Женкогийн ЭСРЭГ ХҮЧ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-01-30

Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дотоод асуудал хариуцсан сайдаар Ц.Нямдоржийг томилсонд МАН-ын гишүүд ч гайхав. Яагаад Ц.Нямдорж гэж, Ц.Нямдоржийн Засгийн газар гэх мэтээр нийгмийн сүлжээнд жиргэж эхлэв. Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар Нямка сайдад дургүйцэж байгаа  шалтгаан нь “Засгийн газарт багтаж”  чадаагүйн шалтаг байж болох юм. Б.Энхбаяр бол Ц.Нямдоржоос болж дэд сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн хүн. Цэндийн Нямдоржийг яагаад энэ засагт оруулав гэж үү... Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ маш том хүчийг өөртөө ЦУГЛУУЛЖ чадсан. Зөв бодлого, зөв гарц гаргалгааг хайжээ.

Шинэ үеийн Засгийн газарт орж ирж байгаа шинэ залуу, туршлагагүй сайд нарт Ц.Нямдорж том түшиг, зөв үлгэрлэл, зарчимч байх, хууль мөрдөх, хуулийн гарц гаргалгааг зааж өгнө. Амаа мэдэхгүй эмнэг даага шиг туршлагагүй шинэхэн сайдуудыг зад загнаад ажлыг нь чиглүүлээд өгчих хэмжээний тулхтай эр.

Хоёрдугаарт Засгийн газар луу Ерөнхийлөгчөөс шидэх “том асуудлуудад” Ц.Нямдорж зөв хариуг өгч чадна. Ер нь бол шуудхан хэлэхэд Засгийн өмнөөс Ерөнхийлөгчтэй харьцах ажлыг хариуцна гэсэн үг. Тэрбээр чуулганы хуралдаанд гишүүдийн асуултанд хариуцлахдаа “Би улстөрөөс яваад долоон сарын дараа Засгийн газарт урилгаар орж ирлээ” хэмээн Зангараг заав.

Монголын улстөрд Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж, З.Энхболд, О.Баасанхүү нар шиг харизмтай улстөрчид цөөн. Тэд өөрийн үг, үйлдэл, ааш авираараа хэдийнээ танигдчихсан. Элдэв хэл ам, хэрүүл тэмцэлд орооцолдоод үзчихсэн. Ядаж л нүүр хагарчихсан. Уйтгартай олонх, чадваргүй сөрөг хүчинтэй энэ улстөрд парламентын гаднаас ч гэсэн СОНИРХОЛТОЙ дүр нэмж байгаа нь Ц.Нямдорж....

Хууль зүйн сайд байхдаа төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт гэм бурутай нь тогтоогдон ял шийтгүүлж байгаа С.Чимэгээ, Т.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүгдсэн учраас суллах ёстой гэж нэг хэсэг явсан ч өнөөдрийг хүртэл шийдүүлж чадаагүй юм. Одоо сайд боллоо... Энэ хугацаандаа С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарлаж, хоригдож байгаа хоёр хүнээ суллачихвал болох нь тэр...

Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн танхимын гал тогоог базаж байхдаа “Оюутолгойн гэрээ”-г Монгол Улсад ашигтай болгох ажлыг зоригтой эхлүүлсэн. Харин одоо энэ ажил Ц.Нямдорж сайдын “толгойд шилжлээ”. Тэмцэгч С.Ганбаатарын “бослого” энд хүрээд өндөрлөв. Учир нь Ц.Нямдорж бол “Рио-Тинтогийн гар хөл. Ийм ХӨГИЙН ДУРАК” хэмээн тодотгосон. Ийм хөгийн дурак Монгол улсын төрд ийнхүү шигдсээр байна...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.