Л.Оюун-Эрдэнэ: Би 30 насандаа Бэрх сумын ЗДТГ-т ЖИЖҮҮР хийж байлаа
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-01-23

Сумын ЗДТГ-ын жижүүрээс МУ-ын 32 дахь Ерөнхий сайд болтлоо дэвшиж чадсан түүний ярилцлагаас хүргэе. 

-Г.Галбадрах: Хаана төрж, хэрхэн өсөв дөө?

-Л. Оюун-Эрдэнэ: Би Улаанбаатар хотод төрсөн ч, Хэнтий аймгийн Бэрх гэдэг жижигхэн уурхайн тосгонд өссөн. Намайг бүр бага байхад аав ээж хоёр маань салж, өвөө минь намайг өргөж авснаар би үндсэндээ өвөөгийн хүү болж өсөв. Өвөөгөөрөө овоглодог маань ч үүнтэй холбоотой юм. Хөдөөний хүүхэд яаж өсдөг билээ? Яг л тийм амьдрал туулсан. Өвөөтэйгөө амьдардаг байсан болохоор хоол хийх, хувцас угаах, түлээ хагалах, ногоо тарихаас эхлээд ажил их. Өвөө бид хоёр чинь хамтдаа дүнзэн байшин хүртэл барьж байлаа. Одоо Бэрхэд очих болгондоо би тэр байшингаа харах сайхан л байдаг юм. Өвөө маань лам хүн байв. Би 5 нас хүртлээ хэлд ороогүй учир, зарим хүмүүс намайг тусгай сургуульд оруулахыг хүртэл зөвлөдөг байсан гэдэг. Харин өвөө маань шантралгүй их ч олон газар очиж, олон хүнтэй уулзсан гэдэг юм. Чамайг хэл оруулсан газар бол нутгийн чинь Аваргатосоны рашаан шүү гэж хожим нь хэлж байсан. Ер нь миний амьдралын хамгийн чухал хүн бол өвөө маань байв.

-Г.Галбадрах: Дунд сургуулиа Бэрхэд дүүргэсэн үү? Ямар сурагч байв?

-Л.Оюун-Эрдэнэ: Тэгсэн. Би багаасаа л нийгмийн идэвхитэй хүүхэд байсан. Сумаас урлаг, спорт гээд нийлээд 10 гаруй төрлөөр сурагчид аймгийн төв рүү явна. Би бүжгээс бусад бүх төрөлд нь явдаг байсан. Монгол хэлний олимпиад, шатар, даам, волейбол, сагс, бөх, за тэгээд дуу дуулж, лимбэ хүртэл тоглоно. Манай өвөө намайг “Жаран мэргэжилт Жамсран гэдэг шиг хичээлээ ч хийхгүй юм болгонд үсчиж явах юм” гэж шоолдог байж билээ. \инээв\

-Г.Галбадрах: Тийм идэвхтэй хүүхдүүдийг багш нар их дэмждэг байсан даа. Харин хичээлдээ хэр байв?

-Л.Оюун-Эрдэнэ: Багш нар маань надад их сайн байсан. Их олон юманд оролцож байнга хичээлээсээ чөлөөлөгддөг байсан болохоор математикийн талын хичээлдээ тийм ч сайн биш харин нийгмийн ухааны хичээлүүдэд сайн байсан.

-Г.Галбадрах: Уучлаарай. “Hero entertainment”-ийн Б.Баатар найруулагч та хоёр төрсөн ах дүүс гэсэн үү?

-Л.Оюун-Эрдэнэ: Тиймээ. Б.Баатар бид хоёр ах дүүс. “Дэлхийн Зөн”-д ажиллаж байхдаа нэг клип хийлгэх гээд Б. Баатартай уулзаж байв. Харахад нэг л төстэй нөхөр өөдөөс адилхан стильтэй юм яриад байх сонин л санагдаж байсан. Гэхдээ тухайн үед мэдээгүй л дээ. Бүр хожим өвөө маань тэнгэрт халихийн өмнөхөн Б.Баатар бид 2 ах дүүгээ мэдэлцэж байсан юм. Бид хоёр харахад төстэй ч ажил мэргэжил, дотоод ертөнцийн хувьд нилээдгүй өөр хүмүүс. Тиймээс ч тэр үү бие биендээ их дэмтэй байдаг. Ах маань удам залгасан урлагийн хүн. Надад авъяас бол байхгүй. Би зүгээр л урлагийг бага сага мэдэрдэг хүн (инээв) Гурав.

ЗОХИОЛЧ Д.БАТБАЯР БАГШИЙН ХАМГИЙН МУУ ШАВЬ НЬ БИ БАЙХ

-Г.Галбадрах: 10-р ангиа төгсөөд ямар сургуульд элссэн юм бэ?

-Л.Оюун-Эрдэнэ: Би багаасаа л сэтгүүлч болохыг хүсдэг байлаа. 10-р ангиа төгсөөд МУИС-ийн сэтгүүл зүйн ангид өрсөлдөв. Тэр үед чинь аймгийн хэмжээнд нэг л хуваарь ирнэ. Өрсөлдөөн нилээд чанга. Мэргэжил дээрээ гайгүй оноо авсан ч, орос хэл дээрээ бардаггүй ээ. Манай орос сургуулийн хүүхдүүд чинь унаган орос хэлтэй нөхдүүд. Ингээд 3-т жагсдаг юм байна. Тэр нь УБИС-ийн “Спортын сэтгүүл зүй” ангийн хуваарь. Гэхдээ “Спортын сэтгүүлч болно” гэсэн чинь санаанд нэг л буудаггүй ээ.

