Цусгүй хувьсгалын “ЦАГААН ХООЛОЙ”
Нийтлэл
/
2021-03-01

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН АНХНЫ 13-ЫН НЭГ

ДОГМИДЫН СОСОРБАРАМ

 

Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Дамдинсүрэнгийн Сосорбарам 1958 оны өвөл Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд Товгорын бууц хэмээх буйдхан газарт төржээ. Билэг танхай эрхэм гавьяатын аав нь Дамдинсүрэн гэдэг хүн байдаг ч тэрбээр өвөг эцэг Догмидоороо овоглодог. Монгол түмний ааг омогорхлыг аргагүй л нэг төрүүлж чаддаг хосгүй авьяас билэгтэй жүжигчин бол яах аргагүй Д.Сосорбарам. “Илүү сартай зун”-ы Галбадрах, “Атга нөж” жүжгийн Чингис хаан, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн дүрийг түүнээс өөр жүжигчин бүтээнэ төсөөлөхийн аргагүй. Чухам Д.Сосорбарам гэдэг хүнд л зориулаад туурвисан бүтээлүүд үү гэлтэй. Тийм л агуу жүжигчин.

Монгол улсын тайз, дэлгэцийн нэрт жүжигчин, Монголын хошин урлагийн тулгын чулууг тавигчдын нэг, Р.Чойномын нэрэмжит нэг хүний “Од” театрын жүжигчин, өгүүлэхүйн урлагийн мастер Д.Сосорбарам бол яалт ч үгүй бас улс төрийн хүрээний “ясны” тэмцэгч мөн. Яагаад гэвэл тэр Монгол Улсад ардчилсан нийгмийг авчирсан анхны 13-ын нэг юм. Гэвч түүнийг хүмүүс жүжигчин гэдгээр нь хүлээж авах дуртай. Монголд ардчиллын салхийг сэвэлзүүлж эрх чөлөөний төлөө тэмцэж явсан тэрбээр хүсэж тэмүүлсэн хувьсгал нь ялсны дараа урлагийн ажлаа хийгээд улстөрөөс ангид хол явсаар өдийг хүрсэн. Гэхдээ чимээгүй байж байгаад хааяахан жинтэйхэн үг хэлдэг түүнийг Ардчилсан намын үе үеийн удирдлага, жирийн гишүүд тун хүндэтгэж, “балиашиглаж” байгаа харагддаг.

ЦУСГҮЙ ХУВЬСГАЛЫН “ЦАГААН ХООЛОЙ”

