Г.Сайханбаяр: 2020 онд халагдсан цэргүүд ийм ЗӨРЧИЛ гаргасан байна. Бүгдийд нь дуудаж ХАРИУЦЛАГА ТООЦНО
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-02-26

Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хааж байсан цэргүүд оны ялгаа гаргаж нэгнийгээ дэглэж яргалсан нэгэн бичлэг цахим орчинд тархаад байна. Бид энэ асуудлаар Батлан хамгаалахын сайд  Г.Сайханбаяртай утсаар холбогдож дараах тодруулгыг авлаа.

Сайн байна уу? Сайдаа Хүндэт харуулын 032 дугаар ангид болсон цэргийн дэглэлтийн талаар танд мэдсэн зүйл байна уу?

Сайхан хаваржиж байна. Цэргүүд хооронд ийм асуудал үүссэн байна. Бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан цагаас хойш бид яаралтай ажиллагаа явуулж, шалгалт хийсэн. Энэ үйл явдал нь 2020 онд болсон байна. 2019 онд татагдаж ирээд 2020 онд халагдсан цэргүүд ийм хэрцгий яргалал үйлдсэн байна.

Цэргийн анги нэгтгэлд ийм дарамт, дэг байх ёстой юу?

Энэ бол байж болохгүй асуудал. Цэргүүдээ хайрлаж, хүмүүжүүлж чадаагүй дарга нарт үе шаттайгаар хариуцлага тооцно. 2020 онд халагдсан бүх цэргүүдийн бүгдийг нь дуудсан байгаа. Тэдэнд ч бас хариуцлага тооцно. Ийм балмад зүйл аль ч ангид байж болохгүй.

Мөн хилийн цэргийн ангиудад ч бас цэргүүд амиа хорлосон харамсалтай хэргүүд ч шил дагаад гарлаа. Батлан хамгаалах яамны зүгээс үүнд хяналт, шалгалт хийх үү...

Харамсалтай мэдээллүүд гарсаныг анзаарсан. Ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье. Гэхдээ хилийн цэрэг бол манайд хамаагүй. Хуулиараа Хууль зүй дотоод хэргийн сайдын эрх хэмжээнд хамаарна. Дотоодын цэрэг, ШШЕГ, Хилийн цэрэг нь хууль зүйн сайдын удирдлага доор явагдана.

Ер нь цэргийн алба хаасан хүн бүрт дэг байх ёстой гэдэг ойлголт байдаг шүү дээ... Эр хүн бол цэргээр хүмүүждэг ч гэж ярьдаг. Дэглэлт байх нь хэвийн зүйл үү?

Энэ цаг ийм зүйл байж болохгүй. Зэвсэгт хүчний бүх анги нэгтгэлүүдэд шалгалт явуулна. Өнөөдрийн бичлэгтэй холбоотойгоор бүх мэдээллийг өг гэдгийг ЗХЖШ-ын хэвлэлийн даргад үүрэг болгосон. Одоо мэдээлэл хийх ёстой. Ийм зөрчил ахиж гаргахгүй байхын тулд хяналт шалгалтыг эрчимжүүлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.17.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.