-Г.Галбадрах: Тэгээд ямар сонголт хийв дээ?

-Л.Оюун-Эрдэнэ: Миний багаасаа их хүндэлдэг хүн Дарма Батбаяр багш байсан. “Хайрыг Хайрла”,” Цахилж яваа гөрөөс” гээд олон ч зохиолыг нь амтархан уншдаг байлаа. Д.Батбаяр багшийг хотод сургуульд багшилдаг гэж нутгийнхаа нэг эгчээс сонслоо. Ингээд Д.Батбаяр зохиолчтой очиж уулзлаа. Тэрээр “Бэрс” гээд хувийн жижигхэн сургуульд багшилдаг байсан юм. Д.Батбаяр багштай нэлээд ярилцсаны эцэст энэ сургуулийг сонгосон. Одоо бодоход, энэ нь миний хувьд хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан.

– Г.Галбадрах: Д.Батбаяр зохиолчийн бүтээлүүдийг уншиж байсан. Хүний дотоод сэтгэл рүү өнгийж, их ч сайн бүтээлүүд туурвидаг. Сайн багшаас нэлээдгүй ч зүйл олж авсан байх?

-Л.Оюун-Эрдэнэ: Багш маань өөрөө Горькийн бүтээгдэхүүн, бас дорнын философитой хүн. Тиймээс түүний утга зохиол, гүн ухааны урлан өвөрмөц арга барилтай байсан юм. Гурвалжин гэдэг сэдвээр гурван сар эссэ бичиж, урсаж буй уснаас утга зохиол олж харж сурах гэж нэлээдгүй юм болж байв. Толстойн “Анна Каренина”, Булгаковын “Мастер Маргарита 2”, Маркесийн “100 жилийн ганцаардал” гээд 150 гаруй дэлхийн сод бүтээлүүд дээр задаргаа хийж, Японы хайку буюу бодролын 3 мөрт шүлэг, ялангуяа Басё-ийн бүтээлүүд, Оросын мөнгөн үеийн яруу найрагчдын бүтээлүүд дээр их ажилладаг байж. Одоо эргээд бодоход, тэр бүхэн нь миний үзэл бодолд нэлээдгүй том суурь тавьж, хэлбэр агуулгын олон зүйлийг ойлгож авахад тусалсан гэж боддог юм. “Наана нь байгаа тамхины утааг үлээгээд, цаана нь байгаа зүйлийг олж хар” гэдэг шиг. (инээв)

 

-Г.Галбадрах: Энэ бол миний харж байгаагаар маш чухал зүйл байна. Тийм задаргаа хийлгэдэг багш ховор байх шүү?

-Л.Оюун-Эрдэнэ: Д.Батбаяр багш бол энэ цаг үеийн цөөхөн сод сэтгэгчдийн нэг шүү дээ. Би бол багшийнхаа хамгийн тааруу шавь нь л даа. “Миний шавь нараас Оюун-Эрдэнэ ном гаргаагүй, бодвол миний заасан зүйл багадсан байх” гэж байнга ёжилдог юм. Намайг улс төр гээд явсанд багш маань ил хэлдэггүй ч дурамжхан байгааг нь мэдэрдэг. Миний бичсэн “Алсын хараа” номыг бол ном ч гэж үзэхгүй л дээ цаадах чинь. \инээв\

-Г.Галбадрах: Нээрээ “Алсын хараа” гэдэг номынхоо тухай жаахан яриач, хүмүүсээс энэ номын талаар сонсож байсан.

-Л.Оюун-Эрдэнэ: Би ер нь өдрийн тэмдэглэл бичих дуртай л даа. Одоо залхуураад хагас сайн өдөр бүхэн нэгтгэл хийдэг юм. Өдрийн тэмдэглэл бичих нь, аливааг системтэй харах, өөрөөсөө төөрчихгүй байхад чухлаар нөлөөлдөг гэж боддог. Та тэрийг юу эс андах билээ. Өдрийн тэмдэглэл дээрээ тулгуурлаад 25 насныхаа төрсөн өдөрт зориулж тэр номыг бичсэн юм. Анх бичихдээ хүмүүст тийм их хүрнэ гэж бодоогүй л дээ. Мэдээж одоо харахад алдаа дутагдал олон л байдаг. Гэхдээ тэр 25 настай Л. Оюун-Эрдэнийн бодол, үзэл санааны илэрхийлэл учраас дахин хэвлэлтэд оруулахдаа юуг нь ч өөрчлөөгүй ээ.

-Г.Галбадрах: Өөрөө хүмүүнлэгийн байгууллагын менежмент, бас эрхзүй, улс төр судлалаар сурсан юм байна. Энэ талаар?

-Л.Оюун-Эрдэнэ: Боловсрол бол өөрийгөө таньж нээх насан туршийн судалгаа гэж боддог. Мэдээлэл ихсэх тусам харьцуулах зүйлс их болж, өөрийгөө илүү таньж, юуг хийх ба хийхгүй байх ёстойгоо хүн ойлгодог. Миний хувьд нийгмийн ухааны салбарыг ойлгох гэж их олон талаас нь оролдож яваа хүн. Нийгмийн ухааныг олон хүчин зүйлээс нэгтгэн дүгнэдэг нь эрхзүйн салбар, харин нэг хүчин зүйлийг олонлог болгож задалдаг нь улс төрийн шинжлэх ухаан гэж ойлгодог болохоор зайлшгүй харьцуулах хэрэгцээ байсан л даа. Одоо төрийн удирдлагаар сурч байгаа нь ч бас л үүнтэй хамааралтай. Хүмүүнлэгийн байгууллагын менежментийн чиглэлээр суралцсан нь миний ажилтай холбоотой байсан.

