Д.Монголхүү: Иргэд жагсаалыг УЛСТӨРЖҮҮЛСЭН нь зөв зүйл болсон
Ярилцлага
/
2021-01-27

Өнгөрөгч долоо хоног буюу 2021 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр Сүхбаатарын талбайд иргэд жагсаал хийсэн. Уг жагсаалын зорилго нь  УОК-ыг ажлаа өгч огцорохыг шаардсан. 2020 оны 1 сард дэлхий нийтээр корона вирус цар тахал халдварлаж эхэлсэн. Үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөхөд  манай УОК үүрэгт ажлаа муу хийсэн хэмээн үзэж иргэд жагсаж эхэлсэн. Энэ талаар иргэд, залуусын төлөөлөл Д.Монголхүүтэй цөөн хором ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та Сүхбаатарын талбай дээр болсон жагсаалд оролцсон. Ямар асуудал хөндөж оролцсон бэ?

- Би жагсаал руу Засгийн газрыг огцор гэсэн үгээ хэлэх гэж л очсон. Тэгээд талбай дээр өдөр 14 цагийн үед очсон. Очиход бол талбай дээр байсан хүмүүс УОК-ыг огцор гэсэн шаардлага тавьж байсан. Үдээс хойш хүмүүс ихээр нэмэгдсэн. Нэмэгдэж ирэх тусам янз, янзын байр суурь олширч байсан. Олон байр суурь байгааг харахад жагсаал бол хэн нэгэн зохион байгуулсан зүйл байхгүй байгаа юм байна. Иргэд яг өөр өөрийн дуу хоолойг хүргэж байгаа юм байна гэсэн ойлголт авсан. Миний хувьд бол үүсээд байгаа нөхцөл байдалд УОК дангаараа хариуцлага хүлээхгүй ээ. Цаашлаад яг хариуцлага тооцох газар нь Засгийн газар гэсэн байр суурьтай жагсаалд оролцсон. Засгийн газрын шийдвэрийг УОК биелүүлдэг учраас тэр. Ихэнхи иргэд УОК огцор гэж дуугарч байсан. Эрүүл мэндийн сайдыг огцор гэж хэлсэн хүнтэй таараагүй. Зарим нь “Иргэд ядуу байна, иргэндээ ээлгүй төр, эрх чөлөө боомлигдож байна” гээд тал талд их олон өнгө дуугарч байсан.

- Жагсаал үр дүндээ хүрч Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар огцорчихлоо шүү дээ. Үүнийг иргэд сайн, муу олон талаар тайлбарлаж байна. Энэ дээр таны байр суурь ямар байна вэ?

- У.Хүрэлсүхийн танхим үг аваад, дуугай огцороод явахад нь баярласан. Жагсаал бол зуун хувь үр дүндээ хүрсэн. Тодорхой баримт байхгүй учир өөрийнхөө хэмжээнд хардаж байна. Иргэн хүн бол хардах эрхтэй. Дуртай тэгээд огцорчихоор жоохон гайхаж л байна.

-  Та жагсаалд хэдэн цаг гэж очоод хэдэн цаг гэж харьсан бэ?

- Би жагсаалд өдөр 14 цаг гэж очоод орой 23 цаг өнгөрөөгөөд гэртээ орсон.

- Уучлаарай яагаад ингэж асууж байна вэ гэхээр иргэд жагсаал эхэлхэд яг өөртөө тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэхээр очсон байсан. Харин оройхон тийшээ жагсаал улстөржсөн юм шиг санагдсан. Их олон хүн ингэж хардаж байгаа шүү дээ?

- Улстөржих нь аягүй зөв байхгүй юу. Би бол их зөв гэж харж байна. Улстөржих гэдэг чинь өөрөө хүний ойлголт байхгүй юу. Одоо бидний өмнөөс сармагчин улстөржихгүй шүү дээ. Сая жагсаалаар залуучууд улстөржихөд их баярласан. Дунд нь явж байгаа миний хувьд самсаа шархирч байлаа шүү дээ. Тэгэхээр залуучууд улстөржих нь зөв. Иргэд ч үүнийг улстөржлөө гэж харах нь зөв. Гол эерэг талаас нь уу, сөрөг талаас нь уу гэдэг л байна.

- Жагсаалын үр дүн гарч Засгийн газар огцорч шинэ Засгийн газар байгуулагдах гэж байна. Ингэснээр бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ. Өөрчлөгдөх зүйл бий юу?

- Жагсаал цуглаан хийснээр ямар дүнд хүрсэн бэ гэхээр иргэд ямар хүчтэй вэ гэдгийг мэдрүүлсэн. 1990 оноос хойш бараг анх удаагаа иргэд талбай дээр өөрсдөө гарч ирж байгаа жагсаал гэж би харж байна. 2008 оны 07 сарын 01 өдөр бол иргэд өөрсдийнх нь сэтгэлийн дуудлага ч байсан байх, намын зохион байгуулалт ч орсон байх. Тэрнээс хойш томоохон жагсаал хэзээ болсон бэ гэхээр таван нөхөр М.Энхболдыг огцруулахааар цуглсан тэр бас зохион байгуулалттай цуглаан болсон. Тэгэхээр зохион байгуулалтгүй иргэд өөрсдийн сэтгэлийн дуудлагаар жагссан хоёр дахь тохиолдол 1990 оноос хойш сая болсон. Үүнээс иргэд жагссан үр дүнгээ 24 цагийн дотор олоод авчихсан. Тэгэхээр иргэд ингэж болдог юм байна гэдгийг ойлгож авсан. Энэ нь өөрөө “Капитал”.

- У.Хүрэлсүхийг огцорлоо гэхэд иргэд дараагийн Ерөнхий сайд болох хүнд таамаг дэвшүүлж байсан. Таны хувьд хэнийг болчихоосой гэж бодож байсан бэ?

- Миний хувьд хэн нэгнийг бодсон юм байгаагүй. Харин МАН ямар ч Засгийн газар байгууллаа гэсэн иргэд өөрсдөө  өөр өөр “цензур” тавина шүү. Тэр “цензур”-т нийцэж ажлаасай гэж бодож байна. Түүнээс биш субъект нь хэн ч байлаа гэсэн бодлого нь МАН болохоор надад нээх ялгаатай санагдахгүй байгаа юм.

- Ирэх долоодугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг та хэрхэн харж байна вэ?

- Өнгөрсөн зүй тогтолыг анзаараад байхад УИХ-аа МАН аваад Ерөнхийлөгчөө АН авсан л дүр зураг харагдаад байдаг. Тохиролцсон юм шиг. Гэтэл энэ удаагийн сонгууль дээр ажиглаад байхад МАН Ерөнхийлөгчөө ч өгөхгүй гэж байх шиг байна. Хийж байгаа үйл ажиллагаанаас нь харахад бүх эрх мэдлээ өөртөө төвлөрүүлэх гэж оролдож байна.

- Бидэнтэй ярилцсанд баярлалаа танд

- Урилга хүргүүлсэнд баярлалаа

ЯРИЛЦСАН: Г.ЖАВХЛАНТГАРЬД

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.161.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.