Хагарсныг эвлэрүүлэх, бутарсныг цуглуулах ХҮЧ
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-03-26

Цагтаа монголын парламентын сөрөг хүчин болж мандаж явсан Ардчилсан намынхан өнөөдөр гудамжинд лааз өшиглөж яваа. Энэ намыг Гудамжнаас төрийн ордон хүртэл залж жолоодох хүчтэй, мөнгөтэй, нөлөөтэй, шударга лидер хэрэгтэй. Норовын Алтанхуягаас хойш энэ намд тийм лидер харамсалтай нь өнөөдрийг хүртэл тодорсонгүй. Зандаахүүгийн Энхболдын зурсан зураг, барьсан байшин нь үндсэндээ нураад уначихлаа. 2017 онд нэг эрс шинэчлэлт, эргэлт хийх гэж оролдсон ч тэгэсгээд намжсан. Тэд 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал гэж ярих дуртай. Гэвч өнөөдөр 1990 оны хувьсгалаа өөрсдийн гараар амийг нь таслаж, булшлах гэж байна. Энэ ажлыг С.Эрдэнэ, Ц.Туваан нар гардан гүйцэтгэж байгаа.

Наанаа энэ хоёр боловч цаана нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга гэсэн ХАНА бий... Үндсэндээ Ц.Элбэгдоржийг ялахын тулд, яллахын тулд НАМД ДОТОР нь хагаралдаан үүсгэж түүгээрээ өөртөө оноо авахын тулд бүгдийг өөрийн дүрмээр тоглуулж байна. Эцсийн хохирогч нь Ардчилсан намын эгэл жирийн гишүүд, ахмад зүтгэлтнүүд юм. Одоо энэ зодоонд цэг тавих ганц хүн нь ердөө л АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭ ДАРГА.

Тэгвэл шинэ даргын суудлын төлөө С.Эрдэнийн тэргүүлсэн фракцаас Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, Ч.Өнөрбаяр, М.Тулгат, Ц.Уртнасан гэсэн таван хүн өрсөлдөж байгаа. Харин Женкогийн мөнгийг нь төлж, хорыг нь хутгаж, жорыг нь тааруулж байгаа Ц.Тувааны жигүүрээс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, АН-ын гишүүн Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, О.Амартүвшин гэсэн дөрвөн хүн хүч үзэж байгаа.

Эднээс АН-д үүссэн ан цавыг нэгтгэж, эвдэрсэнийг нийлүүлж, тарсаныг цуглуулах чухал үүрэг хүлээнэ. Нэр дэвшиж байгаа есөн хүнээс арай дөнгүүр нь Одонгийн Цогтгэрэл... Тэр бол хэн нэгний гар хөл болж улстөрд эртнээс хутгалдаагүй. Олон жил өөрийнхөөрөө зүтгэж, унахдаа унаж, ялахдаа ялж явсан эгэл жирийн эр хүн.

Одоо түүнд хүч байна... Бас зангараг бий... Үндсэндээ Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрыг нийлүүлэх том гүүр болох юм. Энэ үүргийг тэр л хийж чадна. Бусад нь бол бүгд ардаа эзэнтэй, дээрээ санхүүжүүлэгчтэй утсан хүүхэлдэйнүүд.

Одоо л энэ намын эв нэгдлийг хангаж, эрх баригчидтай хатуу боловч ухаалаг аргаар тэмцэхгүй бол АН үндсэндээ гудамжны өлөн тоос болох юм. Хаа хаанаа барьц алдахгүй, арга эвээр бүхнийг зохицуулах ганц ХҮЧ бол Одонгийн Цогтгэрэл мөн...

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.218.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.