М.Батбаяр: Хүүхдэд зориулсан хандиваас ХУВЬДАА ЗАВШИХ эрх, зүрх  БИДЭНД байхгүй
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-01-08

Шинэ оны өмнөхөн байгуулагдаж, Засгийн газраас дэмжлэг авч, олон нийтийн хандиваар хөрөнгөө бүрдүүлсэн “Хүүхдийн төлөө фонд”-ыг тойрсон асуудал олны анхаарлыг татаж буй. Төрийн бус байгууллагыг арванхоёрдугаар сарын дундуур үүсгэн байгуулж, ТУЗ-ын даргаар нь Соёлын дэд сайд М.Батбаяр, гүйцэтгэх захирлаар нь жүжигчин Г.Ундармаа нар ажиллаж байгаа. Гэвч ҮАБЗ-ийн гишүүдийн дэмжсэн уг фондыг хууль зөрчсөн хэмээн нэр бүхий хуульч гишүүд үзээд буй. Тэрчлэн хүүхдийн нэр барьж МӨНГӨ УГААХ ГЭЛЭЭ хэмээн олон нийтийн сүлжээнд шүүмжилж байгаа. Соёлын дэд сайд М.Батбаяртай уулзаж зарим эргэлзээтэй асуултад хариулт авлаа.

-“Хүүхдийн төлөө фонд”-ыг дахин сэргээсэнд талархаж байгаа хүн олон. Багачууд хүртэл гацуур дээрх мөнгөнөөсөө фондод хандивласан. Магадгүй шинэ жилийн хамгийн том бэлэг нь энэ байсан болов уу?

-Соёлын яам 24 жилийн дараа дахин байгуулагдаж улсынхаа соёл, урлагийн салбарыг бүхэлд нь хариуцан ажиллаж байна. Соёл урлаг гэдэг бол улс үндэстнийг бүхэлд нь нэгтгэдэг том салбар. Энэ хүрээнд бид хүүхдийн соёлын орон зайг нөхөх, хүүхдэд зориулсан барилга байгууламжуудыг шинээр барих гэсэн зорилготой ажиллаж байгаа. Энэ зорилгоо хэрэгжүүлэх нэг хэлбэр нь “Хүүхдийн төлөө фонд”. Үүнийг Засгийн газар, Монголын ард түмэн дэмжсэнд баяртай байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн номын ордон, Хүүхэлдэйн театр зэргийг барьж байгуулна гээд тусгачихсан. Өмнө нь байсан зүйлээ бид өнгөрсөн 30 жилд устгачихсан шүү дээ. Тийм учраас шинээр сэргээхээр зорьж байгаа нь энэ. Манай урлаг соёлынхон чин сэтгэлээрээ дэмжлээ. Ээж аавууд бүгд дэмжсэнд баяртай байна.

-Сайны хажуугаар саар гэгчээр та нарын эхлүүлж байгаа энэ ажлыг шүүмжлэгчид цөөнгүй. Ялангуяа нэр бүхий хуульч, УИХ-ын гишүүн хүртэл “МӨНГӨ УГААЖ БАЙНА”, өөр яамны ажлыг Соёлын яам булааж авлаа, Засгийн газар Соёлын сайд, дэд сайд хоёрт хариуцлага хүлээлгэх ёстой гэх зэрэг мэдэгдэл хийсэн. Та ямар хариу хэлэх бол?