Дөрөв. ХҮН БҮХЭН ХОТ РУУ ТЭМҮҮЛЖ БАЙХАД, БИ ХӨДӨӨГ СОНГОСОН.

-Г.Галбадрах: Нээрээ сургуулиа төгсөөд яагаад хөдөө очиж ажилласан юм бэ?

Сонирхолтой санагдсан шүү. -Л.Оюун-Эрдэнэ: Би 19 настайдаа Үндэсний телевизийн “Чандмань” студид хэд хэдэн нэвтрүүлгийн багт ажилдаг байв. Телевизэд үлдэж ажиллах боломж байсан ч, сумандаа ажиллахаар шийдсэн юм. 2000 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар миний танил ах Бэрх хотын захирагчаар сонгогдлоо. Уурхайн инженер байсан Лхагва ах бид хоёр их олон арга хэмжээг хамтран зохион байгуулдаг байсан, сумандаа л шүү дээ. (инээв) Лхагва дарга нэг өдөр хотод ирж уулзаад “Чи Бэрхэд Тамгын Газрын даргаар ирж ажиллаач” гэдэг саналыг тавьсан юм. Тэр үед би 21 настай байж. Нэлээд бодож, гэрийнхэнтэйгээ зөвлөлөө. “Дэмий” л гэж байна. Гэхдээ “яагаад нутагтаа ажиллаж болохгүй гэж?” хэмээн бодоод гэрийнхнээсээ зөрөн, нэг өдөр л Бэрхдээ Тамгын газрын даргаар хүрээд ирсэн дээ.

-Г.Галбадрах: Өөрөө ер нь нэлээд зөрүүд юмаа даа. Зоримог шийдвэр байна. Хүмүүс янз бүрээр л хүлээж авсан байх?

-Л.Оюун-Эрдэнэ: Зөрүүд ч юу байхав. “Өөрийн бодол өөртөө зөв” гэдэг үг байдаг шүү дээ. Мэдээж энэ шийдвэрт хүмүүс тэр болгон дуртай байгаагүй л дээ. МҮОНТВ-д хөтлөгч хийж байсан хүн чинь гэнэт сумын тамгын газарт ирж ажиллана гэхээр тэгсэн биз. За тэгээд л ажиллаж эхэллээ. Золбин нохойтой тэмцэхээс эхлээд цэрэг татлага, гал ус, үер, зуд гээд оролцохгүй ажил байхгүй. Хөдөө чинь ер нь хүнд шүү дээ. Цас их унаад зам хаагдвал хүрз бариад явна, хүмүүс архи уугаад зодолдвол очиж учрыг нь олж эвлэрүүлнэ. Ёстой л залуу ч байж, зоригтой ч байж дээ.

-Г.Галбадрах: Тэгээд сумын Тамгын газрын дарга, яаж яваад Олон улсын байгууллага уруу орчихсон юм бэ?

-Л.Оюун-Эрдэнэ: Бас л сонин түүх. Тэр үед манай улсын хувьд амаргүй цаг хугацаа байсан. Төрийн байгууллагуудын төсөв хүрдэггүй, иргэдийн амьдрал хүнд хэцүү байсан үе. Тийм ч учраас олон улсын байгууллагын төсөл гэдэг үг “хит” болж байсан. Бүх л төрийн байгууллагууд ялангуяа сумын засаг захиргаа төсөл олж ирнэ гээд л явдаг байж. “НҮБ”, “Дэлхийн банк”, “Азийн Хөгжлийн банк”, “Жайка” “Дэлхийн зөн”, “Швейцарийн Хөгжлийн Агентлаг” гээд олон төслүүд тэр үед Монгол улсын ачаанаас үүрэлцэж байсан цаг. Бэрх тосгондоо эдгээр төслүүдээс олж авах санаатай сургуулийн захирал, эмнэлгийн дарга нараа дагуулаад Улаанбаатар хотод ирэн, нилээд хэдэн төслийн байгууллагуудаар орлоо. Зарим нь дэмжихээ илэрхийлж байна, зарим нь ч “боломжгүй” гэдгээ тайлбарлалаа.

 

-Г.Галбадрах: Тухайн үеийн эдийн засгийн хүнд байдлыг гадаадын олон төслийн байгууллагууд хамт үүрэлцсэн нь үнэн шүү.

-Л.Оюун-Эрдэнэ: Гадаадад байгаа Монголчууд ч бас чамлахааргүй тус хүргэсэн гэж боддог юм шүү. Нийгмийн шилжилтийг хийхэд олон л хүчин зүйлс нөлөөлж байсан. Тэр үед уулзсан нэг байгууллага нь “Дэлхийн зөн ОУБ” байв. Суурин төлөөлөгч Воррен гээд хүнтэй уулзлаа. Миний яриаг нилээд сонсоод, “Чи хэдэн настай вэ?” гэж надаас асуулаа. “Би 21 настай” гэж хариулав. Дараа нь Воррен “Бид Хэнтий аймагт 15 жилийн хугацаатай томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Тэр төсөлдөө орон нутгаас хүмүүс авч ажиллуулахаар судлаж байна. Хоёулаа нэг нөхцөл дээр тохиръё. Бид энэ төсөлдөө Бэрхийг хамруулъя, харин чи манай байгууллагад ажиллаж, энэ төслийг хэрэгжүүлэхэд оролц гэв.

-Г.Галбадрах: Ирээдүйтэй санал байна шүү.

