М.Тулгат: Хүүхдийнхээ боловсролд анхаарахгүй ЗӨНД НЬ ОРХИДОГ аав, ээжүүдийг гайхаж байна
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-02-23

Коронавиурсийн цар тахлын улмаас Монгол улсын боловсролын байгууллага бүтэн хоёр жил үйл ажиллагаагаа зогсоож, багш хүүхдүүдийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, боловсролыг орхигдуулаад байгаа билээ. Хэдийгээр цахимаар, онлайнаар хичээлийг нөхөж зааж байгаач үр дүнд хүрэхгүй, олон хүүхэд боловсролын хоцрогдолд орж буй талаар Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тодорхой тоо судалгааг гарган ярьж байгаа. Тэгвэл бид ХӨЛ ХОРИОТОЙ зэрэгцээд хүүхдүүдийнхээ боловсролд анхаарах ёстой, хичээл сургуулийн үйл ажиллагаг эхлүүлье гэсэн саналыг гаргаад буй НИТХ-ын төлөөлөгч М.Тулгаттай ярилцлаа.

Засгийн газар, УОК, Боловсролын яамнаас Коронавирусийн цар тахлын аюулаас хүүхэд багачуудаас хамгаалах зорилгоор хичээлийн танхимын сургалтыг үйл ажиллаааг бүтэн хоёр жил зогсоосон. Энэ нь ч зөв гэж эцэг эхчүүд үзэж байна. Таны хувьд харин эсрэг байр суурьтай буюу хичээл сургалтыг хэвийн горимд шилжүүлж, танхимын хичээлийг эхлүүлье гэсэн санал гаргасан нь хүчтэй эсэргүүцэлтэй тулж байна. Эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж яагаад ийм санал гаргав?

Төр засгаас ямар ч шийдвэр гаргаагүй. Нэг үгээр хэлбэл тодорхой шийдвэр төлөвлөгөө, цогц шийдэл, хөтөлбөрийг танилцуулаагүй. Ийм ийм бэлтгэл ажлыг хангана, ийм байдлаар сургалтыг эхлүүлнэ гэсэн нарийн тооцоо гаргаагүй. Салбарын сайд нь л 03 сарын 10-наас үе шаттайгаар нээн л гэсэн. Яг яаж нээх вэ гэдэг нь тодорхойгүй. Шийдэл, гарц хэрэгтэй биз дээ. Түүнтэй нь танилцмаар байна. Өнөөдрийг хүртэл судлах, төлөвлөх бүтэн хоёр жилийн хугацааг алдчихлаа. Ковид бол дэлхий нийтийг шалгалаа. Монголчууд уг нь эрдэмтэй хүнийг дээдэлдэг, ном судрыг чухалчилдаг ард түмэн. Гэтэл ковидоос болоод хүүхдүүдийн хичээл сургалт орхигдоод байхад хэн ч юу ч дуугарахгүй, шүүмжлэхгүй, санаа оноогоо хэлэхгүй байгааг гайхаад байна. Яагаад боловсролоо нэхэхгүй байна вэ.

Ихэнх хүмүүс эрүүл мэндээ нэгдүгээрт тавьж байна. Мэдээж эрүүл байх нь сурахаас чухал шүү дээ?

Мэдээж эрүүл байх нь чухал. Үүнийг хэн ч эсэргүүцээгүй. Ковидоос өөр өвчнөөр жилд 400 орчим хүн хорт хавдраар болон өөр бусад шалтгаанаар нас бардаг байхад яагаад дуугардаггүй байсан юм бэ... Яагаад заавал Ковидын үед эрүүл байхыг чухалчилж байна вэ. Яагаад ковидын үед бүх зүйлээ тас хаачихаж байгаа юм бэ. Өдийд сургууль цэцэрлэгээ хаана гэдэг бол гамшиг. Манайх шиг ийм бодлого өөр улсад байхгүй.

Ор тас хаачихаагүй байна шүү дээ? Цахимаар буюу онлайнаар хичээл явж л байна шүү дээ?

Теле болон цахим хичээл ямар ч үр дүнгүй, уйтгартай байна гэдгийг эцэг эхчүүд, хүүхдүүд ч хэлж байна. Төлөөлөгч хүний хувьд тойргийнхоо гэр хороолол болон орон сууцны хорооллоор явж танилцахад хэлсэн. Энэ бол богино хугацааны арга шүү дээ. Гэтэл манай улс урт хугацаанд хэрэглээд эхлэхээр уйтгартай болж байна. Ээж аав нь хүүхдийнхээ боловсролд анхаарч байгаа нэг хэсэг байхад гар утасгүй, компьютергүй, тэрбүүхэл тог цахилгаангүй ч өрх байна. Хүүхэдтэйгээ хамт хичээл хийж чадахгүй ээж аавууд ч байна. Англи хэлгүй аав ээжүүд тухайлбал хүүхэддээ яаж англи хэл зааж чадах вэ. Нийтээрээ болохгүй байгаа юм биш. Тодорхой хэсэг нь сайн байна. Гэтэл том хэсэг нь боловсролын ялгавартай байдалд шилжиж, хоцрогдолд орж байна. Үүнийг яах вэ гэдэг л санаа. Хүүхэд бүр ижил эрхтэй. Энэ эрх нь зөрчигдөөд байхаар хэн хариуцлага хүлээх юм бэ... Энэ чинь ирээдүйд үүсэх баян хоосны ялгаа, сайн муугийн зааг ялгааг л гаргана. Маш эмгэнэлтэй дүр зураг бий болж байна.