-Хүүхдийн хөгжлийн тухай асуудлыг хэн нэг нь өмчлөх ёсгүй. Энэ бол улс орны ирээдүй, үндэстний оршин тогтнохын суурь. Хүүхэд бол монгол төрийн бодлогын нэг салаа мөчир нь гэж үзэж байгаа. “Хүүхдийн төлөө сан байгуулъя” гэж сар гаруйн өмнөөс ярилцсан. Санаа баяжиж явсаар хуучин фондоо сэргээлээ. Өмнө нь ч бас тайлбар хийж байсан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа Хүүхдийн төлөө фондыг цугласан хандивтай нь Засгийн газрын харьяанд шилжүүлнэ. Ингэснээр сан албан ёсоор төрийн мэдэлд очно. Нэг зүйлийг зориуд тодотгож хэлье. Юун мөнгө угаах вэ. Энэ фондын мөнгөнөөс нэг ч төгрөг дутаалгүй Засгийн газарт шилжүүлнэ. Нэг хонь, мянган төгрөгөө хандивласан Ховдын Булганы, Сүхбаатарын Дарьгангын гээд бүх иргэн үүнийг чинь хянана. Олны сэтгэл шингэсэн хандиваас нэг ч төгрөг дутаахгүй. Хүүхдийнхээ мөнгөнөөс хумсалдаг аав, ээж гэж байхгүй. Би ч гэсэн хайрлах үрстэй аав хүн. Тиймдээ ч ирээдүй хойчийнхоо төлөө ийм хариуцлагыг үүрч байгаа. Аливаад шүүмжлэлт сэтгэхүйгээр хяналттай хандахыг хүлээн зөвшөөрдөг ч хүүхдэд зориулж байгаа ажилд ийм хэрэггүй хэл ам шингээж, хардаж, үгүйсгэх хэрэггүй ээ.

-Энэ санд цугларсан мөнгөөр Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр байгуулна гэлээ. Яг хэзээнээс барилгын ажил эхлэх вэ. Сүржин зарлачихаад таг болдог төсөл хөтөлбөр олон...

-“Монгол хүүхэд-Монгол соёл” хандивын тоглолтын үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар Хүүхдэд зориулсан цогцолбор барих 1.1 га газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн. Энэ хавар барилгын ажил эхэлнэ. Тасганы овоон дээр баригдах цогцолборын загвар зураг ч гарчихсан байна. Бид бүтээн байгуулалтаа шуурхайлан эхлүүлнэ.

-Та уг сангийн ТУЗ-ийн дарга. Засгийн газрын тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа Хүүхдийн төлөө фондыг шилжүүлчихвэл таныг ч хардаж, сэрдэхгүй, санаа амар болох нь ээ дээ.

Би эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзнэ. Ямар ч гэсэн Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбороо барьж байгуулахад хүчин зүтгэнэ. Шаардлагатай хөрөнгө мөнгийг нь бий болгохын төлөө ажиллана. Энэ бол 30 жил хийгдээгүй том ажил. Загвар зураг, төслийн ажлыг нь манай яамнаас хийж байна.

-Засгийн газрын 10 тэрбум, “Монгол хүүхэд-Монгол соёл” тоглолтын үеэр цугласан хоёр тэрбум гаруй төгрөгөөр цогцолбороо барьж хүрэх үү?

-Дөнгөж тал хувь нь бүрдэж байна. Нийтдээ энэ хоёр барилгыг бүтээн байгуулж, орчны тохижилт хийхэд багадаа 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ хоёр барилга 20000 м2 талбайтай, нэг нь зургаан давхар, нөгөө нь дөрвөн давхар, олон улсын стандартад нийцсэн зориулалтын барилга юм шүү дээ.

-Одоо л Монголын төр мартагдсан соёлын салбараа эргэн харж эхэлж байна. Хүүхдийн соёлын орон зайг олж харсан нь сайн хэрэг. Тэгвэл томчуудад ямар бүтээн байгуулалт зориулах бол?

-Манай яам үндсэн гурван чиглэлээр бодлогоо тодорхойлон ажиллаж байгаа. Нэгдүгээрт, хүн ардаа соён гэгээрүүлэх. Энэ бол алсыг харсан, далайцтай бодлого. Ирээдүйгээ бэлтгэхээс эхлээд зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн өргөн хүрээний ажил. Хоёрдугаарт, урлаг уран бүтээлийн бодлого. Үндэсний болон сонгодог урлагаа хөгжүүлж, бүс нутгийн болон дэлхийн хэмжээний тайзнаа гаргах зорилготой.  Гуравдугаарт, соёлын өвийг хамгаалах, судлах, хөгжүүлэх, оюуны хууль бус хулгайтай оройлон тэмцэх гэсэн гол чиглэлүүдийг эрхэм болгоно. Ингэснээр бүх нийтийг хамарсан соёлын шинэ давалгааг бүрдүүлнэ л үзэж байгаа.

