БШУЯ-ны удирдлагууд ШУТИС-ийн хичээлийн IV  байрыг нурааж 15 тэрбумаар шинэ байр бариулахаар УЛАЙРЧ БАЙНА...!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-04-29

 ШУТИС-ийн хичээлийн дөрөвдүгээр байр Үйлвдэрлэл технологи, дизайны сургуулийн барилгыг нурааж түүний оронд таван давхар барилга барихаар болсныг тус сургуулийн багш, удирдлагууд эсэргүүцээд байгаа юм.

1959 онд БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгээр оюутны дотуур байрны зориулалтаар анх байгуулагдсан дээрх барилгыг ШУТИС-ийн харьяа салбар сургууль хэлбэрээр ашиглаж байгаа. Дээрх барилгын ашиглатын хугацаа дууссан, элэгдэл хорогдол гарч, засвар үйлчилгээ хийх шаардлага үүссэн тул сургуулийн удирдлагууд Боловсролын үе үеийн сайдуудад шинээр барих төслийг танилцуулж байсан ч дэмжигдээгүй аж. Дээрх саналыг Боловсролын яамныхан эсрэгээр нь хүлээн авч яамны барилга болгохоор санаархжээ. Монгол Улсын Засгийн газар, УОК-ийн шийдвэрийн дагуу бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Үндсэндээ ЕБС болон бүх их дээд сургууль одоо эзэнгүй гэсэн үг.

Гэтэл ЧОНО БОРООНООР гэгчээр хатуу хөл хорио, оюутнуудын танхимын хичээл орохгүй байгаа энэ цаг үеийг ашиглаж Боловсролын яамныхан  их сургуулийнхаа газрыг дээрэмдэж авахаар санаархсан аж. Ингэхдээ Боловсрол, Шинжлэх ухааны яамны шинэ барилгатай болохын тулд нүгэлийн нүдийг цаасаар хуурна гэгчээр Боловсролын үнэлгээ, мэдээллийн цахим төв нэртэй тендер зарлажээ.

Ингэхдээ одоогийн ШУТИС-ийн хичээлийн дөрөвдүгээр байрны барилгыг нурааж түүний оронд 15 тэрбумаар таван давхар шинэ, шилэн байр барих аж. Улмаар дээрх барилгын тендер зарлагдаж, зураг төсөл нь батлагдаад ирэх тавдугаар сарын эхээр барилгын ажил эхлэхээр төлөвлөгдсөн гэх. Барилгын ажлыг “Хатанбаатар” ХХК гэх компани хийж гүйцэтгэхээр болсон аж. Үндсэндээ бүхний цаана ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга одоогийн БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр байгаа гэж дээрх сургуулийн удирдлагууд үзэж байгаа гэх. Боловсролын яам өөрөө шинэ байртай болохын тулд ийнхүү нэг их сургуулийнхаа газрыг дээрэмдэж авахаар улайрч байгаа нь ичмээр асуудал. Боловсрол, Шинжлэх ухааны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарын гарын үсэг бүхий тендерийн баримт бичиг хоёр ч удаа зарлагджээ... 

ШУТИС-ийн удирдлагуудын зүгээс уг барилгыг засварлаж шинээр барих хэрэгтэй гэж яамны удирдлагууддаа удаа дараа санал өгсөн  ч дэмжээгүй атлаа яам өөрийнхөө байрыг шинэчлэхийн тулд ийм увайгүй, хулгайн төлөвлөгөө хэрэгжүүлсэн нь ийнхүү багш, ажилчдынх нь эсэргүүцэлтэй тулжээ.

Боловсролын яамыг шинэ байртай болгох асуудал Ё.Баатарбилэг сайдын үеэс яригдаж Л.Цэдэвсүрэн, Л.Энх-Амгалан нарын нүүрийг үзэж байгаа юм байна. Шинээр ажлаа аваад олон түмний хайрыг татаад буй Л.Энх-Амгалан сайд “Их дээд сургуулийн удирдлагуудтай уулзахдаа “Сургуулийнхаа газрыг зарахгүй шүү... Хэн ч төрийн өмчийг хувьдаа ашиглахгүй шүү” хэмээн зандарч байсан сайд өөрөө их сургуулийнхаа газрыг дээрэмдэх гэж байгаа нь АРИУН ЯВДАЛ МӨН ҮҮ... 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.44.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.