Монголын ардчилсан хувьсгалыг ихэнх түүхч “цусгүй хувьсгал” хэмээн тэмдэглэн бичиж, ярьдаг. Нээрээ ч нэг ч хүний хамраас цус гаргалгүй дан залуучууд өлсгөлөн зарласнаар тайван замаар төрийн эргэлт хийсэн түүхтэй. 1989-1990 оны хооронд үргэлжилсэн улс төрийн өлсгөлөнгийн дүнд коммунист дэглэмтэй Бүгд Найрамдах Монгол Ард Улсын удирдлага огцорч, ардчилсан Монгол Улсыг 1992 онд байгуулсан билээ. Ардчилсан хувьсгалын гол хүчин оюутан, залуус байсан юм. Тодруулбал, 1989 оны арваннэгдүгээр сарын 27-28-нд Залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөн болж Ц.Элбэгдорж, Д.Сүхбаатар, С.Амарсанаа нар Ардчилсан холбоо байгуулахыг санаачилж, улс төрийн нууц бүлгэмүүд нэгдэж Монголын Ардчилсан Холбоо (МоАХ)-г байгуулжээ. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Улаанбаатар хотын Хүүхэд залуучуудын соёлын төвийн гадаа анхны цуглаанаа хийж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн гэж үздэг. 1990 оны хоёрдугаар сарын 18-нд 16 аймаг, гурван хотоос 611 төлөөлөгч, 200 зочин цуглаж МоАХ-ны анхдугаар их хурал болж Монголын ардчилсан нам байгуулагдсан ба хурлын ажиллагааг телевиз, радиогоор орон даяар шууд дамжуулсан юм. Хурлаас Сайд нарын зөвлөлийг огцруулж, Ардын их хурлыг тараах шаардлага тавьсан юм. 1990 оны гуравдугаар сарын 4-нд ардчиллын төлөөх дөрвөн холбоо МоАХ, АСХ, ШДХ, МОХ нэгдэж БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдэд хандан МоАХ-ны тавьсан шаардлагуудад хариу өгөх болон намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлахыг шаардсан. Тус цуглаанд 100 мянга гаруй хүн оролцсон байдаг. Эрх баригч МАХН, төрийн удирдлагын зүгээс хариу өгөөгүй учир 1990 оны гуравдугаар сарын 7-нд МоАХ-ны ЕЗЗ-ийн 10 гишүүн нийслэлийн төв талбайд улс төрийн өлсгөлөн зарлав. Өлсгөлөнд оролцогчдын тоо нэмэгдсээр 9-ний өдөр 33 хүрсэн юм. Сонирхуулахад өлсгөлөн зарлах тэмцэлд Ш.Нина гэх цор ганц эмэгтэй оролцсон байдаг. Монголд анх удаа улс төрийн өлсгөлөн зарласны дараа 1990 оны гуравдугаар сарын 8-нд радио, телевизээр шууд цацсан яриа хэлэлцээнд нэг талаас МоАХ-ны Ерөнхий зохицуулагч С.Зориг, мөн идэвхтэй тэмцэгч Элбэгдорж, Дорлигжав, Ганболд, Баабар, Бат-Үүл, Гончигдорж, Баасан нар, өлсгөлөн зарлагчдын төлөөллийн хамт нөгөө талаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном, орлогч дарга Д.Бямбасүрэн нар оролцсон юм. Ийнхүү гуравдугаар сарын 8-9-нд үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд талууд зөвшилцөлд хүрч нам төрийн тэргүүн Ж.Батмөнх МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээр огцрох болсныг мэдэгдсэнээр улс төрийн өлсгөлөн зогссон юм. Улмаар гуравдугаар сарын 10-нд улс төрийн нам, холбоод хамтарсан мэдэгдэл гаргаж эх орон, улс үндэстнийхээ эв нэгдэл, эрх ашгийг эрхэмлэн дээдэлж тэгш эрхтэй байх, бие биеэ харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, нэг нэгнийхээ эсрэг хүч үл хэрэглэх зарчим баримтлах бөгөөд улс төрийн тулгамдсан асуудлаар харилцан зөвлөлдөж тохиролцоонд хүрэхийг эрмэлзэхээ зарлан тунхаглав.

1990 оны долоодугаар сард Монголын анхны ардчилсан сонгууль болж, ардчилал тогтож, улмаар 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсан юм. Монгол Улсад ардчилал, хүний эрх жинхэнэ утгаараа хэрэгжиж Монгол Улс ардчилсан улс болов. Нийгэм зах зээлийн тогтолцоонд шилжиж Монгол Улс дэлхийтэй хөл зэрэгцэн алхах боломж нээгдсэн билээ. Монголд хувийн хэвшлийг чөлөөтэй болгож шашин шүтэх эрх, хувийн өмчтэй болох, гадаадад зорчих зэрэг хүний эрхүүдийг хуульчлан баталснаар монгол хүн эрх чөлөөгөө олсон юм. Анхны чөлөөт сонгууль улс орон даяар болж анхны парламент, анхны ерөнхийлөгч, анхны ардчилсан Засгийн газар байгуулагдсан түүхтэй. Ийн улс эх орондоо төрийн эргэлт хийсэн ардчилсан хувьсгалын гол хүчин нь Монголын оюутан, залуус байсан билээ. Тэднийг гол чиглүүлэгч, цагаан хоолой нь Д.Сосорбарам байсан гэдэг. Монголын Ардчилсан холбооны Зохицуулах зөвлөлийн анхны 13 гишүүн нь Нямсүрэн, Баасан лам, Д.Нинж, Ц.Элбэгдорж, С.Зориг, Б.Билэгт, Д.Сосорбарам, Ц.Энхтүвшин, Д.Сүхбаатар, Д.Энхбаатар, С.Амарсанаа Б.Энхтүвшин, Э.Бат-Үүл нар байв. Д.Сосорбарамыг жүжигчин тул анхны илтгэлээ түүгээр уншуулж байсан тухай МоАХ-ныхан дурсдаг. Гэвч тэр зөвхөн илтгэл уншигч байгаагүйг хамт хувьсгал хийж явсан олон нөхөд нь ярьдаг. Гал гарсан халуухан тэмцлийг дандаа түүгээр эхлүүлдэг байсан гэхээр мань эр ямархуу зориг зүрхтэй цогтой тэмцэгч байсан гэдэг нь тодорхой юм.

