15 жилийн түүхтэй АТГ-ыг ҮГҮЙСГЭЖ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХУВИЙН МӨРДӨХ ТОВЧОО байгууллаа!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-18

УИХ-аар саяхан томилгооны сонсгол гэгчийг ил тод нээлттэй хийж Авлигатай тэмцэх газрын дэд даргад Гаваасүрэнгийн Азжаргал гэх залуу комиссарыг томилов. Уг сонсголын үеэр УИХ-ын гишүүд АТГ-ыг хангалттай сайн ажиллаж байгаа хэмээн дор бүрнээ л дүгнэн хэлж, ам уралдан сайшаан МАГТАВ. Арга ч үгүй биз. Өнөөгийн УИХ-ын гишүүдийн тэн хагас нь ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД гэж экс Ерөнхийлөгч чуулганы хуралдааны хүндэт индрээс шууд хэлсэнчлэн тэд өөрсдийнхөө хэргийг аятайхан аргалуулчих гээд тал засаж байж ч мэднэ. Тэгэхгүй бол одоогийн Ерөнхийлөгчийн хэлдэгээр ГОГДУУЛЧИХ гээд эвгүй байгаа нь лавтай.

Гэснээс Ерөнхийлөгч Х.Баттулга буухаасаа өмнө баахан хүн шагнасны дотор одоогийн АТГ-ын дарга З.Дашдаваа багтаж МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ гэсэн цол хүртэв. Ерөнхийлөгчийн зарлигт “Салхитын мөнгөний ордын лиценз эзэмшигчид, лиценз наймаалагчдын хэргийг шуурхай илрүүлж, шийдвэрлэснээр уг ордын үйл ажиллагааг сэргээсэн, олборлолтын орлогоос нь ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн, тэтгэмж олгосон зэрэг үйл явдлын угт АТГ-ын ажилтнуудын зоримог, шуурхай, хуулийн хэрэгжилтийг хангахын төлөөх итгэл үнэмшил байсан юм шүү.

Улс төрд хамааралтай этгээдүүдийн оффшорт байршуулсан мөнгийг илрүүлэх, оруулж ирүүлэх нүсэр хүнд, асар их дарамт шахалттай боловч олон нийтийн шахаж шаарддаг ажлыг мөн АТГ-ын хамт олон өнгөрсөн дөрвөн жилд чамгүй нугалж, ажилласан. Үр дүнд нь үлэмж хэмжээний мөнгөн болон мөнгөн бус урсгал барилга байгууламж, бараа материал зэрэг олон хэлбэрээр оффшороос Монголд орж ирсэн.  Нүдэнд үл харагдах ч асар их үр дүнтэй ажлыг амжуулсан АТГ-ын хамт олны цаашдын шударга ёс, хууль журмыг сахиулах үйлсэд улам их амжилт хүсэн ерөөе...” гэсэн байв. Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуульд заасан чиг үүрэг, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх, нийгэмд шударга ёс, тэгш, ил тод байдал тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангахад төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ олон нийтийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа төрийн байгууллага юм.

Гэтэл Монголд хамгийн их бяртай байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ байгууллагын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг бололтой. Учир нь саяхан болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар  авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулав. Эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулан хэрэгжүүлж ажиллахыг тус Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.

ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарласан. Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой ижил оноотой боловч 5 байраар ухарсан үзүүлэлт болж байна. Монгол Улс өмнөх оныхоос оноо буурсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг байдал нэмэгдсэнээс хамаарсан байж болох судалгааны дүн гарсан. Түүнчлэн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа эрхлэх болон гэрээ, хэлцэл байгуулахад авлигатай нүүр тулах эрсдэл нэмэгдсэн гэх шалтгаанаар манай улсын үнэлгээ буурсан байна.

Иймд төрийн албан хаагчдын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж буй байдлыг таслан зогсоох, бизнес эрхлэгчдэд учирч буй дарамт, хүнд суртал, авлигыг бууруулах төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангах зорилгоор дээрх ажлын хэсгийг байгуулжээ. Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж байна. Шинээр байгуулсан ажлын хэсэг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлэх аж.

Монгол улсад Авлигатай тэмцэх байгууллага байгуулагдаад 16 жил болж байна. Гэтэл гэнэтхэн Л.Оюун-Эрдэнэ сайдад “АД ҮЗЭГДЭХ БОЛОВ”. Учир нь доторхой. Тэр өмнөх парламентад сул гишүүн байхдаа нэгэн цагт даргаа гэж “долоож” наалдаж явсан уул шиг түшигтэй М.Энхболд даргынхаа эсрэг ажиллаж “алдарт 60 тэрбумын хэрэг” гэгчийг шалгуулахаар удаа дараа хандаж байсан ч нааштай хариуц сонсож байгаагүй. Тийм учраас АТГ-ын алба хаагчид түүнд таалагдаагүй биз. Ингээд л бяртай, хүчтэй байгаа дээрээ өөрийн багаа бүрдүүлж, бусдыг сүрдүүлж, айлгаж дарамтлахын тулд өөрийнхөө карманд бас нэг АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ БҮЛГЭМ байгуулж байгаа нь энэ юм.

Энэ нь Засгийн газрын тухай хуулийг элт зөрчсөн, Үндсэн хууль, Авлигатай тэмцэх тухай хуулиудад илт харшилсан нууц бүлгэм юм. Шууд утгаар нь хэлбэл Л.Оюун-Эрдэнийн ХОНГИЛ гэх шинэ хонгил үүсэж байна. Энэ хонгилоор хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг “ВАКЦИН ГАЦААХАД НӨЛӨӨЛСӨН” гэх үндэслэлээр чирж байгаа бол дараа нь Замын-Үүдийн ядруухан Засаг даргыг “Стандартын ариутгагч хаалт хийгээгүй, Иргэдийн ачаа ГАЦААСАН” гэх үндэслэлээх чирж байна. Нөгөөтэйгүүр 1937 онд улс даяарыг хамарсан хэлмэгдүүлэлт гэгчийн дараагийн хувилбарыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө удирдаж Х.Нямбаатараар ГҮЙЦЭТГҮҮЛЖ байна. Яг л нөгөө хувийн мөрдөх ТОВЧОО гэдэг шиг...

Улсын төсвөөс санхүүжиж, УИХ-д ажлаа тайлагнадаг АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР-т итгэх үү, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХУВИЙН КОМПАНИ болох Х.Нямбаатараар ахлуулсан Авлигатай тэмцэх бүлгэмд шалгуулах уу гэдэг сонголт ЦАГААН ЗАХТНУУДАД ҮЛДСЭН. Эсвэл МАН-ын дарга эр бяраа гайхуулж 16 жилийн түүхтэй АТГ-ыг ТАТАН БУУЛГАХ юм уу...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.22.117)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.