Цагаан сонголт бус БОДИТ СОНГОЛТ хийсэн нь ҮР ДҮНТЭЙ
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-01

Аливаа зүйл сайн муу хоёр талтай. Муу зүйл ч бас сайн үр дагавартай. Монголчууд хүмүүнлэг, инэрэнгүй ардчилсан төрийг цогцлоохоор сүүлийн 30 жил зүтгэж байна. Энд алдаа ч бий, оноо ч бий... 1992 оны Ардчилсан Үндсэн хуульд хүний эдлэх эрхийг тунхаглан зааснаараа өнөөдөр бид дэлхийд ардчиллын баян бүрд хэмээн цоллуулж буй.

Хязгаартай, бүх зүйл нь засаг төрийн мэдэлд байсан, нэг намыг, нэг хүнийг л тахин шүтдэг үзэлд гүн автсан монголчуудад боломж олгож, сонголт үлдээсэн, өөрийнх нь оролцоог дэмжсэн хамгийн чухал амин хэрэгтэй хуулийн заалт нь СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХ юм. Та хэн ч бай хамаагүй өөрийн үүсгэн бүлэг, тойрог, нутаг, нам эвслээсээ өөрийн чадвар, туршлага, мэдлэгтээ бат итгэлтэй байгаа бол бусдыгаа чиглүүлж, удирдан залахын тулд нэр дэвшиж маналайлж болно. Өөрийнхөө дуу хоолойг бусдын өмнөөс хүргэнэ гэсэн үг л дээ. Бид яг одоо ийм сонголтын өмнө тулж ирээд байна.

Монгочлууд улсынхаа төрийн тэргүүнийг сонгох наймдах удаагийн, анх удаа зургаан жилээр бүрэн эрх хэрэгжүүлэх сонголтын өмнө тулж ирээд байгаа. УИХ-д суудалтай гурван намаас У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарын зэрэг эрдэм мэдлэг, улстөрийн нөөц, боломж, удирдлагаараа бусдаасаа шалгарсан гурван эрхэм өрсөлдөж буй. Мэдээж тэд бол танаас хавьгүй азтай, таны оролцооны хажууд л бусдыгаа удирдаж, манлайлж явсан туршлагатай аавын хөвгүүд учраас тэдэнд төрийн тэргүүний төлөө өрсөлдөх алтан боломж олдсон юм.

Гэвч олон нийтийн дунд Ерөнхийлөгчид нэр дэвшигч гурван эрхмийг дэмжихгүй, саналын хуудсыг дугуйлахгүй гэх мэт давалгаа, сөрөг нөлөөлөл их явж байна. Яг ийм зүйл өмнөх 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тохиолдож байсан юм.

2017 оны ээлжит сонгуулиар Улсын Их Хуралд суудал бүхий Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Намаас 3 хүн нэр дэвшиж, санал авах ажиллагаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явагдсан бөгөөд уг санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй юм. Иймд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин санал хураалтад оруулахаар шийдвэрлэсэн болно. Дахин санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан . Анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсанАрдчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга /517478 санал/, Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд /411748 санал/ нарыг хоёр дахь санал хураалтад оролцуулснан. Санал асуулгын 8.3 хувь нь буюу  улсын хэмжээнд 1.206.809 иргэн саналаа өгснөөс хоёр нэр дэвшигчийг сонгохоос татгалзаж, цагаан хуудас уншуулсан 99.428 сонгогч байгаа юм.

Тэгвэл ЦАГААН СОНГОЛТ нь ямар үр дагавартай вэ...

Цагаан сонголт гэдэг бол үндсэндээ дэмжих хүн, дугуйлаад саналаа өгчих нэр дэвшигч байхгүйн улмаас сонгуульдаа идэвхтэй хамрагдаж, бүргүүлсэн ч саналын хуудсаа санал тоолох автоматжуулсан төхөөрөмжид хоосон уншуулах үйлдэл. Энэ нэг талдаа хүний эрхийн асуудал ч цаанаа цаг хугацаа, эдийн загсаг, нийгмийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлөх, дахин санал хураалт явуулахад Коронавирусийн халдвар тархах нөхцөл бүрдэх сул талуудтай.

Нөгөө талдаа улс төрийн намуудад ч ачаалалтай. Уг нь шигшигдсэн, зөв, сайн хүнээ дэвшүүлсэн ч олон нийтийн дэмжлэгийг авч чадахгүй бол дахиад нэр дэвшигч тодруулах нь нам дотор талцал хуваагдал, хүчгүйдэх болдого явагдана. Өнөөдөр бид 1,6 дахин агшсан эдийн засагтайгаар нийгмийн амьдралд оролцож байгаа. Дахин санал хураалт юм уу, дахин сонгууль зарлагдвал ахиад НЭГ ТЭРБУМ орчим төгрөгийн төсөв зарлагадана гэсэн үг. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд нийт 1106403 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1025970 сонгогч буюу 92,73 хувь нь санал хураалтад оролцсон. Харин 1997 онд нэрийн жагсаалтад бүртгэлтэй сонгогчдын 85,06 хувь, 2001 онд 82,94 хувь, 2005 онд 74,98 хувь, 2009 онд 73,59 хувь, 2013 онд 66,50 хувь, 2017 оны ээлжит сонгуулийн анхны санал хураалтад сонгогчдын 68,27 хувь, хоёр дахь санал хураалтад 60,67 хувь нь тус тус оролцож саналаа өгсөн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.173.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.