Шинэ мянганы, шинэ улс төрийн хүчин МАН
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-16

Монгол улсын улс төрийн ууган хүчин, Монгол төрийг сүүлийн 100 жилд бүтээж, босгож ирсэн МАН, тус намын дарга Ухнаагийн Хүрэлсүх Монгол улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Түүний энэ ялалтад гадаад улс орны тэргүүн нараас хамгийн түрүүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин баяр хүргэж, захидал илгээжээ. Тэрээр: -“Таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг сонгуулийн үр дүн харууллаа. Төрийн тэргүүний хувьд та Орос-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэн ажиллана гэдэгт би итгэлтэй байна” хэмээн онцолсон байна.

В.Путин гэж хэн билээ. Дэлхийн улс гүрнүүдийн топ лидерүүд дотор түүнтэй аль ч талаараа эн зэрэгцэх нэр хүнд, алдар суугаа мандуулж яваа хэн байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ялалтад ингэж онцгойлон ач холбогдол өгч байгаа нь В.Путины анхаарлын төвд Монгол улс, тэр дотроо манай улс төрийн амьдралд өрнөж буй эерэг, сөрөг бүх үйл явдал, өөрчлөлт, шинэчлэл томоохон байр эзэлж буйг илтгэнэ.

Өнөөдөр төр, засгийн бүх эрх мэдэл, үүрэг хариуцлага зөвхөн МАН-д байна. Та бид цаашид хэрхэн, яаж хөгжин дэвших, өгсөж уруудаж, унаж доройтох нь энэ намаас шууд хамаарах болно. Ард түмэн, иргэд сонгогчид ч гэсэн үүнийг л хүсчээ. Тэд яг 100 жилийн өмнө Монгол Ардын намд итгэж, найдсан шигээ энэ удаад ч гэсэн тийм түүхэн хариуцлагыг МАН-д өгч байна. Өнгөрсөн зуун жилийн түүх хүн төрөлхтөн, тэр дотроо Монголчууд Та бидний хувьд, оюун санаа, итгэл үнэмшил, үзэл баримтлал, байгаль нийгмийн хөгжлийн зүй тогтнолд хандах хандлагад маш их олон зүйл өөрчлөгдсөн ба бидний танин мэдэхүйд ч гэсэн томоохон хувьсгал гарчээ.

Гэвч төрдөө итгэх ард түмний итгэл, төрөө хүндлэн дээдлэх өвгөд дээдсээс уламжлагдан ирсэн аугаа соёлд ямар ч өөрчлөлт ороогүй юм. Төр, засгаа удам угсаа сайтай, ухаан боловсрол төгөлдөр, Монгол хүнээр удирдуулах бидний хүсэл сонирхол, зорилго ч яг хэвээрээ байна.

Та бид, сүүлийн хагас жарны хугацаанд дэлхийн соёлт хүн төрөлхтөний жишгээр улс төрийн олон намын тогтолцоонд шилжиж, эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө, ёстой найман настнаас наян настнаа хүртэл гэдэг шиг, нийгмээрээ тэмцэж ирлээ. Гэтэл юу болов. Хэсэг бүлэг этгээдийн хомхой шунал, харь элэгтний харгис бодлого, дээрэм тонуул, луйвар булхайд идэгдэж юун хөгжин дэвжих, бүр эсэргээрээ уруудан доройтож, өнөө 100 жилийн өмнөх амьдралдаа буцаад очсон мэт байдалтай байгаа нь маргашгүй үнэн. Ард иргэд, олон түмэн өнөөдөр, 100 жилийн түүхтэй, ууган улс төрийн хүчин МАН гэхээсээ илүүтэй, энэ намд эе эв, эв нэгдлийг авчирч чадсан У.Хүрэлсүхэд итгэл үзүүлж байна. Үүнийг дэлхий ч харж, мэдэрч байна. Хүндэтгэж байна. Бидний ирээдүйн хөгжил дэвшилд итгэж байна.