-Л.Оюун-Эрдэнэ: Буцаж очоод Лхагваа даргатайгаа уулзаж энэ талаар ярив. Лхагваа дарга нилээд бодож байснаа “Хүний амьдралд амжилтын галт тэрэг нэг л удаа ирдэг. Хэрэв чи суухгүй бол өөр хэн нэгнийг суулгаад яваад өгдөг” гэдэг юм, саналыг хүлээж авах хэрэгтэй гэж зөвлөв.

-Г.Галбадрах: Сайхан үг байна шүү. Тэгээд тэр галт тэргэнд суужээ дээ.

-Л.Оюун-Эрдэнэ: Олон улсын байгууллагад ажиллах шийдвэр гаргах нь тийм хялбар байгаагүй. “Дэлхийн зөн”гийн төслийн багийн ахлагчаар анх удаа бид 22 настай залууг сонгож байна. Гэхдээ би хэнийг сонгож байгаагаа мэдэж байна. Бүх талаар дэмжинэ. Харин нэг жилийн дотор англи хэл сурах ёстой” гэж Воррен хэлж байсан юм. Энэ нь миний хувьд том боломж байлаа. Ялангуяа орон нутгийн хүмүүсийн дунд орон, тэднийг ойлгож, хамтарч ажиллах нь надад маш олон зүйлийг сургасан. Олон ч хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Жишээ нь: Хүүхдийн оролцооны зөвлөл байгуулагдан, тэр зөвлөлд хамтран ажиллаж байсан хүүхдүүд өнөөдөр үндэсний хэмжээний манлайлагч залуус болсныг хараад би орон нутагт ажиллаж байсан цаг хугацаандаа баярладаг юм.

 

-Г.Галбадрах: Энэ төсөл дээр удаан ажилласан уу?

-Л.Оюун-Эрдэнэ: Би 5 жилийн туршид “Дэлхийн зөн” ОУБ-д ажилласандаа. Олон ч зүйлсийг сурч мэдсэн.

Тав. МОНГОЛ УЛСЫГ ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР БИШ ХАРИН ОНОВЧТОЙ ТӨРИЙН БОДЛОГО ХӨГЖҮҮЛНЭ.

-Г.Галбадрах: Бага залуу насны талаар нэлээдгүй хөөрөлдлөө. Тэр үеэс хойш 10 гаруй жил өнгөрчээ, одоо хоёулаа улс төрийн чинь амьдралын тухай ярилцах уу? Надад нэлээд асуухаар төлөвлөсөн зүйл байгаа, асуудалгүй биз дээ?

-Л.Оюун-Эрдэнэ: Миний одоогийн статус оюутан шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн ярилцагад надад ямар нэг албан тушаалын барьер алга. (инээв)

Г.Галбадрах: Эхний асуулт, Яагаад улс төрд орох болов?

-Л.Оюун-Эрдэнэ: Олон улсын байгууллагад ажиллаж байхдаа олон улсын төсөл хөтөлбөр биш, харин оновчтой зөв төрийн бодлого л Монгол улсын хөгжлийн гарц гэдгийг маш сайн ойлгосон. Хоёр том гүрний дунд оршин тогтнодог, хөгжиж буй Монгол улсын хувьд зөв бодлогогүй бол бидэнд хичнээн зээл тусламж, газрын баялаг, боломж байлаа ч энэ бүхэн хоосон зүйл болж хувирна гэдгийг мэдсэн. Өнөөдөр нийгмээсээ төрийн бодлого нь хэдэн арван жилээр хоцорч яваа нь нууц биш. Тиймээс л оролцохоор шийдсэн. Ер нь төсөл хөтөлбөр дээр ажиллаж байгаа залуучууд, гадаадад сурч амьдарч байгаа хүмүүс улс орныхоо талаар бүгд л санаа зовинож явдаг нь үнэн. Гэхдээ тэр яриа кофений ширээний ард л өнгөрөх нь олонтаа.

Г.Галбадрах: Тэр ч тийм шүү. Бухимдал газар сайгүй байдаг ч, оролцох аргачлал систем нь тодорхойгүй байдаг байх. Ялангуяа гадаадад байгаа Монголчуудын хувьд. Өөрийн чинь яриаг сонсохоор их л лебираль хүн шиг санагдахын, яагаад Монгол Ардын Намыг сонгосон юм бэ?

-Л.Оюун-Эрдэнэ: Түүхэн талаас болон үзэл баримтлал талаас гэсэн үндсэн хоёр шалтгаан байсан гэх үү дээ. Нээлттэй ярилцъя гэсэн болохоор хувь хүнийхээ хувьд хариулъя .

Г.Галбадрах: Эхлээд тэгвэл түүхэн талаас нь ярих уу?

