Ө.Наранбаатар: Монгол хэлний зарим нэг ҮГ ХЭЛЛЭГ миний заалгасан үеийнхээс тэс өөр болсон байна лээ....
Ярилцлага
/
2020-12-02

МҮОНРТ-ийн кино нэвтрүүлгийн дуу оруулагч, МУСТА Өлзийн Наранбаатартай ярилцлаа. Тэрбээр хүүхдийн, хүүхэлдэй, орчуулгын уран сайхны, олон ангит гээд нийтдээ 20 гаруй мянган кинонд дуу оруулсан байна. Хамгийн сүүлд тэрбээр Боловсрол суваг ТВ-ийн контент “Үндэсний үсэглэлийн аварга” шалгаруулах тэмцээнд зарлагчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнтэй Монгол хэл, Киноны дуу оруулалтын талаар хөөрөлдлөө.

Тэрбээр ““ Халтар царайт”, “ Зочид буудлын эзэн”, “ Банштай зутан”, “ Чанву”, “ Хөөрхөн төрөх албагүй”,” Цэргийн сургуулийнхан”, “ Ким Ду Хан”, “ Ошин”, “ Цэцгийн хүлэмж”,” Анхны хайр”,” Жан Гум” зэрэг 5000 гаруй телевизийн олон ангит орчуулгын кинонд, Цагаан шөнө”, “ Ядуугийн зовлон”, “ Мөнх тэнгэрийн хүчин дор”, “ Тэнгэрийн сахил”, “ Салж чадахгүй хайр”, “ Зүрхэнд шивнэсэн үг”, “ Тавилан”, “ Гурван өдөр, гурван шөнө” зэрэг 50 гаруй монголын  уран сайхны киноны гол ба туслах дүрийг өөрийн дуу хоолойгоороо амьдруулж үзэгч түмэнд хүргэж нийтдээ 20 гаруй мянган уран бүтээлд дуу оруулсан “ДУНД ҮЕИЙН УРАН ҮГИЙН МАСТЕР” юм.

Сайхан өвөлжиж байна уу, та? УОК-ийн шийдвэрийн дагуу гэрээс гарахгүй байна гэлээ... Уран бүтээлч хүн яав ч зүгээр суухгүй дэг. Ямар ажил амжуулж байна вэ ?

Өө сайхан өвөлжиж байна. Саяхан өвөө болсон зээгээ хараад гэр зуур байна. Уран бүтээлч хүмүүс ямар зүгээр байх биш. Хүмүүсийн захиалгын баримтат кино, нэвтрүүлэг хийгээд гэрээсээ ажиллаж байна.

Таны дуу хоолой бол Монгол түмний чихэнд хоногшчихлоо. Анх ажлын гараагаа хаанаас, хэдэн онд эхлүүлж байв. Энэ талаар бидэнтэй хуваалцаач?

1992 онд 10 сард СУИС-ийн оюутан байхдаа хоёрдугаар курсдээ дадлагат гарч Үндэсний телевизийн киноны редакцид хуваарилагдаж очоод нөгөө алдартай нэвтрүүлэгчдийг чинь, Цеэханд эгч, Нарантуяа эгч, Бямбаа эгч, Батбаяр ах нарыг  тэгэхэд анх удаа харж, улмаар хамт ажиллах хувь тохиосон. Тухайн үед сурагчдын амралтад зориулсан соц нийгмийн үеийн Герман, Польш, ЗХУ зэрэг Европын кинонууд гарна. Яг тэр үед хүүхдэд зориулсан “Банштай зутан” гэдэг Германы кинонд тухайн үед анх дуу оруулж байлаа. Эфирт шууд уншина. Одоогийнх шиг бичнэ гэсэн ойлголт байхгүй. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хоолой уншаад явж байна.

Үндсэн мэргэжил тань жүжигчин юм билээ. Гэтэл насаараа дуу оруулагч хийж, олон ч телевизийн урын санг баяжуулсан байна. Ер нь та яагаад энэ салбар луу орчихсон юм бэ?