АНХНЫ 13-ААС АШИГГҮЙ ҮЛДСЭН ГАНЦ НӨХӨР

Д.Сосорбарам эх орондоо ардчиллыг авчралцсан бусад 12 нөхөд шигээ, албан тушаал хөөцөлдөж, УИХ-д нэр дэвшиж яваагүй ч өөрийн хувиа товхийтол авсан нь анх менежментийн гэрээгээр хувьчлагдаж, өдгөө банкны оффис болон түрээслэгдэж буй “Ард” кино театр. Тус үл хөдлөх хөрөнгөөрөө амьдралынхаа ашиг орлогын ахиу хэмжээг бүрдүүлдэг тухайгаа ч тэрбээр нуулгүй хэлдэг. Гэхдээ тэр бусад шигээ, бүхэл бүтэн орд газар, албан тушаалын хонжоо хараагүй юм. Хашиж явсан албан тушаалуудаас нь томоохныг дурдвал Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүн байх хугацаанд Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Үүнийхээ хариуд Төрийн соёрхолт хүртсэн гэх яриа гарч л байсан. Гэхдээ тэр Төрийн соёрхлыг гуйж аваад байхаар ч хүн биш л дээ. Гуядаж авахаар гавьяаг Монголын урлагт үлдээсэн гэдэгтэй хэн ч маргахгүй нь тодорхой. Энэ тухайгаа тэрбээр “Ерөнхийлөгч намайг шагнах тухайгаа дуулгахад өнөөх Элбэгдорж чинь найз нөхрөө шагнаад уналаа гэж хүмүүс ярина, нэр төрд чинь сэвтэй гэж хэлсэн. Гэтэл хүмүүс ярих юмаа яриг, тэр хамаагүй, хийж бүтээсэнд чинь, үнэний төлөө тууштай явсны чинь төлөө шагнах ёстой гэсэн. Би анх жаахан цааргалж байлаа. Одоо бодоход, нэрэлхсэн маань зөв боловч бас буруу байжээ. Чингис хааны дүр л гэхэд, 2007 оны “Гэгээн Муза” наадмын шилдэг гол дүр, тэр жилдээ “Лувсанвандан сан”-гийн гоозүйн дээд шагнал хүртсэн шүү дээ. Тиймээс одоо бол би энэ шагналаа хүндэтгэн, сэтгэл их өег байгаа” хэмээн ярьсан байдаг. Түүний ярьсанчлан тэр угаасаа ч төрөөс шагнал гуйх нь битгий хэл, дээд албан тушаалтнаа шүүмжилж театраасаа хүртэл хөөгдөж явсан удаатай. Ямартаа л Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн соёл, урлагийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Төрийн тэргүүнээ түмний өмнө шүүмжилж байх вэ дээ. Нэг удаа тэрбээр “Туушин” зочид буудлын хурлын танхимд болсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уулзалтад үг хэлэхдээ “Аардчилсан нам хулгайч нарын нам болсонд сэтгэл минь зовж, их ч шаналж явна. Яаж намаа цэвэрлэж авах вэ. Нэр хүнд нь унасан, бохир нөхдийг бүгдийг хөөж явуулж байж сая санаа минь амарна” хэмээсэн удаатай. Мөн тэрбээр Төрийн тэргүүн найзаа “Монгол Улсад ардчилсан нийгмийг үүсгэн байгуулагч лидерүүдийн нэг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн философи ярьж байна. Тэгвэл ухаалаг байхын бол мөрөөрөө амьдарч байгаа хүмүүсийг бүх боломжоор хангаж, баялаг бүтээхэд бүх хүмүүсийг хүндэтгэдэг байх учиртай. Тэрнээс биш хавчигнасан шийдвэргүй, зориггүй, долигоносон, ялгаварлан гадуурхсан байдалтай байж болохгүй” хэмээн ёстой л улайтал нүүрэн дээр нь хэлж байлаа.