-Л.Оюун-Эрдэнэ: Тэгье. Монгол улсын маань түүх сайн болон саар олон л хуудастай. Түүхийн хуудас бичигдэнэ гэдэг нэг хүнээс хамаардаг гэхээс илүү, орчин нөхцлөөсөө ихээхэн хамаарна. Нөхцөл байдал түүхэн хүмүүсээ өөрөө төрүүлдэг. Нэгэн үеийн дэлхийн түүхийг бичихэд Монголын эзэнт гүрний шийдвэрээс хамаардаг байсан бол, 1900 оны эхээр Монгол улсын тусгаар тогтнолын хувь заяанд тухайн үеийн нөхцөл байдал түлхүү нөлөө үзүүлж байсан нь хөдлөшгүй үнэн. 1900-1950 он бол манай улсын түүхийн ихээхэн эгзэгтэй цаг хугацаа. Хойд хөрш маань дэлхийн талыг донсолгон, 22 улсыг нэгтгэн ЗХУ-ыг байгуулж байв. Урд хөрш маань манайхаас хэд дахин том улсуудыг нэгтгэн БНХАУ-ыг байгуулж байв. Тэр үед сая хүрэхгүй хүнтэй манай улс барууны дэмжлэгийг авч ардчилсан улс болж чадах байсан уу? гэвэл ихээхэн эргэлзээтэй. Энэ үед Монгол улс тусгаар тогтнолоо хадгалж үлдэж чадсан. Энэ түүхийг одоо ч манай сургуулийн зарим профессорууд газрын зураг дэлгэж байгаад гайхаж асуудаг юм. Тиймээс би тэр үед төр удирдаж байсан хүмүүсийг яллахаас илүү, хүндэтгэж үздэг. Алдаа оноотой ч тэд бүрэн бүтэн улсыг, газар нутагтай нь, баялагтай нь хойч үедээ өвлүүлж чадсан. ЗХУ-ын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг хүндэрч, 1985 онд Гарбочев Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон, өөрчлөлт шинэчлэлтийн үзэл баримтлалаа ярьж, улмаар ЗХУ задарсан нь манай улсад 1990 оны Ардчилсан хувьсгал хийгдэх суурь болсон гэж боддог. 1990 оны хувьсгалын дараа хэтэрхий их үгүйсгэл, хийрхэл явагдаж, ардчилсан хувьсгалыг хэдхэн хүн “автор”лаж байгааг харах нь хэдийгээр хүүхэд байсан ч гэсэн таатай санагдаж байгаагүй. Магадгүй өвөө маань нөлөөлсөн ч байж болох талтай. Товч хариулахад энэ бол түүхэн тал нь.

 

Г.Галбадрах: Геополитикийн тал ч мэдээж түүхэн нөлөө үзүүлэлгүй яахав. Намын үзэл баримтлалыг яагаад сонгосон бэ? гэдэг асуултад ийм хариулт сонсож байгаагүй юм байна. Сонирхолтой шалтгаан байна. Үзэл баримтлал талаасаа ярих уу?

Л.Оюун-Эрдэнэ: 1992 оны Үндсэн хуулиар бидэнд хэд хэдэн суурь зарчим тодорхой болсон. Жишээ нь: Олон намын системд шилжих. Хоёр том нам давамгайлсан систем байх нь манай орны нөхцөл байдалд илүү тохирно гэж боддог. 1992 оноос хойш Ардчилсан, ардчилсан бус гэсэн ойлголт намуудад байхгүй, харин хөгжлийн үзэл баримтлалын ялгаа л үлдсэн. Аль аль нь ардчилсан тогтолцоог хэрхэн бэхжүүлэхийн төлөө хөгжлийн үзэл баримтлалаараа уралдах ёстой. Миний хувьд манайд барууны зах зээлийн эдийн засгийг бүрэн хуулах боломжгүй гэж үздэг. Бид 3 сая хүрэхгүй хүн амтай, дэлхийн хоёр том гүрний дунд байдаг. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хүний хөгжлийн асуудал манай төрийн бодлогын амин чухал асуудал байх учиртай. Гэхдээ би хавтайрсан халамжийн тогтолцоог яриагүй шүү. Энэ нь товчхондоо миний Социал Демократ буюу нийгмийн үнэт зүйлд суурилсан ардчилсан үзэл баримтлалтай Монгол Ардын Намыг сонгосон шалтгаан юм.

Г.Галбадрах: Ардчилсан ардчилсан бус гэдэг ойлголт ч байдаг шүү? МАХН МАН гэж нэрээ өөрчилснөөс болж хүмүүс нэлээд төөрөгдөх болсон. Та тэр шийдвэрийг дэмжиж байсан уу?

Л. Оюун-Эрдэнэ: Би тэр шийдвэрийг дэмжих биш, гаргасан хүмүүсийг нэг л дээ. 2008 онд би Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байв. Ингээд орон нутгийн сонгуульд “Баянзүрх-Нэг зүрх” нэртэй аян өрнүүлж, нэлээдгүй амжилттай оролцлоо. Үүний дараа 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намын удирдлагууд төв комисст ажиллах санал тавьсан юм. Тухайн үеийн намын дарга С.Баяр, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар байв. Сонгуулийн дараа удирдлагууд, “Намд нэлээдгүй өөрчлөлт хэрэгтэй болжээ гэдэг дүгнэлтэд удирдах зөвлөл хүрч байна. Тэгэхээр шинэ үеийн залуусын үзэл бодлыг бид мэдрэх хэрэгтэй байна” гээд намын Улс төрийн хэлтсийн даргаар ажиллах санал тавьсан. Үүний дараа намын шинэчлэлийн хөтөлбөр боловсруулах чиглэл өгсөн юм.

 

Г.Галбадрах: Бүх төрийн эрх мэдлийг барьж байгаад, сонгуульд ялагдсан болохоор үндсэндээ намын шинэчлэл нь санаа зовоож байсан асуудал гэж үзэж тийм үү?

