ТӨМӨР ЗАМЧИН ЕРӨНХИЙЛӨГЧ хэмээн түүхэнд үлдлээ
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-05-24

Улстөрч хүн өөрийн амьдрал, нийгэм дэхь байр суурь, үзэл бодол, төлөвшил, алсын хараа, хэрэгжүүлж буй бодлогоороо түүхээ бичиж үлдээдэг бол зарим нь түүхтэйгээ хамт нурж, хамт босдог. Ерөнхийлөгч Х.Баттулга бол яг ийм түүхийг бичлээ. Өөрийнхөө гараар өөрөө тэр ийм том, хэзээч балрашгүй түүхийг бичиж чадлаа. Анх Засгийн газрын гишүүн болохдоо л төмөр зам барина гэж муйхарлан зүтгэсэн нь 10 жилийн дараа ийнхүү бодит ажил, түүхэн бүтээн байгуулалт боллоо. Монголын дайсан, төрийн эрхийг мөнгөөр барьцаалсан хэмээн тодорхойлоод буй Сү.Батболдын Засгийн газарт байхдаа тэр “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого” гээчийг батлуулж чадсан. Түүнээс өөр хэн ч ийм зоригтой бодлогыг сөрөг хүчнийхээ Засгийн газраар батлуулж чадаагүй. Энэ бол эхний алхам байсан.

Түүнээс хойш Монгол Улсад төмөр зам барих бодлого эрчимтэй яригдсан ч нарийн болон бүдүүн цариг гэдэг дээр гацаж, дөрвөн жил улстөрийн гацаа хийсэн. Н.Алтахуягийн Засгийн газарт сайд байхдаа Чингис бондоос хэдэн доллар зээлж Төмөр замын далан босгосон. 280 сая долларын овоолсон шороо гэдэг нь тэр. Түүний 280 сая долларын овоолсон шороог дөрвөн жил улстөржүүлэв. Энэ хэрэгт холбогдуулж түүнийг төрийн хууль хяналтын бүх байгууллагаас шалгав. Нэг ширхэг ч “но” ололгүй 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зодоглуулсан.  Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг "Самсунг" ХХК барьж, Германы инженерүүд ирж хянасан. Энд далангийн ажил хийгдсэн. Маш их цаг зарцуулдаг. Ихэнх газар шорооны ажлыг эзэлдэг. Энэ ажилд дэлхийн хоёр том брэнд ажилласан. Ямар ч алдаа гараагүй. "Самсунг" ХХК Герман инженерүүдэд ажлаа хүлээлгэж өгдөг. Тэд чанар, стандартаа хараад хянаж, хүлээж авдаг. Зөвхөн энэ ажилд 193 сая долларыг зарцуулсан. 70 хувь хүргээд далангийн ажил зогссон. Нийт төмөр замын ажил 40 хувьтай байгаа. 280 сая долларыг эхний ээлжид өгсөн. Энэ бол нийт төмөр замын ажлын 20 хувьд зарцуулах төсөв" хэмээн тухайн үедээ тайлбар хийж байсан юм. 

Мань эр Ерөнхийлөгч болсоныхоо дараа өөрийнх нь автор болсон Төмөр замаа ямар нэг байдлаар дуусгах зорилго тавьсан нь өнөөдөр биелэлээ оллоо. Монголчууд өөрсдөө баг болж, үндэсний компани нь санхүүжүүлж төр нь нэг бодлоготой байж ТӨМӨР ЗАМАА ӨӨРСДӨӨ БАРЬЖ БОЛДОГ гэсэн нэгэн шинэ, зөв жишгийг тэр тогтоов. Үүнд нь МАН-ын тэргүүлсэн Засгийн газар ч бодит дэмжлэг үзүүлж чадлаа. Төрийн томчууд учир зүйгээ ололцож, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг бүтээж чаддаг болохыг харуулж чадлаа.

Х.Баттулга бол яах аргагүй ТӨМӨР ЗАМЧИН мөн юм. Цэргүүд гэхээр зөвхөн дайн байлдаанд оролцдог, эх орноо хамгаалдаг гэсэн ойлголттой байсан Монголчуудыг тэр өөрчилж цэргүүд энхийн цагт эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, өөрсдийн түүхээ бүтээлцэж чадлаа. Боддоо өмнө нь хугацаат цэргийн алба хаагчид нэг жилийн хугацаанд цэрэгт татагдаад 15 сая төгрөгийн цалинтай халагдаж байсан түүх байна уу...

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилга, Монгол Улсын Засгийн газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүний оролцоотой үндэсний том төсөл болох “Монголын Төмөр Зам” компани улсдаа мөнхөд бичигдэж, дурсагдах түүхийг бичсэн нь энэ юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын ажлын суурь ажил бүрэн дуусчээ.

Энэ бол түүний Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд нам нам дамжиж гацаасан төмөр замын ажлыг тэр хийж чадсанаараа түүхэнд ТӨМӨР ЗАМЧИН ЕРӨНХИЙЛӨГЧ хэмээн тэмдэглэгдэн үлдэхээр боллоо.

Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн, Урд хөршид айлчилж  мянганхонь бэлэглэсэн, хойд хөршийн төрийн тэргүүнийг эх орондоо урьж иж бүрэн стартегийн түншлэл байгуулсан, АНУ-д худалдааны тухай хууль батлуулсан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ёсчилон батласан зэрэг түүхэн шийдвэрүүд нь түүнийг тодотгон, төрийн тэргүүний үүрэгт ажлаа хэрхэн биелүүлснийг нь үнэлэх бизээ...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.187.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.