С.Энхболд: Эмнэлгүүдэд хэрэглэдэг цусан бүтээгдэхүүн олон улсын шаардлага хангасныг нүүр бардам хэлж болно.
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-03-16

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 /ЭМСХХ-5/ төсөл манай улсын эрүүл мэндийн салбарт 2013-2021 онд амжилттай хэрэгжиж, дуусах шатандаа ороод байна. Үндэсний хэмжээнд цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, хот, хөдөөгийн эмнэлгүүдийн хог хаягдлын менежментийг сайжруулах, эмнэлгүүдийн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах үндсэн зорилтыг дэвшүүлэн ажилласан төслийн үр дүнг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран, ЭМСХХ-4, 5, 6 нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч А.Мөнхтайван ингэж дүгнэв.

-ЭМСХХ-5 төслийг амжилттай хэрэгжүүлж дуусах шатандаа орлоо. Энэ удаагийн төслийн онцлог юу байв?
-С.Энхболд: 
Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хоорондын олон талт хамтын ажиллагаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төсөл цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах чиглэлээр 2013 оноос эхлэн хэрэгжиж, дуусах шатандаа орлоо. Нийт 38.2 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн төслийг эрүүл мэндийн байгууллагуудад амжилттай хэрэгжлээ.  Төслийн хүрээнд ЦССҮТ-ийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан. Цус цуглуулах, үйлдвэрлэх, хадгалах, хэрэглэгчид хүргэх, үр дүнд хяналт тавих гээд бүх үе шатанд шинэ технологи (нийт 13), инновац нэвтрүүллээ. Цусны донор зохион байгуулалтыг шинэ шатанд гарган, авлагагүй донорын эгнээг нэмэгдүүлснийг онцлох нь зүйтэй. Энэ шинэчлэлийн үр дүнд ЦССҮТ-ийн үйл ажиллагааны чанар олон улсын түвшинд хүрснийг баталж, Лондонд төвтэй “Lloyd's Register Quality Assurance (Shanghai) Co.,Ltd олон улсын байгууллага ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын гэрчилгээг 2019 онд гурван жилийн хугацаатай олгосон. Монгол Улсад цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал бүрэн хангагдсанаар эмнэлгүүдэд хэрэглэдэг цусан бүтээгдэхүүн олон улсын шаардлага хангасныг нүүр бардам хэлж болно. 

-Эмнэлгээр үйлчлүүлэгч, эмч, мэргэжилтнүүдийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлд хүрсэн үр дүнгээ хэрхэн хадгалах, цаашид энэ чиглэлээр ямар бодлого барьж ажиллах вэ? 
-С.Энхболд: 

Төслийн хүрээнд УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, ХСҮТ гээд  төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүд, БОЭТ-үүд, аймгуудын нэгдсэн эмнэлэг гээд нийт 27  эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага хамрагдсан. Эмнэлгүүдийн Төвлөрсөн ариутгалын тасгуудыг халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан зөв зохион байгуулалттай, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болгож, багаж угаах, халдваргүйжүүлэх, савлах, ариутгах дамжлагуудыг автоматжуулах орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр хангалаа. Энэ ажилд нийт 66 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Мөн эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудад хамрууллаа. 
Төсөлд хамрагдаж амжаагүй долоон аймгийн нэгдсэн эмнэлэгт АХБ-ны нэмэлт санхүүжилтийн зээлийн дагуу энэ хавар дээрх төсөл хэрэгжинэ. Ингэснээр манай улсын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн халдварын сэргийлэлт, ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаа олон улсын стандартын түвшинд хүрэх юм. Цар тахалтай тэмцэж буй үед халдварын сэргийлэлт, хяналтыг олон улсын стандартын түвшинд хүргэж буй нь эмнэлгийн орчин дахь халдвараас үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилтнуудыг сэргийлэх, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн маш чухал ажил боллоо. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.135.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.