Эрдэнэтээс аргамжаатай “ЭРДЭНЭСҮҮД”
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-12-18

Хууль шүүхийн байгууллагууд ард түмний сэтгэхүйгээр наадаж байна. Тэд улсад их хэмжээний хохирол учруулсан томоохон хэргүүдийн талаар СҮРТЭЙ БАРИВЧИЛГАА хийхээс хэтэрсэнгүй. Тэгэсгээд намдаж улмаар замхран арилж байна... Гэм буруутай эсэх нь тогтоогддоггүй уддаг. Тэгж байгаад хэн нэгэн хүн хөнгөн ял аваад чимээгүй болж хаагддаг. Уг хэргийн ард шүүгч нар нь ХЭМЖЭЭГҮЙ ИХ БАЯЖААД үлддэг гэсэн яриа ч бий...  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хуучин шинэ улстөрчид нэр холбогддог.

Л.Оюун-Эрдэнэ сайдын оролцсон “Эрдэнэт”-ийн ХЭРЭГ

Хил дамнасан “Эрдэнэт”-ийн жил дамнасан хэрүүл хэмээх нийтлэлийг манай сайт өмнө нь хөндөж байв. Энэ нь тухайн үед ОХУ-ын мэдэлд байсан тус үйлдвэрийн 49 хувийг Монголын талд авч ирсэн асуудал. Түүнд төр болон хувийн хэвшил ямар оролцоотой байсан талаарх маргаан. Товчхондоо ОХУ-д байсан 49 хувийг төр авах гээд аргаа олоогүй. Түүнийг нь хувийн компани мөнгийг нь төлөөд аваад ирсэн. Дараа нь төр ДЭЭРЭМДЭЖ авсан л процесс гэж ойлгож болно.

Төрийн авч чадахгүй айгаад байсан 49 хувийн хувьцааг эх орондоо авч ирсэн “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн залуучуудыг ШОРОН ОРОНГООР айлгаж, дээрэмдэж авсан энэ асуудалд өнөөгийн эрх баригч МАН-ын зарим гишүүд шууд оролцоотой.  Тус үйлдвэрт “ОНЦГОЙ ДЭГЛЭМ” гэгчийг тогтоож, бүх зүйлийг нууцын горимд шилжүүлэн улмаар гартаа оруулж, 2020 оны УИХ-ын сонгуулийн зардлыг босгосон ч байж мэдэх юм. Энэ үйл ажиллагаанд гол дүрийг залуу жүжигчин Л.Оюун-Эрдэнэ чадварлаг бүтээсэн. 49 хувийн асуудал бол тусдаа хэрэг...

С.Баяр ба Эрдэнэт

            “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох  эрүүгийн хэргийг Монголын шүүх энэ өдрүүдэд  шүүж байна. Хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдаад байгаа юм. Тодруулбал, "Жаст"-ын Ш.Батхүү нь "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавин, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан, Олон Овооттой  холбоотой зээлийн төлбөрийн луйвар болон уг луйварт Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн  болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл",  “Олон овоот"  ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүгдэж байна.

Ц.Нямдорж ба Эрдэнэт үйлдвэр...

УИХ-ын гишүүн асан  С.Эрдэнэ “УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрт 2,5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн” хэмээн мэдээлж байсан. Энэ асуудлын хариуд Ц.Нямдорж “Би хоёрхон хүүхэдтэй хүн. Миний хоёр хүүхэд элдэв муу юманд оролцдоггүй юм. Би хоёр хүүхдээрээ бахархдаг. “Миний хүү 2004, 2006  онд "Эрдэнэт"-тэй гэрээ хийсэн юм билээ. Ном журмын дагуу тэр ажлуудаа хийгээд больсон.  Нууж хаагаад байх юм алга. Тухайн үед би "Эрдэнэт" рүү гэрээ хийхээр хүүхдээ явахад нь таньдаг хүнээсээ "Хууль номын дагуу хийгээд өгөөч" гэж гуйсан юм. Хүүхэд нь юм хийх гэж байхад хэн ч гэсэн таньдаг хүндээ хэлдэг шүү дээ. Нэг удаагийх нь гэрээ нь 300 сая төгрөг хүрэхгүй юм билээ.

