Хотын төвөөс улбаалсан ХОГ дээр ургасан "ЦЭЦЭГ"
Нийтлэл
/
2021-01-13

Цасан шамрага тавьсан өглөө эрт Улаан чулуутын хогын цэгийг зорилоо. Хөл хорионоос үүдэн их хотын амьдрал нам гүм, уйтгартай. Хүнгүй шахам гудамжыг амь оруулж байгаа ганц зүйл бол ТҮК-ийнхэн. Байгалийн гамшиг, онцгой нөхцөл байдалын аль аль нь тэдэнд үл нөлөөлнө. Хэн нэгэн эрхэмд шалгуулахаар бэлдэж буй мэт их л нямбай цэвэрлэж харагдана. Эдгээр хүмүүсийн тухай уртаас урт бодолд дарагдсаар цэмцгэр төвөөс, элэгдэж хуучирсан замын энхэл, донхолд сэгсчүүлэн хотын захад ирлээ.

Их хотын хаа нэгтээ нуугдсан хүмүүс бүгд энд л буй мэт олон хүн харагдана. Бүгд л өөрийн зорилготой мэт хэн хэндээ үл саад болон чимээгүй “ажлаа хийнэ”. Халдвар хамгаалалын дэглэм, онцгой нөхцөл, хатуу хөл хорио УЛААН ЧУЛУУТЫНХАНД огтхон ч алга. Тэр талаар мэдээлэлтэй байгаа эсэх нь ч эргэлзээтэй. Мэдээлэл авсан хэдий ч амь зуулгаа олохын тулд амь насаа эрсдэлд оруулж энэ газраас өнгөтэй өөдтэйг олох гэж энэ олон хүн цугласан биз. Бичлэгийн камер, микрофон барьсан сурвалжлагч нараас бүгд дөлнө. Нүүрээ нууна. Аргагүй дээ ингэж олон хүн цугласан байгааг олж харсан УОК гэнэт ажлын үүргээ ухамсарлан тэднийг хоморголон хорьж, тусгаарлаж мэдэх учир гэртээ хоногийн хоолоо хүлээж буй эхнэр, хүүхдүүддээ заавал очих ёстой энэ олон иргэд бидэнд дурамчхан байгаа нь илт.

Дөлсөн олны дундаас нэг жаахан охин зорин аяархан дөхөж ирлээ. Найм, ес орчим насны гандсан шар куртиктэй, халтартсан цагаан малгай, нүцгэн улаан гараа кармаандаа хийчихсэн ер бусын цайлган нүдтэй охин энэ олон томчуудын дундаас надтай тоож ярьсан ганц хүн.

- СУР: Миний дүү энд хэзээ ирсэн бэ. Байнга ирдэг юм уу?

- О: Би энд ээжтэйгээ ирсэн. Ойрд байнга л ирж байна. Гэр ойрхон болохоор энд өдөржин байдаг юм аа.

- СУР: Миний дүү даарч байна уу. Бээлий байхгүй юм уу?

- О: Үгүй үгүй

- СУР: ...?

- О: Түрүүн ээжтэй харьж, хоёр дүүгээ эргэнгээ талх, цай уучихаад ирсэн. Өлсөөгүй ээ.

- СУР: Миний дүү сургуульд суудаг уу?

- Сурдаггүй ээ. Гэхдээ үсэг, тоогоо мэднэ.

- Ёстой мундаг миний дүү. Биднийг ийн ярилцаж байхад түүний ээж угз татан яаран явлаа. Энэ бяцхан зүрх амьдралыг ингэж эрт таних гэж...

Улс орон хямралтай байгаа энэ цаг үед эдгээр хүмүүст хэн санаа тавьж, хэн анхаардаг вэ. Энд хүмүүс хэрхэн амьдардаг талаар хэн нэгэн сонирхдог болов уу. Хэдэн төрийн бус байгууллага, сайхан сэтгэлт хувь хүмүүс идэх хоолноосоо илүүчлэх юм. Өөрөөр эдгээр хүмүүсийг зорин ирэх эрхэм төрийн түшээд алга. Ийшээ ирэх замыг нь ч мэдэхгүй байх. Цар тахалаас үүдэн хөл хорио тогтоож иргэдийнхээ амьжиргааг алдагдуулсан төрийн хийх жинхэнэ ажил энд буй мэт...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.139.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.