юм бэ? Та ч бас энэ салбарын сайдаар ажиллаж байсан хүн шүү дээ...

10 сарын турш алдаагүй барьсан гээд яриад байгаа чинь өнгөрсөн хугацааны юм. Одоо алдчихсан шүү дээ. 20 хоног дээр илэрч байна гээд телевизээр яриад байсан нь худлаа байхгүй юу. Одоо энэ өвчин чинь гурав хоног дээрээ илэрч байна. Өмнө нь яагаад олон хоногийн дараа илрээд байсан юм бэ гэдгийг бодох ёстой. Хоорондоо зохицдоггүй хульхи тоног төхөөрөмжүүд шахчихсан. Түүнийгээ хэрэглээд иргэдийг төөрөгдүүлж, худлаа яриад байгаа юм. Одоо эдэнд хариуцлага тооцох ёстой. Эрүүгийн гэмт хэрэг шүү. Эрүүгийн цагдаагийнхан ЭМЯ-ныхныг шалгах ёстой. Худлаа мэдээ тараасан, хуурамч юм ашигласан, зохион байгуулалттайгаар хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан. ХӨСҮТ, ЭМЯ-ныхан. Тэднийг шалгах хэрэгтэй. Иргэн хүний хувьд хүсэж байна.

Та бол эмч хүн. Коронавирусийн дэгдэлтийг намжаах талаар танд ямар нэг дэвшүүлэх санаа байна уу?. Монголчуудад хэрхэн нөлөөлөх бол?

Эмч хүний хувьд хэлье. Монголчууд Коронаг эмчлэд эдгээгээд байгаа зүйл огт байхгүй ээ. Бид эмчилж, эдгээж чадахгүй. Харин Монгол хүний дархлаа сайн учраас өөрөө эдгэрээд байгаа юм. Бид энэ муу коронад тийм ч амархан нухуулчихгүй. Өнөөдөр дэлхийд энэ өвчнийг эмчлэх эмчилгээ байхгүй учраас Япон, Америкд олон хүн үхээд байгаа юм. Коронавирус чинь ханиадны төрлийн л вирус шүү дээ. Үүнд бие муутай болон ахмадууд хүнд тусаж байгаа юм. Нэг онцлог бий. Манай улсын хүн ам чинь жилд гурван удаа ханиад хүрдэг. Ханиадны улиралтай. Ийм зүйлд дасчихсан учраас Монголчуудад харьцангуй хөнгөн тусаж байгаа юм.

Хөл хориог ахиад 14 хоногоор сунгаж магадгүй нөхцөл байдал үүсэж буйг ДЭМБ, ЭМЯ-наас гаргалаа. Монголчуу ахиад л 14 хоног гэртээ байх нь... Иргэн таны хувьд хөл хориог сунгахыг дэмжих үү?

ДЭМБ-ын суурин төлөөлөгч гээд нэг нөхөр манай улсад бий. Тэр нөхөр яамны бодлогын түвшинд оролцоод байх хэмжээний эрхтэй нэгэн биш. Зарим нь эрүүл мэндийн салбарын мэдлэггүй хүн ч ирдэг. Монгол гурван жилийн хугацаатай ирдэг. Тэр нөхөр сайн ажилласан гэсэн бичиг гаргуулж авахын тулд л элдэв юм ярьж, бөгс долоочих гээд гүйж яваа. Намайг Эрүүл мэндийн сайд байхад л нэг тийм юм байсан. Тэдний үгийг тоох хэрэггүй ээ. Дээр нь манай улсын эрдэмтэн мэргэд гээд яриад байгаа юм аа бас. Манай улсад нээх сүрхий, олигтой юм байхгүй.  эрдэмтэй хүн  байх ч үгүй.

Хөл хориог цааш сунгах нь зөв үү. Та юу гэж бодож байна вэ?

Төр засаг сайн бодох хэрэгтэй. Өмнөх шийдвэрийнхээ хор уршгийг тооцоолох ёстой. Ядаж нөхөн олговор нүүрс түлээ, хоол унд, нэг удаагийн мөнгөн дэмжлэг эхээд өг. Ер нь бол дэлхий гарсан нэгэн судалгаад BBC-ийн мэдээгээр үзэхэд “Коронавирусийн эрүүл мэнд, амь насанд учруулж байгаа хохирол нөлөө нь нийгмийн салбарт үзүүлж буй хор нөлөөнөөсөө хэд дахин бага байна” гэсэн байна. Өөрөөр хэлбэл боловсролд, улс орны эдийн засаг, нийгэмд үзүүлж буй хязгаар нь эрүүл мэндийн сөрөг үр дагавраасаа хэд дахин бага гэсэн үг. Тийм учраас Европын орныхон чинь тоохгүй хаячихлаа. Ер нь бол хувь хүний хариуцлагын асуудал гэдгийг л ухамсарлах ёстой. Бусдыг эрсдэлд оруулахгүйн тулд хаа хаанаа бодох ёстой. Бага зэргийн хөл хорио тогтоогоод буцаагаад султгаад явж болох юм. Монголын онцлог бий. Цөөхөн хүн амтай ш дээ. Улс гэхэд хэцүү. Гуравхан сая хүн амтай. Тэдний тал хувь нь хөдөөнөө амьдардаг. Улаанбаатарын тал хувь нь гэр хороололд амьдардаг. Хотын гэр хороолол гэдэг чинь Төв аймгийн нэг сум л гэсэн үг. Ийм учраас бид үхэхгүй ээ. Санаа битгий зов. Маскаа сайн зүү л гэж хэлье.

Баярлалаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.120.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.