 

ШУЛУУН ЗАНТАЙ ШУДАРГА ШҮҮМЖЛЭГЧ

Хахир өвлийн хүйтэн өдрүүдэд ардчиллын халуун галыг бадрааж явсан учир Д.Сосорбарам ардчиллын талаар ам бардам дуугарах эрхтэй хүн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрбээр Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхны 13-ын нэгийн хувиар ардчиллын үйл хэрэгт гар бие оролцдогоос гадна нам дотроо идэвхтэй дуугардаг нэгэн. Сүүлийн үед эрхэм Төрийн соёрхолтын дургүйг хүргэх зүйл их олон болсон уу,  ямартаа ч улс эх орондоо ардчиллыг авчирсан анд нөхдийнхөө талаар тэр тийм ч ам сайтай байдаггүй. Үүнийгээ ч тэр хэнээс ч айлгүй олны өмнө шулуухан хэлчихдэг зантай. Нэг удаа тэрбээр телевизийн шууд нэвтрүүлэгт орохдоо “Монголын ардчиллын хамгийн гол ололттой жил 1996-2000 он байсан. Энэ үед бий болсон суурин дээр монголчуудын амьдрал одоо хүртэл явж байна. Малчид малтай болж, иргэд нь өмчтэй болсон. Гэтэл 2000 оноос иргэдээсээ эрхийг нь, өмчийг нь булааж авдаг, улстөр өгч авч наймаалцдаг, ногоон гэрлийн компаниуд гэх мэт балиар заваан бүх юм эхэлсэн. 2000 оноос хойш Монголын ардчилал гуйвж эхэлсэн.  2008 онд МАХН (МАН) 45 суудалтай олонх болоод Засгийн газраа өөрөө байгуулаад явах ёстой байтал АН-ыг өвөртөө оруулсан. С.Баярын шийдсэн бугуйнд АН өөрөө гүйгээд орчихсон. Зүй нь 2008 онд АН сайн сөрөг хүчин байгаад эрх баригчдадаа хатуу хяналт тавиад явсан бол энэ гажуудлынхаа ядаж талыг нь залруулах боломжтой байсан. Гэтэл тэгээгүй. Монголын ардчиллын хамгийн их гуйвсан он жилүүд бол 2000-2014 он. Одоо ч зөв голдиролдоо ороогүй л явна. Ардчилсан нам, авилга хоёр их найзууд болжээ. Авилгатай тэмцэх газар сүүлийн үед нэлээд давгүй ажиллагаанууд хийгээд байна. Ард иргэдээс эрхийг нь хулгайлж, өмчийг нь булаадаг тийм балиар юмнуудтай тэмцээд эхлэхээр саад, хаалт хийгээд байгаад гайхаж байна. Бид ийм ардчиллын төлөө яваагүй. Хүмүүсийнхээ эрх чөлөөг хамгаалдаг, өмчийг нь хамгаалдаг төртэй байхын оронд юм бүхэн рүү нь хутгалдаж булаадаг төртэй болж байна. Эрх чөлөөг авчирсан АН өөрөө эрх чөлөөг нураах гээд байна” хэмээн ярьсан юм. Ингэж хэлснийхээ төлөө тэрбээр намынхандаа ил далдаар ёстой л элдвээр хэлүүлсэн дээ. Ер нь ч мань эр хэлье гэснээ хэнээс ч айхгүй хэлчихдэг, аливаа шударга бус үйлдлийг тэвчиж чаддаггүй, хүний баялгийг дураараа булааж дээрэмддэг, хээл хахууль авч, өгөлцдөг, бялдууч занд туйлын дургүй нэгэн. Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойн баярын хурлын үеэр тайзан дээр нэлээд эмоцитой гарч ирэн “Монголын ардчилсан холбоо модоор бол үндэс нь юм. Үндсийг дагаж баахан мөчир, навч ургасан. Тэр бол намаг. Энэ намаг дор амьдарч Ардчилсан намаар халхавч хийж өөрийнхөө заль мэхийг нуух гэсэн ийм увайгүй хүмүүсээр намууд дүүрсэн. Ганцхан Ардчилсан нам биш шүү. МАН, Иргэний зориг, МАХН гээд бүх намууд дотор амиа бодсон хүмүүсийг шулагчид, шимэгчид дүүрсэн байгаа. Тэд улаан цайм нүдэнд харагдаж байна. Тийм учраас өнөөдөр Монголын төр зөөлөн чихтэй, хараа хурцтай, хүнийг сонсдог, хүнд үйлчилдэг ийм төр байх ёстой гэж би бодож байна. Та нар хараарай “Монголын ардчилсан холбоо”-ны анхны лидерүүд нь энэ бохир заваан баасыг цэвэрлэх гэж зовж явна. Гэтэл өнөөдөр манай Ардчилсан нам дотор гадны хулгайчид, увайгүй, ичгүүр сонжуургүй Хүүхдийн паркийг шууд аваад иддэг хулгайчдаар шавчихсан байна. Монголын ирээдүйд бузартай. Эд нар хариуцлагаа хүлээх учиртай. Ийм тэмцлийн өдөр шүү гэдгийг хэлэхийг хүссэн. Нөгөө талаар Альберт Эйнштейн гэгч агуу сэтгэгч хүн хэлэхдээ “Хүмүүс ээ, хүн төрөлхтөн цаашдаа амьдаръя гэвэл өнөөдрөөр битгий амьдар” мөн “Амьдрал бол инээдмийн жүжиг юм” гэж. Энэ инээдмийн жүжгээсээ татгалзаж ухаалаг амьдраасай гэдгийг хэлэхийг хүссэн. Төрийн алба гэж нэг замбараагүй юм байна. Танил тал нам, намын шахааснууд энд тэндгүй оччихсон ажил нь явахгүй байгаа. Магнай, Батзандан шоронгоос гарч ирэнгүүтээ шууд Ардчилсан намын ивээлд багтаж орж ирсэн. Энэ хүмүүст хариуцлага тооц. Бидний баярлах биш тэмцэх өдөр шүү” хэмээн өөрийн нам болоод орчин үеийн нийгмийн тухай ширүүхэн шүүмжилсэн юм.

