Дэлхийд алдартай ДЭМБЭРЭЛИЙН ЧОЙЖАМЦ ХАМБА
Нийтлэл
/
2021-02-11
“Ромд пап лам, Энэтхэгт Далай лам,  Монголд Чой хамба” гэдэг хэлц үг бий. Хамба лам Д.Чойжамц бол буддын шашинтай Монгол түмний шүтээн болсон хүн гэхэд хэтрүүлсэн болохгүй. Эрхэм хамбын нэр хүндийн урд гишгэх албан тушаалтан, алдартан одоохондоо Монголд алга. Тийм ч учраас улстөрийн хүрээнийхэн олон төрлийн санаа бодолтойгоор төрийн дээд арга хэмжээнд түүнийг урьдаг биз. Тэгэхээр Д.Чойжамц бол яалт ч үгүй улстөрийн хүрээний хүн мөн.

Төрийн тэргүүн, УИХ-ын гишүүнээс илүү хүмүүсийн итгэлийг хүлээдэг, аль нэг дуучнаас олонтаа зурагтын дэлгэцээр үзэгддэг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц Төв аймгийн Бүрэн сумын нутагт 1951 онд төржээ. Өдгөө 68 нас сүүдрийг зооглож буй хамба эхээсээ хоёулаа бөгөөд ерэн настай ижийтэйгээ хамт амьдардаг. Тэрбээр наймдугаар ангиа нийслэлийн 22дугаар дунд сургууль, ес болон аравдугаар ангиа нийслэлийн 28дугаар дунд сургуульд сурч, төгссөн. Чойжамц гэдэг нь “Номын далай” гэсэн утгатай үг аж. Нутгийн нэгэн чадалтай, сайн лам түүнд энэ нэрийг хайрласан байна. Д.Чойжамц хамбыг хувь хүн гэдэг утгаар нь биш “Багш ламтан” гэж олон нийт сүсэглэдэг ч тэрбээр бөхөд хайртай, дуунд дуртай, хоол голдоггүй энгийн нэг монгол хүн. Одоогоос дөч гаруй жилийн тэртээ буюу 1976 онд Шашны дээд сургуулийг онц дүнтэй төгсөөд Гандантэгчэнлин хийдэд голч ламаар долоон жил хурж байгаад 1983 онд Энэтхэгийн Дармасалад гүн ухааны дээд сургуульд гурван жил суралцсан байна. Д.Чойжамц Бурхан шашны төв хийдийн хамбын хувьд түвд хэлэнд гаргууд сайн. Мөн тэрбээр монголчуудын ойроос ч болов харахыг хүсдэг XIV Далай ламын шавь.  Эрхэм хамба ламтан багадаа алиа хошин зантай хүүхэд байсан бөгөөд түүнийг самбарын урд гараад зогсоход бүгд чимээгүй болж, ярьж эхлэхээр инээж баясацгаадаг байсан тухайгаа дурсан ярьсан байдаг. Мөн ямар ч төрлийн хөгжмийг их сайн тоглодог байсны зэрэгцээ үндэсний бөхөөр шаггүй барилдчихдаг, том болоод бөх болохыг хүсдэг хүүхэд байсан гэдэг. Үеийнхэн дундаа том биетэйд тооцогддог, 70 гаруй кг жинтэй байсан аж. Тиймээс багш нар нь тэмцээн уралдаан болоход дандаа хүнд жинд оруулдаг байсан тухай хамба дурсан ярьдаг. Өөрөө барилдах дуртай байсан ч олон хүний өмнө гарахаас цэрвэж, бөх болоогүй гэдэг. Одоо ч тэрбээр бөхөд их дуртай, Үндэсний их баяр наадам болон Цагаан сарын барилдааныг алгасалгүй үзэж харагддаг. Хамба ламын хайртай бөх нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Нэг удаа “Б.Бат-Эрдэнэ аваргыг хүндэлж явдаг. Яриа хөөрөө сайтай, ёс төртэй, буян нүглийг ялгаж чаддаг жудагтай шударга хүн шиг санагддаг. Тэр хүний сэтгэлд улс орны ирээдүй, тусгаар тогтнол, эв нэгдэл, шашин соёл, спорт бүгд багтаж явдаг” гэж хэлсэн удаатай. Үүнийг нь УИХ-ын гишүүн болсон эрхэм сонгуулийн сурталчилгаандаа олон ч удаа ашигласан даа.