Харин түүний хүү Н.Анхбаяр “Би дипломат албанд 2006 оноос хойш 10 гаруй жил ажиллаж байна. Төрийн алба болон төрийн албаны хуулиар шаардлага хангаад ажиллаж байгаа хүн. Аавын нөлөө байхгүй. Олон жилийн өмнөх явдал. Зөндөө ярьсан. Гэхдээ одоо бодоход ёс зүйгүй үйлдэл гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Би тийм олон удаа хийгээгүй ээ. 2-3 удаа л хийсэн. Тухайн үед би төрийн албанд байгаагүй. Хөдөлгүүр нийлүүлсэн. Хэвлэл дээр гараад байгаа шиг өндөр үнийн дүнтэй биш, хоёр удаагийн нийлүүлэлтээр 400 гаруй мянган ам.долларын худалдан авах ажиллагаа байсан.

Ц.Элбэгдорж Эрдэнэттэй хэрхэн холбоотой вэ...

Эрдэнэт” үйлдвэр болон “МонРосцветмет” нэгтгэлийн Оросын талын 49 хувийг Монгол улсад авч ирсэн гэх үйлдэлд түүнийг буруутгаж яллаж байгаа тухай тэрбээр нэгэн нийтлэлдээ дурджээ. Би уг үйл ажиллагааг хэзээ ч буруу зүйл гэж үзэж байгаагүй. Одоо ч уг хувийг Монгол улсад оруулж ирсэн нь шүүхээр шүүгдэх биш, нийтээр алга ташиж баяр хүргэх ёстой үйл ажиллагаа гэдэгт эргэлздэггүй.Харь орны эзэмшилд байсан Монгол улсын баялаг, газар шороо, үйлдвэр уурхайн хувь Монголдоо ирсэн. Улс төр, атаархал мөчөөрхөл, олны хардлага сэрдлэг байгаа бол шалгаж нягтлах нь зөв. Хэрэв буруу зөрүү, солиу гажуу зүйл байвал засаж залруулж Монгол улсын нийтлэг эрх ашиг, хууль журамд нийцүүлэх бол хийгдэх ёстой ажил. Хийгдээд ч явж байгаа.Хөрөнгийн тухайд: Хавтас хэрэгт шинжээчдийн гэх дүгнэлтээр зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ыг эзэмшилд байсан хувийг 9.609.022.917.440.00 буюу сийрүүлбэл есөн их наяд, зургаан зуун есөн тэрбум, хорин хоёр сая, есөн зуун арван долоон мянга, дөрвөн зуун дөчин төгрөг гэж үнэлсэн байсан. Дээр нь “Монголросцветмет” нэгтгэлд хамаарах үйлдвэр уурхай, эзэмшдэг байсан тусгай зөвшөөрлийн зах зээлийн үнэ үнэлгээг нэмэх. Лав Эрдэнэтийн 49 хувийн талаас дутахгүй, цаашид эдийн засгийн эргэлт, ашиглалтад ороход ямар үнэлгээтэй болохыг зөвхөн эрэлт хэрэгцээ, тухайн үеийн үнэ ханш мэдэх асуудал. Монгол улсад шилжиж ирсэн хөрөнгөний хувьд ийм юм.Хохирогч, нэхэмжлэгчийн тухайд: Дээрх хөрөнгө, баялаг ОХУ-аас Монгол улсын мэдэлд ирснээр хэн нэг хүн, байгууллага, аль нэг субьект тэр дотроо Монгол улсад “би” гэж нэхэмжлэх хохирогч байхгүй. Ямар ч хохирогчгүй хэлцэл гэсэн үг. Уг хувийг авч ирэхэд шаардагдсан төлбөр тооцоо нь гэрээ хэлцлийнхээ дагуу хийгдээд цэгцэрч байгааг хавтаст хэргээс харж болно.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.150.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.