Ж.Дамдинцэрэн: Аавынхаа яриа, дүрс бичлэгийг архивт өгсөн нь үнэн
Ярилцлага
/
2021-03-24

Суут хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров гуайн хүү Дамдинцэрэн Нийслэлийн Соёл урлагын газрын даргаар ажилладаг, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Гэтэл түүнийг аавийнхаа 30 цагийн яриа, дүрс бичлэг, гэрэл зургыг Архивын газарт 49 сая төгрөгөөр үнэлж шахсан байж болзошгүй гэсэн баримт байгаа юм. Тодруулбал өөрийн Жанцанноров сангаараа дамжуулан Монголын түүхэн аман өв архивт 50 сая орчим төгрөгийн үнэтэй ажлыг хийсэн байгаа юм.

Архивын газарт та аавынхаа яриа, дүрс бичлэгийг 50 саяын гэрээ хийгээд материалаа өгсөн нь үнэн үү?

-Тэр бол үнэн. Яагаад гэхээр хууль зүйн яамнаас санаачилсан төсөл шүү дээ. Хууль зүйн яамнаас аавыг энэ төсөлд анхны хүнээр оруулая гэсэн болохоор оруулсан.

 Таныг төрийн албан хаагч хүн байж, илт давуу байдлаа ашиглаж өөртөө ашиг олох ажлыг хийлээ гэж хардхаар байна?

2016 оны 10 дугаар сарын 7 нд би Нийслэлийн Соёл урлагын газар даргаар ажилд орсон. 2019 оны 06  дугаар сарын 05-ны өдөр би ажилаа хүлээлгэж өгсөн байсан. Энэ хооронд би төрийн албан хаагч байсан. 2020 оны 12 сарын 10-ны өдөр би буцаад ажилдаа орсон.

Аман өв гээд төслийг хууль зүйн яамнаас анх санаачилсан. Тухайн үед Нямдорж сайд байсан. Нямдорж сайд миний сонссоноор архивийн ерөнхий газрын нэг арга хэмжээнд очоод ер нь бид нар амьд байгаа хүмүүсээ байгаа дээр нь яриаг нь авъя. Монгол Улсад энэ нь архивын том өв болно. Тэгэхгүй бол бид одоо цаасаар авдаг, хэн нэгэн нь бичсэнээр ойлгодог, эсвэл түүх намтарыг нь бичсэн байдаг. Амьд сэрүүн байхад нь тухайн хүнийг бичиж үлдээх нь чухал юм гэсэн санааг гаргасан.  Тэр үед Нямдорж сайд Н.Жанцанноров гуайгаас эхлэе учир нь соёлын хүн, төр нийгмийн зүтгэлтэн учир гээд ааваас эхлэсэн. Энэ хүний яриаг бичиж архивлахын тулд гүйцэтгэх хэрэгтэй болно. Төслийн зорилго болох 30-40 цагийн материалыг хоёр сарын хугацаанд бичсэн. Үүнээсээ бид хоёр цагийг нь нэвтрүүлэг болгоод МҮОНРТ, ТВ25, Эх орон телевизээр гаргасан.  Хоёр цагийн нэвтрүүлэг маань “Аман өв” гээд пэйж хуудас дээр нийтлэгдсэн.

Хадгалахаас гадна түгээн дэлгэрүүлэх ажил явагдаж байгаа юм байна гэж ойлголоо?

Тийм. Бидэнд 30-40 цагийн материал бий. Үүнд хаана төрсөн, ямар арван жилд сурсан, тэр үед ямар багш нар байсан, улс ямар бодлоготой байсан, их сургууль хаана төгссөн, гадагшаа яагаад явуулдаг болсон, хүрч ирсэний дараа намын төв хороо гэдэг ямар учиртай, улсын соёлын бодлого нь ямар байсан, тухайн үед дарга ямар бодлого баримталдаг байсан гээд бүх амьдралаа 30-40 цагт ярьсан. Тэрийг нь түүвэрлээд хоёр цаг болгосон. Архивийн Ерөнхий Газар бид бүгдийг нь хүлээлгээд өгсөн. Цаашид Н.Жанцанноров гэдэг хүнийг магадгүй судлаач нар судлах байх. Өөрөө амаараа ярьчихсан юм чинь дараа нь судлаачид үүнийг үзэх боломжтой. Бас тэр 30-40цагийн яриагаа подкаст хэлбэрээр гаргачихсан. Яваандаа сэдэв болгоноор нь сангаас цацах юм. “Аман өв” төсөл бол цаашид Н.Жанцанноров гэдэг хүнээр дуусахгүй. Миний зорилго юу вэ гэхээр олон нийтэд танигдаагүй ч гэсэн соёл урлагын, нийгмийн, улс төрийн салбарт маш олон хүмүүс юм хийгээд бүтээгээд амьдрал нь дуусаж байгаа хүмүүс бас байна шүү дээ. Бид тэр хүмүүсийг бичиж үлдээх хэрэгтэй. Зөвхөн соёл урлагын салбарт биш цаашдаа улс төрийн салбарынхныг ч бас бичиж үлдээх хэрэгтэй. Яагаад Монгол Улсын ерөнхийлөгч нар яриагаа бичээд үлдээж болохгүй гэж? Ийм л төсөл шүү дээ. Анхных нь манай аав болчихсон.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.202.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.