30 тэрбумыг 10, 10 тэрбумаар ХУВААН АВЧ зарцуулж байгаа ГУРВАН "ШИМЭГЧ"
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-09-08

Монгол Улсын Засгийн газар шигтгээ болсон дөрвөн эмэгтэй сайдтай. Гэвч тэднээс гурав нь ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР тоглож байна. Тодруулбал өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр  10, 10 тэрбумаар нь зарцуулж байна.

Соёлын сайд Чинбатын Номин: Түүхч хэмээх С.Чулуунаас сайдын тамгыг нь шилжүүлж авсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт гэнэт арын хаалгаар ороод ирсэн “урилгагүй зочин”. Түүнийг сайдын сэнтийд залрахад өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөө байсан гэх яриа бий. За ямартай ч өнөөдөр тэр Соёлын сайдын суудалд заларч байгаа нь гол. Эрч хүчтэй, залуу сайд ажлыг уламзуулаад өгнө, Соёлын салбарыг өөд татна гэж хүлээж байсан ч сэтгэлд хүрсэнгүй. Харин ч хууль зөрчсөн томилгоонууд удирдаж байгаа яамд нь удаа дараа хийгдэж байхад тэднийг эсэргүүцэх чадваргүй сууж байгаа нь анхаарал татдаг. Гол асуудал нь тэр бас ИХ МӨНГӨТЭЙ НЭР ХОЛБОГДДОГ. Ардын хувьсгалын 100 жилийн ой хүрээнд түүнд 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ захиран зарцуулах эрх олгогдсон. Гэтэл улс орон даяар Коронавирусийн цар тахлыг даван туулахын тулд Засгийн газар нь байдгаа барж, энд тэндээс ВАКЦИН ГУЙЛГАЧИЛЖ авч байхад Соёлын сайд залуухан эмэгтэй 10 тэрбумаар “гараа угаачихсан”. Манай улстөрч.мн сайт анх хөндөж гаргасан энэ сэдэв газар авч, бүх хэвлэлээр бичиж байж арай гэж дээрх төсвийн талыг нь Ковидын эсрэг зарцуулах шийдвэр гаргуулсан. Ч.Номин сайд өөрөө энэ тухай мэдэгдэж, цахим хуудастаа албан ёсны гэмээр тайлбар хийж байсан ч “нүглийн нүдийг цаасаар хуурна” гэгч болж, худлаа хэлээд 10 тэрбумаасаа дийлэнхийг  нь үрэн таран хийчихсэн байгаа. Ингээд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 10 ТЭРБУМ ТӨГРӨГ ямар ч үнэ цэнэгүй болж, салхинд хийссэн мэт замхрав. Гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл үгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасан: Сүүлийн үед энэ сайдтай холбоотой “ёс бус” үг хэллэг, үйл явдлууд эрчимтэй өрнөсөн. Олны хэл ам дагуулсан “Андлалын хөшөө” гэгчийг нураах шийдвэр гаргасан, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой ШОНХОР ШУВУУ-г Арабуудад агнах зөвшөөрөл олгосон, Айрагны зан үйлийн өргөө байгуулах шйидвэр гаргасан, Хөвсгөл далайд аяласан зэрэг олон шүүмжлэл энэ хүнийг дайрдаг. Тэлевизийн сэтгүүлч хийж олон жил явсан тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас сонгогдсон Чинбатын Ундрамын ерөнхий менежрээр ажилласан гэгддэг. Шагналд нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн “Шинэ-Үеийн” гэх тодотголтой Засгийн газрын гишүүн болсон. Улс орны байгаль орчин, бүрэн бүтэн байдал, экологийн салбар бодлогоос гадна Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажилладаг. Энэ нь Нийслэлийн агаарын бохирдол, хөрсний бохирдлыг арилгахад чухал бодлого хэрэгжүүлдэг асар том бүтэцтэй. Зөвхөн энэ үндэсний хороо 2021 онд 7,8 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонг шинэчлэхээр болсон. Энэ төслийг Чингэлтэй дүүргийн гэр хорооллоос эхлүүлэх ёстой хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй чуулганы хуралдааны үеэр хэрэлдээд амжсан. Ямартай ч Хан-Уул, Баянзүрх дүүргийн гэр хорооллын зарим азтай, МАН-ын гишүүн дэмжигч айлуудын нүхэн жорлон эко нойл хэлбэрээр солигдчихсон байгаа. 2 тэрбум гаруй төгрөг нь дууссан.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяа: МАН-ын дотоод үйл хэрэгт идэвхтэй оролцож ирсэн, нам доторх хүчтэй эмэгтэйчүүдийн нэг. 2020 оны УИХ-ын сонгуулийн ялалтын дараа У.Хүрэлсүхийн тэргүүлсэн 31 дэх Засгийн газарт анх хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар орж ирсэн. Сүүлд буюу 2021 оны Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт улирсан. Хүнсний толан нь зорилтод бүлгийнхэндээ бус 200 гаруй хоньтой, хоёр жийптэй баячуудад очдог болох нь тогтоогдсон. Энэ байдлаас харахад л ямар хэмжээнд ажил хийж байгаа нь илт танигдана. Үндэсний статистикийн хорооны дарга байхдаа МАН-ын лидерүүдэд боломжийн ажилладаг хэмээн таалагдаж, улмаар сайдын сэнтийд оччихсон нэгэн. Мөн л коронавирусийн цар тахлын үед Засгийн газар нь хэмнэлтийн горимд ажиллаж байхад А.Ариунзаяа сайд хамгийн үрэлгэн зан гаргасан. Хүүхдүүд зусланд явах нь бүүхэл олигтой ч баярлаж чадахгүй байхад коронагийн хөл хорион дундуур ЗУСЛАНГИЙН БАЙШИНГИЙН ДЭЭВЭР ЗАСНА гэх зэргээр хэдэн зуун саяар нь мөнгө урсгачихсан баримт өмнө Улстөрч.мн сайтаар гарсан. Тэгэл энэ эмэгтэй мөн л дээрх хоёр баян сайдын адил Засгийн газраас 11,8 тэрбум төгрөгийг зүгээр, ямар ч үр ашиггүй, дэмий зүйл үрэхээр өөрийн багцдаа суулгачихсан байгаа. Тодруулбал “Халамжаас Хөдөлмөрт” гэх хөтөлбөрийн хүрээнд төр өөрийн бэлтгэсэн ажилгүй залуучуудаа сургалтад суулгаж, ажлын байранд гаргах дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ гэнэ. Энэ хүрээнд 5000 ажилгүй хүнийг “Вакумжуулсан сургалтад” хамруулж мэргэжлийн чиг баримжаа олгож хүн тус бүрт НЭГ САЯ төгрөг олгох гэнэ.

Засгийн газар, Улсын онцгой комисс нь МӨНГӨГҮЙ байна одоо яах вэ гээд эрүүл мэндийн даатгал төлөгчдийн мөнгөнөөс хумслахаа зарлачихсан. Гэтэл ямар ч үг ашиггүй, үр дүнгүй арга хэмжээнүүдэд дээрх нэр дурдсан гурван сайд 30 орчим ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ГАРАА УГААЖ, салхинд хийсгэж, ажил хийсэн, Засгийн газрын, МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нэр зүүх гэж байгаа нь харамсалтай.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.157.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.