1990 онд оюутан болоод Улсын башгийн их сургуулийн Кино драмын ангид орж байлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт алдарт жүжигчин Ц.Гантөмөр багшаар уран чадвар, Монгол Улсын гавьяат багш, СУИС-ийн хүндэт профессор, доктор Ц.Уртнасан багшаар тайзны хэл яриа заалгасан. Жүжигчний ангийн хүүхдүүд ихэвчлэн театрт дадлагад гараад байх юм. Энэ ангийнхныг радио телевизэд дадлагад гаргая гэж байсан юм билээ. Бид чинь Соёл урлагийн дээд сургуулийн хамгийн анхны анги. Одоогийн СУИС-ийн анхны элсэгчид гэсэн үг. Энэ жил манай сургуулийн 30 жилийн ой болж байна. Анх оюутан байхдаа дадлагад гараад л дуу оруулах энэ чиглэлд шимтсэн юм шиг байгаа юм. Би чинь СУИС-ийг жүжигчнээр төгсөөд 1994-1996 он хүртэл мэргэжлээрээ Хүүхэлдэйн театрт ажиллахдаа “Леаполд муур” гэх орчуулгын жүжгийн нохойн гол дүрд би өөрөө тоглож, найруулж байлаа. Хүүхэлдэйн театр чинь залуу уран бүтээлчдийг их дэмждэг байсан.

Нийт хэчнээн уран бүтээлд дуу оруулсан байна вэ? Энэ хугацаанд...

Яг нарийн бол тооцож байгаагүй. Кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг минь  үнэлж төрөөс Алтангадас одонгоор шагнасан. Тухайн үед төрийн шагналд тодорхойлох уран бүтээлийн жагсаалтаа гаргахад 20 мянга орчим телевизийн бүтээлд дуу оруулсан байна лээ. Түүнээс бас хэд хэд нэмэгдсэн. Үндэсний ТВ, 25, ТВ9, Ийгл ТВ, Сансар кабелын тв гээд  тав зургаан телевизийн урын санд уран сайхны болон бусад орчуулгын кинонд дуу оруулсан байна.

Оюутан байхдаа телевизэд ажиллаж эхэлсэн гэлээ. Тухайн шилдэг нэвтрүүлэгчид, дуу оруулагчидтай хамт ажиллаж үзсэн азтай байж шүү?

1995 онд чинь “Халтар царайт” олон ангит кино шуугиулж байлаа. Тэр үеэс телевизэд дуу оруулалтын мэргэжлийн студи анхлан байгуулагдсан. Гаднаас мэргэжлийн жүжигчид ирж дуу оруулдаг болсон. Дууны найруулагч Гүндэгмаа ах нөгөө алдартай жүжигчдийг авчирч дуу оруулдаг байсан. Элбэгсайхан, Цэмпэлмаа, Нэргүйбаатар ах нар ирдэг. Ийм шат дамжлагаар явсаар өнөөдрийг хүржээ.

Орчуулагч, дуу оруулагч хүний хамгийн чухал зүйл нь мэдээж эх хэлний мэдлэг. Та бол хатуу шалгуур давсан биз?