Д.Чойжамц хамбыг Монголын бурхан шашны тэргүүн гэж ярих хүмүүс бий. Харин тэрбээр энэ ойлголтыг засаж “Намайг Монголын бурхан шашны тэргүүн байсан гэж ойлгодог. Тийм биш. 1944 онд Гандан хийд дахин сэргэсэн. Тэр үеэс авахуулаад хамба нар хэзээ ч “Би Богд болно” гэж бодохгүй явсаар өнөөг хүрсэн. Нэг үгээр хэлэх юм бол Богдын орон тоо тэр хэвээрээ л байж байсан. Гандан хийдийн Пил, Гомбожав, Гаадан, Данигай, Дагвадорж гуай гээд үе үеийн хамба нар хамбынхаа л ажлыг хийж байсан. Хамбын ажил хийнэ гэдэг дээшээ Богдын ширээнд сууж Богдын тамгыг барина гэсэн үг биш шүү дээ” хэмээн тайлбарласан юм.

УЛСТӨРИЙН ХҮРЭЭНИЙ НӨЛӨӨ БҮХИЙ ЭРХЭМ

Эрхэм хамбыг 1990-1992 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан, улс төрчидтэй ойр байдгийнх нь хувьд үе үе улс төртэй холбож “чимхэх” нь бий. Энэ бүрд тэрбээр сүр бадруулан тайлбар өгөөд байлгүй хамба ламын ажлаа хийсээр л явдаг. Гэвч хамбатан бол төрийн өндөрлөгүүдтэй яалт ч үгүй ойр дотно байдаг хүн. Сар шинээр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй золгох хүмүүсийн тэргүүн эгнээнд тэр багтдаг. Хааяа хааяа тахилга, буяны ажилд төрийн өндөрлөгүүдтэй хамт явж харагддаг тэрбээр төрийн томчуудын дээд хэмжээний хаалттай, нууц уулзалтуудад мөн л оролцдог хэмээн сайн мэдэх хүмүүс нь ярьдаг юм билээ. Хамба Д.Чойжамц Буддын шашинтны олон улсын дээд хэмжээний уулзалтын тэргүүлэгч гишүүн юм. Бурхны хүрээний ажил албаны хувьд тэрбээр 1986-1990 онуудад Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, 1990-1992 онуудад Да лам, 1993 оноос өнөөг хүртэл Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба ламаар ажиллаж байгаа. Түүнээс гадна АБЭТБХ-ын ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны зөвлөлийн гишүүн, Хүүхдийн төлөө үндэсний төвийн гишүүн юм. Түүний бурхны шашныг дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2007 онд Монгол Улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор шагнасан байдаг. Д.Чойжамц хамба Гандантэгчинлэн хийдийн шугамаар дэлхийн олон оронд айлчилжээ. Ялангуяа буддын шашинтай орон түлхүү байдаг Азийн ихэнхи оронд очиж, нүд тайлсан байна. Тэрбээр Далай багшаас эхлээд Ромын пап, Энэтхэгийн улс төрч Соня Гандитай уулзахад таатай байснаа ярих дуртай. Түүнийг муухан улс төрчөөс илүү уран илтгэгч гэдгийг уулзсан бүхэн хэлдэг. Тэрбээр монгол хүн, эх орон, уламжлалт ёс гээд өргөн сэдвээр оюутнуудад лекц уншдаг. Нэг удаа тэрбээр тухайн үеийн БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар нартай хамтран “Гөрөөсний цус ууж, амьтны халуун амь таслахгүй байх”-ыг уриалсан нь нийгэм даяар эерэг хандлага төрүүлж байлаа. Энэ явдлаас хойш улстөрчид олон нийтийг хамарсан акц зохион байгуулахдаа хамбыг “гол дүр”-ээ болгон ашиглах нь олширсон.