Харин энэ түүхэн боломжийг хэрхэн яаж, зөв зүйтэй ашиглахаас их зүйл шалтгаална. Шийдвэр гаргах төрийн бүх түвшинд өнөөдөр МАН-ын гишүүд үүрэг гүйцэтгэж, хариуцлага үүрч байгаа. Тэд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн, бүтэн хэрэгжүүлэх бүх боломж, нөхцөл байна. Харин гаргасан шийдвэр бүхнээ шуурхай хэрэгжүүлэх эр зоригтой байж, үүсч болзошгүй эрсдэлээс үл эмээн төрийн хар хүний зан чанарыг харуулах л үлдлээ.

Эрх баригчид улс орон, ард иргэдийн эрх ашигт нийцэх аливаа асуудалд зоримог, тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлээд эхэлвэл иргэд, тэр тусмаа тэдний төлөө саналаа өгсөн хүн бүр бүсээ чангалж, бүхнээ хямгадаж, хэрэгтэй хэрэгүй хэл ам, хэрүүл тэмцлээс татгалзаж чадна. Бид тэвчинэ. Бүх талаар бид дэмжинэ.

Түүнчлэн МАН бусад нам, эвслүүдэд өөрийн биеэр үлгэрлэж, дээр дооргүй өчнөөн жил яригдаж ирсэн улс төрийн намын шинэчлэлийг эрс шийдэмгий, шуурхай эхлүүлэх ёстойг ард түмэн сануулж, хүлээж байна. . Үүний тулд, намын дарга хэн байх болон гишүүнчлэлийн асуудал, баримтлах бодлого, зарчим, намын санхүүжилт гэх мэт асуудлаа ил тод болгох ёстой. Түүнчлэн намын боловсон хүчний бодлогоо цоо шинэ түвшинд гаргаж ужгирч хоцорсон, улдаж чирсэн хуучин хандлага, байр сууриасаа эрс татгалзах учиртай. “ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДАРГА ЁС, ЭВ НЭГДЭЛ”-ийн жинхэнэ утга, учрыг одоо л  харуулах, үзүүлэх, түүнээ хэрэгжүүлэх түүхэн боломж гарч ирсэн энэ цаг мөчид МАН, намын их хурлаа зарлан хуралдуулах гэж байгаа нь тун ч сайн хэрэг.

Мэдээж, энэ их хурлаар намын шинэ дарга хэн болох тухай асуудал яригдана. Амтай, хэлтэй бүхэн өөр өөрийн ашиг сонирхлын үүднээс, энийг, тэрийг болох ёстой хэмээн цэцэрхэж байгаа. Тэр мэдээж. Тэр бүү хэл, хөрш зэргэлдээ улс орны зүгээс ч тэр, 3 дахь хөрш, хилийн чанад, далай цаанаас ч гэсэн “өөрийн хүнээ” энэ суудалд тавиулах хүсэл, сонирхол байгаа нь нууц биш.

Харин МАН, намын гишүүд, дэмжигчид урьд өмнөх шигээ хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг этгээд, гадаад дотоодын элдэв хөрөнгө оруулагчдын далд сонирхол, хомхой шуналыг гүйцэлдүүлэх гэсэн этгээдийн элдэв улс төр, эдийн засгийн махинаци, өдөөн хатгалга, дарамт шахалт, элдэв тухиралт гэх мэт явцуу эрх ашиг, хүсэл сонирхолд авталгүй, зөвхөн эх орон, элгэн нутаг, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө амь насаа үйж чадах тийм хүнээ сонгох ёстой.

Шинэчлэлийн утга учир эндээс эхлэнэ. МАН ингэж чадна гэдэгт Монголын ард түмэн итгэж байна. Хүлээж байна. Найдан харж байна. Ухнаагийн Хүрэлсүхээр дамжуулан монголчуудад хандаж хэлсэн В.Путины үгийг энд дахин сануулья. -“Таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг сонгуулийн үр дүн харууллаа. Төрийн тэргүүний хувьд та Орос-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэн ажиллана гэдэгт би итгэлтэй байна” Тиймээ, Монголчуудын сонголт дэлхий дахинд ямар үнэ цэнэтэй болохыг В.Путины энэ үг нотлон харуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.196.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.