Мэргэжлийн сургуульд сурдаг байхад телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч, тайзны жүжигчин бүгд төв халх хэлээр ярих ёстой гэж заадаг байлаа. Тэр битгий хэл нэг шүд нь дутуу хүний жүжигчнээр авдаггүй байлаа шүү дээ. Ярихдаа исгэрч хос эгшгийг хэлж чадахгүй гээд голдог байв. 32 шүд нь бүрэн байх ёстой. Уртаа багш заахдаа дуу оруулагч хүн нэгдүгээрт мэргэжлийн жүжигчин байх ёстой гэдэг байсан. Ер нь бол мэргэжлийн хүн л байх ёстой. Дуу оруулагч хүн бол бэлэн текстийг хүргэдэг гэж энгийнээр ойлгож болно. Кино орчуулагч нарт эх хэлний мэдлэг, шалгуурыг маш сайн хангадаг баймаар байна. Орчуулагч ямар байна түүнээс хамаарч тухайн кино муу л болно. Тэгэхээр тусгай бодлогоор энэ чиглэл дээр зориуд анхаарах цаг болсон шүү. Дурын гадаад хэлтэй хүн кино орчуулга хийдэггүй юм шүү гэдгийг эхлээд ойлгуулах нь чухал. Энэ чиглэлд мэргэшсэн, мэдрэмжтэй, хөрвүүлэх чадвартай хүн кино орчуулна шүү дээ. Ном орчуулдаг хүн кино орчуулахгүй шүү дээ. Нэг жишээ хэлье. Ном орчуулдаг ах өөрөө сонирхоод кино орчуулъя гээд ирсэн. Тэгэхээр нь алдарт “Мөлхөө жаал” гэдэг киноны зохиолыг өгөөд явуултал нөгөөхийг хоёр хоногийн дараа орчуулаад иржээ. Гэтэл нэрнээсээ эхлээд л гологдсон. Гарчгийг нь “Гадаа гарсан мөлхөө маамуу” гээд орчуулсан. Киноны хамгийн чухал нь орчуулга. Манайд бол Хасбаатарын Мэргэн гэж гайхалтай нэгэн байлаа шүү дээ. Орчуулга гэдэг бол тэс өөр зүйлийг маш ойлгомжтойгоор ярианы хэлэнд хөрвүүлэхийг л хэлээд байгаа юм.

Танаас Монгол хэлний талаар асуугаад байгаа гол шалтгаан нь “Боловсрол суваг” ТВ-ээс гаргаж байгаа “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлэгтэй холбоотойгоор үүсээд буй үгийн зөв бичлэг, дуудлагын талаар лавшруулж асуух гээд байгаа юм л даа...?

Их зөв асуулт байна. Би бас нэг тайлбар хийе гэж бодоод байсан юм. Сошиал сүлжээгээр миний зураг дүрстэйгээр үгийг буруу бичсэн гээд нэлээд тарсан. Энэ бол Нидерланд улсын алдартай нэвтрүүлэг. Боловсрол телевизээс надад санал тавьсан. Тэр дагуу нь би зохиолыг нь үзээд зөвшөөрсөн юм. Би бол шүүгч биш зарлагч хийх л үүрэг гүйцэтгэсэн. Үгийг зөв буруу байгаа эсэхийг тусгай программ ашиглан автоматаар шийдчихсэн юм билээ. Уг нэвтрүүлэгт ашигласан үгнүүдийг Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын зөвлөлөөс гаргасан Монгол хэлний журмалсан үгийн толиос эх авсан юм билээ. Би бол компьютерийн дэлгэц дээр гарч ирсэн ЗӨВ, БУРУУ гэсэн хариултыг л хэлэх үүрэг гүйцэтгэсэн. Тэрнээс бол би шүүгч хийгээгүй гэдгийг дахин хэлье.

Та бол энэ нэвтрүүлгийн бүтээгчдийн нэг. Кинонд дуу оруулахад ч тэр Монгол хэлээр л хөрвүүлдэг. Таны багадаа заалгаж сурсан хэлний дүрэм хэр өөрчлөгдсөн байна вэ?

Миний үед заалгаж байсан хэлний дүрэм, үг хэллэгүүд, бичвэрүүд зарим нь тэс өөр болсон байна лээ. Энэ төсөл бол хүүхдүүдэд өрсөлдөөн бий болгосон, камертай харьцаж сурсан, ярьж сурсан, мэдлэг нэмсэн, үр өгөөжтэй нэвтрүүлэг болсон шүү.

Баярлалаа....

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.19.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.