-Л.Оюун-Эрдэнэ: Тийм ээ. Тэд “Чи хэнээс ч хамааралгүй өөрийнхөө үзэл бодлыг гаргаад ир. Бид чамайг бүх боломжоороо дэмжинэ” гэсэн. Ингээд олон улсын байгууллагын загварчлалаар үзлээ. Мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, орон даяар нэлээдгүй том суурь судалгаа хийв. Намын анхан, дунд, доод шатны бүтцийн байгууллагад хэд хэдэн удаагийн фокус группын ярилцлага хийв. Ингээд 6 зүйлийг шинэчлэх шаардлагатай гэсэн үндэслэл бүхий стратеги төлөвлөгөө 3 сарын дотор боловсруулж танилцуулсан юм. Тэр зургаан бодлогын нэг нь намын үнэт зүйл, үзэл баримтлалын шинэчлэлийн асуудал байсан. “Хувьсгалт” гэдэг нэр залуучуудад буруу ойлголт төрүүлж байгаа нь судалгаанаас ажиглагдсан. Мөн энэ нэр гадаад ертөнц дээр ойлгогдоход амаргүй байв. “Коммунист” гэдэг утгатай дүйцэж ойлгогдоод байсан хэрэг. Мөн “Ардчилсан Социалист үзэл баримтлал” гэдгийг хүмүүс нийгмийн үнэт зүйлст тулгуурласан ардчилсан онол гэхээс илүүтэй, өмнөх түүхтэй уялдуулж ойлгох асуудал их байв. Эдгээрээс гадна намын дотоод бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчний бодлого, сонгуулийн хуулийн шинэчлэл, эдийн засгийн реформ зэрэг асуудлуудыг ч хөндөж гаргасан.

-Г.Галбадрах: Өнөөдөр ингээд сонсож байхад сонирхолтой л дүгнэлт байна. Дүгнэлт тийм байдаг байж, хэрэгжүүлэхэд ямар байв?

-Л.Оюун-Эрдэнэ: Хэрэгжүүлэхэд мэдээж амаргүй байсан. Дэмжлэг, эсэргүүцлийн аль алинтай нь тулгарч байсан. Тэр үед С.Батболд дарга намын дарга болсон байв. Намын шинэ удирдлагууд энэ өөрчлөлтийг хийх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Шинэчлэлийн хөтөлбөр боловсрогдож дууссаны дараахан, намын дэргэдэх залуучуудын байгууллагын Үндэсний чуулган болж, МАСЗХ, НАМЗХ болон өөрчлөгдөж, миний бие ерөнхийлөгчөөр нь сонгогдлоо. Төд удалгүй намын 26-р Их хурлаас манай нам уугуул нэрээ сэргээсэн. Манай нам зөв зүйл хийсэн гэдэгт би итгэлтэй байдаг. Харин бид эхлүүлсэн шинэчлэлээ агуулгын хувьд нь гүйцээж чадаагүй. Эрх барьж байх үед алдсан алдаа оноогоо хүлээн зөвшөөрч, намаас томилогдсон төрийн албан хаагчдын хүнд суртал, авилгалтай тууштай тэмцэх, ард иргэдтэйгээ илүү ойр байх, эдийн засгийн өсөлт 17% болоход сэтгэл ханан тайвшрах биш, энэ өсөлтийг иргэдийн амьдралд хэрхэн үр өгөөжтэй хүргэх бодлогыг бүрэн тодорхойлж, олон нийтэд ойлгуулж чадаагүй гэж боддог.

-Г.Галбадрах: Тийм ээ, энд алдаа онооны дэнс хэлбэлзэж байсан гэдэгтэй санал нийлж байна. Сурах шийдвэрийг яагаад гаргав?

-Л.Оюун-Эрдэнэ: Сонгуулийн дараа намын түлхүүр удирдлагууд уулзаж, “Манай нам түүхэн талаасаа хоёр хөрштэйгээ илүү дотно харилцаатай ч барууны улс төр, сонгуулийн тогтолцоог нэлээд судлах шаардлагатай юм байна” гэж үзсэн. Сонгуулийн компанит ажлын сурталчилгаа PR-ын асуудлаар ч өрсөлдөгч нам маань арай өөр төвшинд очиж гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд “Чи явах нь зүйтэй” гэж зөвлөлөө. Тэр үед би намын Генсекийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байв. Ингээд л Харвардын Жон Кеннедийн сургуульд төрийн удирдлагаар суралцахаар зориглон шийдсэн дээ. Англи хэлний суурьтай байсан ч, Тоефлийн шалгуурыг хангахын тулд 1,6 жил Жоржтауны Их Сургуульд өдөр шөнөгүй үзсэндээ. Миний хувьд сурах шаардлага, өөрийнхөө үзэл бодлыг дэлхийн бусад орны төрийн бодлого тодорхойлогчидтой харьцуулж үзэхийг л илүүтэй хүссэн.

Зургаа. “ХАРВАРД БОЛ НЭР ҮГ БИШ ХАРИН ҮЙЛ ҮГ” ГЭДЭГ ҮНЭН ЮМ БИЛЭЭ.

-Г.Галбадрах: За ингээд оюутан Оюун-Эрдэнэ болжээ. Энд ирснээс хойш юу бодогдож байх юм?

Том системд ажиллаж байсан хүн оюутан болох ямар байна. Нутгаа санаж байна уу? -Л.Оюун-Эрдэнэ: Мэдээж системийн гадна гараад, эргээд харахад олон л зүйл бодогдох юм. Энд ажлын шугамаар ирдэг л байсан гэхдээ “Сар шиг хол нутаг”-г Монголд дуулах, энд сонсох, төрийн далбаагаа ханандаа хадахад төрөх мэдрэмж гээд оюутан байж, амьдарна гэдэг олон зүйлээрээ өөр юм билээ. Нутгаа мэдээж саналгүй яахав. Цэв цэнхэр тэнгэр, цэлийсэн тал нутаг, цээж дүүрэн амьсгалах цэнгэг агаараа санадаггүй Монгол хүн гэж хаана байх билээ. Ялангуяа хөдөө өссөн хүн. Гэхдээ ирсэн зорилго, буцах цаг хугацаа тодорхой учраас цаг хором бүрийг л үр өгөөжтэй ашиглахыг эрхэмлэж байна.

