Ноёдтой ТЭРСЭЛДСЭН "НОЁД"-ын Г.Буяндорж гэж хэн бэ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-03-05

Г.Буяндорж хохирогч уу, залилагч уу

Г.Буяндорж гэж хэн бэ. Бид МУГЖ Т.Ариунаагийн нөхөр буюу "Ноёд" группийн ерөнхийлөгч гэдгээр танина. Түүний хувьд арав гаруй жил хэлмэгдэж, хохирогч болж зохиомол хэрэгт нухчин даруулж буруугүй буруутан боллоо гээд өдгөөг хүртэл тэмцэл шалгалтын дунд яваа нэгэн.  Гэтэл түүний талд  шийдэгдсэн зүйл үгүй байсаар ирсэн нь яагаад гэж асуухад хүргэж байна. Үнэхээр Шүүх, Прокурорын байгууллага, мөрдөн байцаах албанд ажиллаж байсан өмгөөлөгч нарын нарийн зохион байгуулалттай хууль бус үйлдэл байсан уу. Тасарч өгдөггүй гинжин хэлхээ байсаар байгаа юу. Түүнийг дээрэмдчихсэн гээд байгаа бүлэг этгээдүүд хэн байсан бэ. Олон олон асуултууд ар араасаа цуварч байна. Гэмгүй бол цагаатгаж, гэмтэн бол гэмийг нь үүрүүлдэг хууль, шүүх гээч замхарал дунд явсаар байна.

 Г.Буяндоржийн залилуулсан гэх хөрөнгө 25 тэрбум төгрөг

 Түүний залилуулж дээрэмдүүлсэн гэх хөрөнгийн хэмжээ нь нийт 25 тэрбум төгрөг гэдэг. Үүнд: “Ноёд групп” болон охин компани “Ноёд констракшин” ххк-ийн өмч гэх 6,5 тэрбум төгрөгийн хөрөнгө буюу БЗД-ийн тавдугаар хороонд байршилтай 1.2 га газар, уг газар дээр баригдаж байсан 540 айлын “Сэлэнгэ-888” орон сууцны барилга, түүнд оруулсан 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гээд нийт 25 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө багтсан байна. Энэ тухай түүний яриаг баримт болгов.

 Г.БуяндоржХяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж үзсэн 

"Надад 2011 оноос хойш БНХАУ-ын иргэн Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарч явсан. Энэ хугацаанд миний бие, давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурлаар шүүгдэн 409 хоног цагдан хоригдож, 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгөө алдсан. Эцэст нь Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн. Үүний дагуу 2020 оны дөрөвдүгээр сард нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Дээд шүүх үзсэн. “Монголын төр иргэдээ хамгаалах үүргээ биелүүлэхгүй байна. Буруутай ч юм шиг, буруугүй ч юм шиг 10 жил хэлмэгдлээ. Монголын төр ард иргэдээсээ хэзээ уучлал гуйдаг болох юм, бид хэдэн жил хүлээх вэ. Нотлогдохгүй бол цагаатгах ёстой шүү дээ гэж тэрбээр ярив.

Г.Буяндорж бусдыг залилсан уу

 Одоогоос долоон жилийн өмнө Г.Буяндорж нь 1,6 тэрбум төгрөгийг иргэдээс залилсан гэх асуудал яригдаж байв.  Хардах шалтгаан мэдээж байсан.  Гэвч тус асуудалд 2014 оны 06-р сарын 24-ны өдөр  Г.Буяндоржийн өмгөөлөгч Ш.Буянжаргал тайлбар өгсөн байдаг. Тэрбээр “Шүүхээр гэмт буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад шүүхэд нөлөөлөх гэж байгаа мэт илт ташаа мэдээлэл гарах боллоо. Бодит байдал дээр хохирогч гэх Хятад улсын иргэн Шиан Дон Шен гэгч нь Г.Буяндоржтой "Зуучлалын гэрээ" байгуулж, үүгээ нотариатаар баталгаажуулсан. Энэ нь иргэний эрх зүйн гэрээний маргаан юм. 1,6 тэрбум төгрөгийг бусдаас, монгол иргэдээс залилсан гэх асуудал огт байхгүй. Бусдыг залилсан мэтээр буруу ташаа мэдээлэл явж байгаад залруулах нь зүйтэй гэж үзлээ” хэмээж байв.

Ингээд түүнийг залилагч уу, хохирогч уу гэсэн төөрөгдөл олны дунд төрчихөөд байсан юм. Харамсалтай түүний 25 тэрбумын хохирол ч өдгөөг хүртэл  дуулиан хэвээр байна. Тэрбээр гэр бүлийн хамт /2020.03.03/ прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хүртэл хийлээ. Аргаа барсан хүний найдлага өлсгөлөн, суулт,  зулын гол болно гэж айлгах гээд хэд хэдэн арга бий болчихсон. Г. Буяндоржийн хувьд дуучин эхнэр МУСТА Т.Ариунаагийн хамт хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт зарлах сонголтоор эхлэв. Түүнчлэн  Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан дараах 3 шаардлагыг тавьж буйгаа хэлэв. Үүнд:

  1. 2011-2021 оны хооронд 10 жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 7-8 прокурорт ёс зүйн хариуцлага хүлээлгэх
  2. Хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэрэг дээр ажлын баг гаргаж, шалгах
  3. Миний компанийг залилсан этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүлэхийг шаардаж байна гэжээ. Түүний зүгээс тус гурван шаардлагыг биелүүлтэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэдэг байр суурьтай байгаа нь тодорхой болсон.

Ямартай ч хуулийн шудрага тогтолцоо оршиж байгаа гэдэгт эргэлзэх шалтгааныг  тус гэр бүлийн асуудал тод харагдуулсаар  байна . 

Г.Нэргүй 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.209.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.