ХОСЫН АМЬДРАЛ

Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам охин, хүү хоёртой. Өдгөө хоёр хүүхэд нь хоёулаа гэр бүл болж, эрхэм гавьяат гэргийн хамтаар хэдийнээ эмээ, өвөө болцгоосон. Түүний хүү Очирхуяг аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Д.Сосорбарам гавьяат хүүгээ анх хуулийн сургуульд оруулах сонирхолтой байсан ч хүү нь өөрөө кино драмын ангид нууцаар элссэн гэдэг. Түүний хань, хайрт гэргий Б.Нинжбадгар нь ч мөн л мэргэжлийн жүжигчин. Гэвч Төрийн соёрхолтын гэр бүлийнхэн нэг гэрт нэг л жүжигчин байя хэмээж гэргий нь ажлаа орхиж, ханиа өдийг хүртэл дэмжиж, ар талын асуудлаа бат хариуцсаар яваа. Энэ тухай эрхэм гавьяат “Надаас болж жүжигчний ажлаа хийж чадаагүй ээ, миний хань. Хэрвээ ажлаа хийсэн бол яггүй, сайн жүжигчин байх байсан” хэмээн ярьсан байдаг. Үргэлж л үндэсний хувцсаар гоёж, хорин хэдтэй хосууд шиг хөтлөлцөж явдаг халуун дотно гэр бүлийн хоёр маань одоо ч нэгнийгээ “Миний хонгор” хэмээн энхрийлэн дууддаг аж.

С.Мөнхжаргал

Улстөрч агентлагаас эрхлэн гаргаж буй "Монголыг удирдаж буй эрхэмүүд" түүхэн төсөл ...

Олшруулан түгээх, хуулбарлахыг хориглоно

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.60.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.