-Г.Галбадрах: Харвард Кеннеди сургуулийн талаар жаахан ярих уу? Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ирж сурснаас хойш өөр монгол хүн сурсан гэж сонсогдоогүй. Хамгийн сонирхолтой хичээл нь өнөөдрийг хүртэл ямар хичээл байв?

-Л.Оюун-Эрдэнэ: Харвард бол Америкийн сургууль гэхээс илүү “Дэлхийн” гэдэг бодлогоо илүү барьдаг юм билээ. Дэлхийн 102 орны 10 гаруй жилийн ажлын туршлагатай төрийн удирдлагууд, АНУ-ын муж бүрээс мөн тийм түвшний улс нийлээд 400 гаруй оюутан нэг анги. Бие биенээсээ суралцах боломж маш өндөр, тэрийг нь ч систем нь дэмждэг. Өдрийн хоол ч зүгээр идэхгүй, хүмүүстэй хамт иднэ. Хичээл бас тийм хялбар бишээ. “Харвард бол зөвхөн нэр үг биш, харин үйл үг” гэж профессорууд анх ирэхэд хэлж байсан үнэн юм билээ. 300 гаруй хичээлээс 8-9-г нь л судлах боломжтой. Мөн зөвхөн Кеннидигийн Сургууль биш, Бизнес, Хуулийн сургууль гээд Харвардын бусад сургуулийн хичээлийг давхар авч болдог, жишээ нь Массачусетсийн технологийн их сургууль (MIT) -ийн хичээлийг авч болдог болохоор мэдээллийн маш том орон зай, судалгааны боломжийг оюутнууддаа өгдөг нь сайхан санагдсан. Бүгдийг нь ашиглах боломжгүй. Тиймээс өөрийнхөө хэрэгцээг л зөв тодорхойлох хэрэгтэй. Миний хувьд тийм л стратеги барьж байгаа. Сонирхолтой хичээл гэвэл, Би өөрийн удирдлагын алдаанд системийн анализ хийж үзсэн. Энэ удирдлагын дасгалын (MLD-201 Leadership exercise) хичээл манай алдартай ангиудын нэг л дээ. Би энэ хичээл дээр бид хоёрын ярьсан намын шинэчлэлийн асуудлаа танилцуулж, 100 гаруй орны хүмүүсээс болон профессоруудаас зөвлөмж авсан. Бодож байгаагүй, ингэдэг байж гэсэн олон зүйл харагддаг юм билээ. Харвардын бас нэг давуу тал бол зааж байгаа профессоруудын ихэнх нь номынхоо автор нь байдаг. Дэлхийн бүх сургуульд ашигладаг Эдийн засгийн онолын номын зохиогч Манкив гэхэд манай сургуулийн эдийн засгийн тэнхимийг удирдаж байх жишээтэй. Хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн талаар, төрийн системийн хэлбэрүүд, төрийн бодлого тодорхойлоход статистикт хэрхэн тулгуурлах аргачлал, мэдээж сонгуулийн компанит ажлыг хэрхэн зохион байгуулах стратеги гээд олон л хичээл үзэж байна. Ирэх улиралд хотын хөгжил, уул уурхай түшиглэсэн орнуудын эдийн засгийн асуудал зэрэг бодлогын хичээлүүд судлахаар төлөвлөж байгаа. Судалгааны хувьд харьцуулж, ойлгож, бичиж тэмдэглэж байгаа зүйлс нэлээдгүй л байгаа. Бүгдийг нь энд ярих боломжгүй байх л даа.

-Г.Галбадрах: Мэдээж бүгдийг ярих боломжгүй гэхдээ харьцуулж, тунгааж байгаа зүйлсээсээ нэгээс хоёр жишээ хуваалцвал, товчоор?

-Л.Оюун-Эрдэнэ: Жишээ нь: Инновацид суурилсан төрийн бодлого ирээдүйд улам л чухал болох нь. Сүүлийн үеийн хөгжиж буй орнуудын чиг хандлага нь, улс төрчид нь хоорондоо маргаад байхаас илүүгээр эрдэмтэдтэйгээ хамтарч дэлхийн чиг хандлагыг өрсөж мэдэрч, төрийн бодлогоо 20-50 жилээр угтуулж төлөвлөхийг эрхэмлэдэг болж. Бид дэлхийн улсуудаас тусдаа хөгжих боломжгүй учир, одооноос л авч үзэхгүй бол оройтно. Жишээ нь: Манай сургуульд болсон саяхны нэг хэлэлцүүлэг дээр газрын тосоор биш, цэнэгээр ажилдаг техникийн төсөл хэрэгжээд эхлэвэл энэ нь Ойрхи Дорнодын улс төр, нийгэм эдийн засагт хэрхэн нөлөөлж болохыг ярьж байна. Энэ нь бидний өдөр тутам ярьж байдаг улс төрийн хэрүүлээс их өөр төвшний зүйл байгаад байдаг. Бодохгүй бол болохгүй. Ер нь бид улс төрийн дотоод хэрүүлдээ хэтэрхий их цаг зарцуулж байна. Манай сайдууд бараг ажлынхаа 50% аас дээш цагийг зөвхөн дотоодын улс төрөө зохицуулах уулзалтад зарцуулдаг байх. Бид юманд сургаар ерөнхий ханддагаа больж, асуудлыг зөвхөн улс төрийн нүдээр харахаас илүү ирээдүйн чиг хандлагадаа нийцүүлэхгүй бол цээжний бангаар явдаг цаг хугацаа өөрчлөгдсөөр л байна. Бид популизмаас гарч, мэргэжлийн чиг хандлагаа барихгүй бол манай эдийн засаг ийм үрэлгэн, үр ашиггүй шийдлүүдээ дийлэхгүй л дээ.

