Ерөнхийлөгч Х.Баттулгад ИМПИЧМЕНТ үзүүлэх үү, МАН-ын бүлгийн гишүүдэд ЯЛЛАХ ТОГТООЛ ирэх үү...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-04-20

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр нэгэн ноцтой мэдэгдэл хийж, эрх баригч МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАТАН БУУЛГАХ тухай захирамж гаргалаа. Энэ нь мэдээж эрх баричгдын уур хилэнг хөдөлгөж, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэнээр түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх нь... Ингэснээр 2021 оны Ерөнхийлөгчийн суудлын төлөөх тулаан албан ёсоор эхэллээ. Гэхдээ энэ тулааны эхлэлийг МАН-ын дарга У.Хүрэлсүх өдөөсөн гэдгийг мартах ёсгүй.

Тэрбээр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ “Миний итгэж найдаж явсан Ерөнхийлөгч Х.Баттулга харамсалтай нь итгэл алдлаа. Хууль дүрэм зөрчсөн. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл дээр олон буруу зүйл ярьсан. Цаашдаа би энэ асуудлыг хууль дүрмийн хүрээнд ярина” хэмээн онцолсон удаатай. Ерөнхий сайд асны хэлсэн тэр үг өнөөдөр биелэлээ олов. Үүнтэй холбоотой МАН-ын Удирдах зөвлөл тусгаар тогтнолын ордонд шуурхай хуралдаж байна. Эцсийн шийдвэрийг МАН-ын удирдах зөвлөл гаргана. Тэндээс магадгүй Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх ч боломжтой.

Түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах эсэх асуудал гагцхүү УИХ-д хадгалагдаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд

7 дугаар зүйл.Ерөнхийлөгч ажлаа хариуцах

1.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна.

2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

Энэ хуулийн дагуу бол Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхийг Г.Занданшатар даргатай МАН-ын бүдүүн бүлэг шийдэж болох нь. Харин кноп нь гүйцэх болов уу... Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдааны танхимд хэлсэн үгэндээ “Энэ парламентын гишүүдийн дийлэнх нь ГЭМТ ХЭРЭГТНҮҮД” хэмээн хэлсэн. Тэр үг үнэхээр үнэн бол Ерөнхийлөгчийг огцруулахаас урьтаж МАН-ын бүлгийн гишүүдэд Ерөнхий прокурорын шийдвэрээр ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ ТОГТООЛ уншигдаж мэдэх юм.  Ингээд хаврын их улстөр эхэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.108.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.