Зарим нэг ойр дотны хүмүүс нь Д.Чойжамц хамбыг тун эх оронч үзэл сурталтай гэлцдэг. Харин тэрбээр өөрөө эх оронч үзлийн талаар “Энэ ухагдахууныг би томоор дүрсэлж ойлгомооргүй байна. Их өчүүхэн зүйлээс эхэлнэ. Нэг гишүүн нь архи ууж наргиад явдаг өрх айлын хувийн амьдрал доголддог. Өөрөөс нь эх орон эхэлдэг юм. Бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэж байж ирээдүйгээ цогцлооно. Дор бүрнээ оюун ухаалаг, хөдөлмөрч байх сан. Энгийн зүйлээс л эх орон эхэлдгийг мартаж болохгүй. Өөрийгөө энхэрлэн барих нь унал болгоны үүд болдог. Эх болсон хамаг амьтныг энхэрлэн барих нь сайн үрийн суурь болдог юм шүү. Ард түмнийхээ төлөө л үнэн сэтгэлээсээ зүтгэ. Үеийн үед нэр төр, хувь заяа чинь тэгш явна. Хувиа хичээж явах нь тэр үеэ л аргалж өнгөрөөх хэрэг. Дараагийн үед бүдгэрнэ. Аягүй бол хараар ч үлдэж мэднэ. Өөрийн үндэс язгууртаа учруулаад байгаа нүгэл хилэнц гэвэл авах гээхийн ухааныг ялгаж салгаж мэддэг төрөлхийн ухаанаа алдмааргүй байна. Эв нэгдлийг бий болгох ёстой. Түүнчлэн бид болион мэдэлтэй байна. Энэ нь өөрийн хэрээс давсан шунал, хүсэлтэй байхыг хэлдэг. Чадал хүчиндээ тохирсон хүсэлтэй байж, түүнийгээ олж хийж байх нь чухал. Ингэж чадваас нэр алдар, эд таваар, өргөл хүндлэл цэвэр цэмцгэр байна. Хэтэрсэн хүсэл хүнийг буруу тийш хөтөлдөг” хэмээн ярьсан байдаг. Манай ахмад, дунд, залуу гурван үеийн улстөрчид, томоохон удирдлагууд Д.Чойжамц хамбад бараалхан засал номоо хийлгэхийн зэрэгцээ бас улстөрийн өргөн агуулгаар номын дуу сонсож, зөвлөгөө авдаг гэдэг. Тэдэн дунд олон жил Монголын улстөрд зүтгэсэн “хашир бурхи” Ц.Нямдорж, Ч.Улаан, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдавга нарын “акулууд” байдаг гэх юм билээ. Тийм ч учраас эрхэм хамбыг улстөрөөс салгаж ойлгох аргагүй юм.

БУРХАНААС ХҮРТЭЛ БУРУУГ ХАЙГСАД

ХАМБААС Ч ГЭСЭН ӨӨ ЭРСЭН

 

Бурханаас хүртэл бурууг хайх гээд байдаг хүмүүс Д.Чойжамц хамбаас хүртэл өө сэв хайна. Үүний нэг нь Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн тэрбээр IX Богд Жавзундамба хутагтыг Монголын бурхан шашны тэргүүнээр өргөмжлөхөд гол үүрэг гүйцэтгэж, дэмжсэн гэсэн үг яриа. Үүнийг “Их хүрээ” хийдийн тэргүүн хамба З.Санждорж хууль бус гэж үзэн захиргааны шүүхэд гомдол гаргасан. З.Санждорж хамба “IX Богд Жавзундамба хутагтыг залах ёслолыг Д.Чойжамц хамба ганцаараа дур мэдэн шийдсэн. Уг нь чуулганаа хуралдуулж байж шийдэх ёстой. Тэгээд ч Түвдэд төрсөн хүнээр Монголын бурхан шашныг толгойлуулна гэдэг үндэсний эрх ашигт ч нөлөөлж магадгүй. Энэ нь “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”-ийг зөрчиж буй үйлдэл юм. Гэтэл тэргүүн хамба болохоор хүчээр залах гээд байдаг нь ёс зүйд ч нийцэхгүй. Үүнийгээ ч маш ихээр нууцалж байгаа” хэмээн ярьсан нь олны анхаарлыг татаж хэсэгтээ л хэл ам дагуулаад амжсан. Хамбыг хэл аманд хутгасан хоёр дахь асуудал нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбогдсон асуудал байв. Япончуудын өгсөн телевизийн студи “TV9 телевиз”-ийг Н.Энхбаяр хувьдаа авахад нь түүнийг оролцсон гэж хардаж байсан. Тиймээс түүнийг АТГ-аас дуудан мэдүүлэг авсан. Хамба лам Д.Чойжамц хамба ч дуудсан ёсоор очиж “Телевизийн студи Гандантэгчинлэн хийдэд ямар ч хамаагүй” хэмээн мэдүүлснээр тэр асуудал тэгсхийгээд намжсан.

ХАМБАТАЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Одоогоос найман жилийн өмнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Онгийн хийдийг үүсгэн байгуулагч Брагри ёнзэн Дамцагдоржийн дөрөвдүгээр дүрээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүү есөн настай хүү Ү.Мөнхсүх тодорсон. Түүнийг Д.Чойжамц лам Энэтхэгийн Сэра хийдэд залж, гурав хоног аялж хүргэж өгсөн. Есөн настай гэгээнтэн тус хийдэд 16 жилийн турш бурхан шашны ном эрдэм, дэг жаягт суралцахаар болсон юм. Сонирхолтой нь энэ аялад Д.Чойжамц хамбатай цуг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан, “Ажнай” группын захирал Д.Бат-Эрдэнэ, “Энержи ресурс” группийн дэд захирлууд явсан байдаг.

Д.Чойжамц Оюутолгойн нөөц ихтэй томоохон ордын нэг болох Херуга ордын нэрийг хайрласан түүхтэй. Энэ нь санскрит хэлээр “дээд амгалан” гэсэн үг аж. Хамба ламтан үе үехэн Оюутолгойн ордод очиж ном уншин, бүтээн байгуулалттай нь танилцдаг. Ийн нэг удаа ном айлдсаны дараа хоёр могой гарч иржээ. Үүнийг нь тэр хавьд нь байсан хүмүүс “Лус баярлахаар могой гарч ирдэг” гэж ихэд билэгшээсэн байна. Нээрээ ч удалгүй хур орохгүй удсан говь нутагт гурав хоног шиврээ бороо орсон байна.

Д.Чойжамц хамба хэд хэдэн телевизийн рекламд оролцсон байдаг. Хамгийн сонирхолтой нь тэрбээр нутгийнхаа Бүрэн сумын дуучин А.Хосбаярын анхны цомгийн эхний дуу болох “Тэргүүн хамбын нутаг”-ийн клипэнд ээжийнхээ хамт тоглосон юм. Хамба ламтан өндөр настай ижийгээ өдий хүртэл асран байгаа хүмүүн ачлал төгөлдөр хүү билээ. Социализмын үед хүмүүсийг эхнэр авахыг шаарддаг байсан ч хамба бусдаас онцгойдоо эхнэр аваагүй хэрэг биш юм. Мэдээж бурхан номын дэг жаягт нь эхнэр авахгүй байх хатуу сахил байдаг байх. Тэгээд ч Чой хамба сайн багш, эцэг эхийн дэргэд дэг журамтай өссөн нь ч бас нөлөөлөө байх. Энгийн хувцас өмсдөггүй тэрээр, өглөө салхинд гарахдаа л хөнгөн хувцас өмсдөг. Лам хуврагуудын хувцсанд маш их утга учир агуулагдаж байдаг сайхан хувцас учраас энгийн хувцас өмсөх тийм ёс, шаардлага ч байхгүй хэмээдэг юм билээ.

Сэтгүүлч С.Мөнхжаргал

Улстөрч агентлагийн өмч мөн тул хуулбарлахыг хориглоно

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.215.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.