-Г.Галбадрах: Санал нэг байна. Гэхдээ ямар шийдэл байна. Үнэхээр өнөөдөр “улс төр нэг л биш байна” гэдгийг хүн бүр л ярьж байна. Үүнийг яаж өөрчлөх вэ?

-Л.Оюун-Эрдэнэ: Мэдээж олон гарц бий. Миний бодлоор иргэн бүр төрд хяналт тавьдаг, ёс зүйг шаардсан иргэний нийгэм бүрдүүлэхэд хүн бүр гар бие оролцох ёстой. Нийгэм боловсрохын хэрээр, олон нийтэд нэр хүндгүй, авилгалд орооцолдсон улс төрчид системийн эсвэл мөнгөний хүчээр сонгогдох, томилогдох боломж хумигдах ёстой. Улс төрчдийн нэр хүнд сэвтэх, тооцоо үндэслэлгүй зүйл ярих, ёс зүйн алдаа гаргавал тэдний карьер шууд дуусах хэмжээний нийгмийн соёл тогтох ёстой. Манайд бол хэдхэн сарын өмнө алдаа хийсэн хүн дахиад л төрийн өндөр албан тушаалд томилогдчихдог. Миний бодлоор бол бүр нарийн мэдээллийг шаарддаг байгууллагууд олшрох ёстой. Улс төрчдийн олон нийтэд мэдээлсэн мэдээлэл дээр анализ хийж, иргэдэд тайлагнадаг. ” Уучлаарай таны хэлсэн үгэнд анализ хийж үзэхэд, ярьсан зүйл тань худлаа байна эсвэл та үгэндээ бусдын санааг зөвшөөрөлгүй хуулбарласан, санааг нь гуйвуулсан байна” гэх зэрэг. Ийм нийгэм бий болохын хэрээр улс төрчдөд тавигдаж буй нийгмийн шалгуур өөрчлөгдөх болно.

-Г.Галбадрах: Өндөр хөгжсөн орнууд хийгээд хөгжиж байгаа орнуудыг харьцуулах юм бол гол ялгаа нь хэрхэн мэдрэгдэж байна вэ?

-Л.Оюун-Эрдэнэ: Шийдвэр гаргах түвшиндээ тэд эхлээд сайтар судалгаа хийдэг. Тэрхүү судалгаагаа статистик үзүүлэлтүүдээр баталгаажуулна. Математик загварчлал бол зөв шийдвэр гаргах гол тулгуур нь. Бүхэлд нь аваад үзэх юм бол Судалгаа-Статистик-Математик загварчлал гэдэг схем нь улс орны хөгжлийн алив асуудлаар зөв шийдвэр гаргах баталгаа болдог юм байна, миний ажиглалтаар. Зарим хөгжиж байгаа орнуудын хувьд судалгаа тооцоололгүйгээр сэтгэл хөдлөл болоод таамгаар гаргаж байгаа шийдвэр нь амьдрал дээр хэрэгжих магадлал бага, үр дүнгүй байдаг.

-Г.Галбадрах: Та хоёр намын системийг дэмждэг гэсэн, харин өнөөдөр хүмүүс аль алинд нь итгэл алдарч байна шүү дээ.

-Л.Оюун-Эрдэнэ: Нийгмийн хүсч байгаа зүйлийн эсрэг хүчээр явбал орон зайгаа алдах нь ойлгомжтой шүү дээ. Энэ байдалд хоёр нам өөрсөндөө дүгнэлт хийж, шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол, тун удахгүй Монголд гурав, дөрөв, тав, зургаа, долоо дахь улс төрийн хүчний орон зай гарч, “үхрийн бөөр шиг” харахад сонирхолтой ч, бодлого нь урагшилдаггүй Парламенттай улс болно.

-Г.Галбадрах : Хүчтэй иргэний нийгэмтэй байж, сонгогчид боловсорч байж л бидний хүсдэг мэргэшсэн парламент бүрдэнэ гэж томьёолж байнаа даа?

-Л.Оюун-Эрдэнэ: Мэдээж энэ бол гадаад хүчин зүйл. Дотоод олон хүчин зүйлс бий. Манай улс үндсэн хуулиас улбаалсан тогтолцооны хямралтай улс. Бид ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчтэй, бас парламенттай. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх боломж өдөр өдрөөр хумигдаж байна. Ерөнхийлөгч, ерөнхий сайдын ялгарал багасч, хуулиар биш хувь хүний ур чадвараас ихээхэн шалтгаалдаг болж байна. УИХ-ын гишүүд нь хууль тогтоохын оронд, сайдуудаа дарамталж, албан тушаалын наймаа, тендерийн “шантааж” хийхэд л кнопын эрх мэдлээ зарцуулж байх шиг. Бүх албан тушаал намуудын фракцуудын хооронд шийдэгдэж, намуудын санхүүжилтийн зарчим тодорхойгүй учраас мэргэжлийн хүн биш, хэн их хандив өргөсөн нь төрийн өндөр албан тушаалд очдог соёл тогтож байна. Энэ нь буцаад л нөгөө авилгал, хээл хахууль, мэргэжлийн бус, чадамжгүй засаглалыг бий болгодог. Энэ бол тогтолцооноос үүдсэн хямралын шинж тэмдэг. Ийм янзаар удаан явбал юунд ч хүргэж мэднэ. Миний хувьд парламентад суудалтай намууд хамтраад энэхүү тогтолцоог өөрчлөх улс төрийн зориг гаргаасай гэж хүсдэг.

Ярилцсанд баярлалаа.

ЭХ сурвалж: shuurhai.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.215.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.