-Соёлын өвийг судлах, хамгаалах бол зайлшгүй ажил. Харин хууль бус хулгайтай яг яаж тэмцэх гэж байна. Яг үнэндээ бол энэ чинь “толгойны өвчин” болчихсон... Хянаад, шалгаад ч дийлэхгүй байгаа шүү дээ?

-Хяналт шалгалт хийж байгаа ч үр дүнд сайн хүрэхгүй л байна. Бидний зүгээс гурван чиглэлийн бодлогоор хууль бус хулгайтай тэмцэнэ. Нэгдүгээрт, Экологийн цагдаагийн албаны дэргэд “Соёлын цагдаагийн нэгж” байгуулна. Ингэснээр хууль, хяналтын чиглэлээр ажиллах юм. Хоёрдугаарт, “Цахим соёл” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр өнөөдөр ил байгаа олдвор, эд өлгийн зүйлс бүгд бүртгэлтэй болно. 330 сумын музейд байгаа бүх үзмэр бүртгэлтэй болно. Гуравдугаарт, музейг шинэ түвшинд гаргаж хөгжүүлэх болно. Соёлын өвийн үндэсний төв шинэ барилгатай болсон. Удахгүй Улсын комисс хүлээн авч, нээх юм.  8000 гаруй м2 талбайтай том барилга ашиглалтад орсноор соёлын өвийн сэргээн засварлалтад маш том ахиц гарна. Сан хөмрөгөө судалж, эргэлтэд оруулж, хамгаалж, танилцуулах боломж ч өргөн болох юм.   

-Соёлын яам, засаг төрөөс ийм бодлого авч хэрэгжүүлдэг юм байж... Гэвч ардын дуу, уртын дуу сонсохоос төвөгшөөдөг, соёлоо үгүйсгэдэг, техник, технологи л сонирхдог хэсгийг нь яаж соён гэгээрүүлэх юм бэ?

-Яг л наад хандлагыг чинь өөрчлөх гээд байгаа юм. Таниулж ухааруулах нь чухал. Зөвхөн гар утсаараа сошиал хуудсуудаа шалгаад суух уу, эсвэл хязгааргүй орон зайг ашиглан музей, галерейд зочилж, мэдлэг оюунаа тэлэх үү. Энэ сонголтыг нь бодит болон виртуал байдлаар шийдчихвэл хөгжих боломжоос иргэд маань татгалзахгүй л болов уу. Өнөөдөр хүүхдүүд утсаа “маажаад” л сууж байгаа нь харамсалтай боловч үнэн. Тэднийг театр, музейд зочилдог, үүх түүхээ таньж мэддэг болгохын тулд багаас нь дадал суулгаж, сэтгэлийг нь татаж, урлагийн боловсрол олгох хэрэгтэй. Цэнгээний газраас өөр сонголтгүй болсон залуусдаа дэлхийн театрыг дэргэд нь авчрах бүтээн байгуулалтыг зориулна. Бахархах түүх, өвлүүлэх соёл бидэнд бий. Харин түгээн таниулахад орчин үеийн музей дутагддаг. Олон улсын үзэсгэлэн авчраад гаргах галерей ч алга. Тэгэхээр эхлээд энэ бүхнийг нь байгуулчихвал дэлхийд алдартай үзмэрүүд манай улсад дэлгэгдэхэд иргэд үзэхийг хүсэх л болно. Басхүү соёлын өв, дурсгалаа түшиглэн бүсчилсэн хөгжлийн тухай ч төлөвлөөд ажиллаж байна. Үндэсний археологи, угсаатны музей, лаборатори,  Чингис хаан хаад язгууртны музей, Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын хөндийн соёлын биет болон биет бус өвийг түшиглэн байгуулах Төв азийн түүх соёлын голомт цогцолбор, Хөвсгөл нуурын эрэгт байгуулагдах музей болон тун удахгүй ашиглалтад орох Өмнөговь аймгийн Үлэг гүрвэлийн музей зэрэг бүтээн байгуулалтаар дамжуулж соёлын бүсчилсэн хөгжлийг дэмжих, олон улсын стандартад нийцсэн музей, галерейтай болох аялагчдад үзүүлэх зүйлтэй болох гэсэн олон бодитой төлөвлөгөөнд тулгуурлан хөгжлийн бодлогоо зангидан ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.108.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.