С.Ганбаатар “ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ”, Ц.Нямдорж улстөрд “ЭРГЭН ИРСЭН” долоо хоног
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-01-30

Өнгөрсөн долоо хоногийн улстөрийн амьдрал С.Ганбаатарын ӨЛСГӨЛӨНГӨӨР эхэлж, Шинэ Засгийн газар байгуулагдсанаар дууслаа. Гол сэдэв нь ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ асуудалд бүх ард түмнийг төлөөлж УИХ-ын гишүүн ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАН явдал байв. Ингээд онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

Босоо Ганбаа ӨЛСГӨЛӨН зарлав.

Сайнхүүгийн Ганбаатар бол 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймгаас нэр дэвшиж ялалт байгуулсан МАХН-ын цор ганц төлөөлөл. Тэрбээр “Оюу-Толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг батлагдсан цагаас хойш Монгол улсад ашиггүй болсон тухай асуудлыг хөндөж 12 жил дуугарч байгаа бол энэ удаад тэсгэл алдарч Д.Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлав. Түүний уг тэмцэл хүчээ авч УИХ-ын гишүүд, Засгийн газар, Төрийн тэргүүний анхааралд хүрч амжив. Улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уг асуудалд анхаарал хандуулж АНУ-ын шүүхэд СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛ гаргахаар тогтов. УИХ-ын гишүүн С.Ганбаатар таван өдөр нийт 99 цаг өлсгөлөн зарласны хүчинд ийнхүү НААШТАЙ ХАРИУ сонсов.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдов.

Хурандаа У.Хүрэлсүхийн Засгийн газар ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧСӨНИЙХӨӨ ТӨЛӨӨ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, коронавирусийн цар тахлын үед УОК удирдлагагүй болов. Эрх баригч МАН-ын бүлэг, УЗ шуурхай хуралдаж дараагийн Засгийн газрыг яаралтай бүрдүүлэхээр болов. Монгол Ардын намын УЗ-өөс 32 дахь Ерөнхий сайдаар 41 настай залуу улстөрч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн нэрийг дэвшүүлж, улмаар намын бүлэг, холбогдох байнгын хороодоор дамжуулан дэмжээд Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний эцэст УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар батламжлав. Тэрбээр өөрийн удирдах Засгийн газраа “ШИНЭ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАР” хэмээн нэрлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын ТУЛААН эхлэв.

У.Хүрэлсүхийн Засгийн газар гэнэт огцорсонд гайхсан төрийн тэргүүн балмагдсан УИХ-ын чуулганы индрээс хэлсэн үгэндээ “Монголын төрийг Сү.Батболдын бүлэглэл эзэгнэж, төрийн эргэлт хийж байна. Гадны гар хөл Монголын төрд одоо ч байсаар байна” хэмээн мэдэгдсэн. Үүний хариуд Монгол Улсын Ерөнхий сайд асан одоогийн УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын зүгээс өөрийн биеэр хариу мэдэгдэл хийж “Намайг гэм буруугүй гэдгийг хууль шүүхийн байгууллага тогтоосон. Ерөнхийлөгч миний нэр хүндэд халдаж, гүтгэж байгаа учраас ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГАД хандаж нэр төрөө сэргээлгэнэ” гэсэн байв. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газарт “Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд”-аар ажиллаж байсан бол одоо ийнхүү улстөрийн зорилгоор муудалцаж, шүүхдэлцэхэд хүрлээ.

Цэндийн Нямдорж УЛСТӨРД ЭРГЭН ирэв...

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн “ШИНЭ ҮЕИЙН” Засгийн газарт хуучны нэгэн улстөрч багтсан нь олны анхаарлыг татав. Тэр нь насаараа УИХ, ЗГ-ын гишүүн, Хууль зүйн сайдаар ажилласан, Монгол Улсын Гавьяат хуульч Цэндийн Нямдорж байв. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд нь өөрөө  танхимаа бүрдүүлдэг. Энэ ёсоор бүрдүүлж байгаа шинэ засгийн тэргүүн бүх асуудалд гар бие оролцдог хамгийн чухал албандаа Ц.Нямдоржийг урьж, томилохоор шийдсэн нь эрх баригч намынханд гэнэтийн шийдвэр байлаа. МАН-ын зарим гишүүд “Л.Оюун-Эрдэнийн бус Ц.Нямдоржийн Засгийн газар боллоо”, “Ц.Нямдорж энэ танхимд орж байгаад үнэхээр гайхаж байна. Монголын төрд битгий ГАЙ БОЛООД БАЙ. Монгол төрөөс албан тушаал авч ханаагүй юу” хэмээн илт дургүйцлээ илэрхийлсэн. Гэвч тэрбээр “Би улстөрөөс холдоод долоон сарын дараа Л.Оюун-Эрдэнэ сайдын урилгаар Шинэ Засгийн газарт” ирлээ гэсэн юм. УИХ-ын гишүүдийн зүгээс түүнийг “Оюу-толгойн” гэрээг улаан хамгаалагч, Рио-Тинтогийн хүн хэмээн тодотгоод буй. Учир нь Ц.Нямдорж УИХ-ын гишүүн байхдаа “Оюу-толгой”-н гэрээг өөрчилж болохгүй хэмээн байр сууриа хүчтэй илэрхийлж байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.147.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.