За тэгвэл энэ хоцрогдлыг арилгах, зааг ялгааг үгүй болгохын тулд ямар бодлого хэрэгжүүлэх ёстой юм бэ. Танд ямар нэг шийдэл, гаргалгаа байна уу?

Нэг тодорхой жишээ хэлье. Коронагийн өлгий гэж болох БХНАУ-д хүүхдүүдийн хичээл тасалдахгүй хэвийн явж байна. Сая цагаан сарын баяр нь болж байхад хүртэл зүгээр байна. Гэтэл манай улс яагаад бүтэн хоёр жил боловсролоо хаачихав. Яах ёстой юм бэ гэдэг шийдэл асууж байна. Нэг гаргалгаа байна. Онлайнаар, теле хичээлээ үзээд хоцрогдоогүй байгаа хүүхдүүдээ онлайнаар нь заачих. Харин хоцрогдчихоод байгаа хүүхдүүдээ халдвар хамгааллын дэглэмээ сахиулаад, хоорондын зайгаа бариад, маск зүүгээд хичээлээ хийх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Хүүхдээ хичээлд явуулахгүй гэж байгаа хүмүүст сонголтыг нь үлдээх нь зөв.

Хүүхдүүд хичээлд явж байхдаа аюулт цар тахалд өртвөл яах вэ?

Кароаке бар, ресторон нь онгойгоод хичээл сургууль нь хаалттай байх нь зөв юм уу... Хүүхдүүдийн бөөгнөрлөөс илүүтэй зах, худалдааны төв нь нээгдчихлээ. Энэ нь тийм зөв, лгиктой зүйл үү. Нэг жишээ дурдъя. Япон улсад хичээл сургууль нээчихсэн байгаа. Тэгэхэд халдвар тархалт сул байна. Боловсролын орчинд байгаа халдвар нь зах худалдааны төвийнхөөс бага гэсэн судалгаа гарчээ.

Танайд хичээл сургуульд явдаг бага насны хүүхэд хэд байна вэ?

Манайх бага насны гурван хүүхэдтэй. Нэг нь цэцэрлэгт, нөгөө хоёр нь арван жилийн дунд сургуулийн хүүхдүүд.

Танайх ч гэсэн танхимын хичээлд хүүхдээ явуулмаар байна гэсэн үг үү?

Хэрэвээ сургууль хичээллээд эхэлбэл явуулна. Одоогоор бол ээж нь гэртээ хүүхдүүдийнхээ хичээл боловсролд анхаараад давтлага өгч байгаа. Хоцрогдсон, доголдсон зүйл алга.

Танай тойрог, дүүргийн өрхүүдэд тог цахилгаангүйн улмаас хүүхдүүд онлайн хичээл үзэх боломжгүй өрх хэр их байна вэ?

2020 оны сүүлчээр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Дэм дэмэндээ” аян санаачилж гэр хорооллын айл өрхүүдэд тусламж хүргэсэн. Тэр аянд төлөөлөгчийн хувьд нэлээд ач холбогдол өгч тойргийнхоо өрхүүдэд орсон. Тэгэхэд теле хичээлээ нөхөж үзэх боломжгүй, дата бааз нь байхгүй, гар утас, нөүтбүүк байхгүй.

УОК-оос 03 сарын 10-н гээд хичээл сургалтын үйл ажиллагааг нээнэ гэдгээ мэдэгдчихсэн. Гэтэл та одоо яаралтай сургуулиа нээж, хичээлээ оруул гэх юм. Нэг талдаа улстөр ч юм шиг харагдаад байна л даа?

Ингэж дуугарч байж л нээнэ гэдгээ хэллээ шүү дээ. Тэгээгүй бол яах байсан юм бэ. Хүлцэнгүй, хүлээцтэй байж болохгүй шүү дээ. Мэдээж ганцхан би биш л дээ. Ингэж шахах нь зөв. Дуугарч байж л ямар нэг шийдвэр гаргуулна.

Цаашдаа бид нар яах ёстой юм бэ. Ковидтойгоо эвлэрээд явах юм уу?

Хүн бүрт сонголтыг олгох нь зөв. Эрсдлээс хамгаалах нь чухал. Хоёр жил хоцрогдсон боловсролыг нөхнө гэдэг бол хүнд. Хүүхэд зургаан настайдаа сурах ёстойгоо л сурна. Долоон настайдаа сурах зүйлээ сурна. Ирээдүйд л том алдаа болно доо. Нийгэмдээ гологдох тийм үр дагавар болно.  Бүх хүн ижил гараанаас эхлэх ёстой.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.234.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.