Анхны ерөнхийлөгчийн жимээр гүйж яваа бүсгүй
Г.Золбаяр
Нийтлэл
/
2021-09-22
Арван жилийн үй зайгүй найз охин маань Завханы охин  байлаа. Хожим ажил хөдөлмөрийн гараанд хөл тавиад золоор учирсан найз маань мөн Завханы охин байв. Сэтгүүлч хийгээд дуучин найзтай болсон  нь Завханы охин байв. Ингэж явсаар Говь-Алтайн би Завханы олон найзуудтай  болжээ. Тэр охид юугаараа ижил төстэй байсан юм бол гэж хааяа бодогдох. Туйлын сэргэлэн, юмхнаар юм хийх  онцгой чадвартай, гүйлгээ  ухаан сайтай, ямар ч  хүнтэй хэл амаа ололцдог, ажил хэргийн талбарт манлайлна. Тийм бүсгүйчүүд Завханых байжээ. Экс ерөнхийлөгч П.Очирбаттай  ярилцлагын ширээний ард суусан нь сэтгүүлч миний хувьд ерөнхийлөгчтэй хийсэн  анхны ярилцлага байв. Дараа дараагийнхтай нь  ярилцлага хийж үзээгүй явна. Энэ мэтчилэн олон сайхан түүхийг бодоход З.Нарантуяа гишүүн сэтгэлд ойр буух  ажээ.

Санхүүгийн “магнат”

З.Нарантуяагийн хүүхэд нас Завхан аймагт өнгөрчээ. ОХУ-ын Эрхүү хотод 1991 онд оюутан болж очсон байна. Эх орондоо 1999 онд СЭЗДС-ийг дүүргэж улмаар 2005 онд АНУ-ын Нью-Йорк хотод Колумбын их сургуульд төрийн удирдлагаар магистр хамгаалжээ. Түүний ажилласан газрууд аргагүй зэрэг зиндаа илтгэнэ. Төв банкнаас  ажлын гараагаа эхэлсэн будаг нь ханхалсан боловсон хүчин 14 жилийн дараа “Монгол шуудан” банкны Дэд захирал болжээ. Түүний урд хэн өрсөлдөж, хэн албан тушаалтай нь маргах билээ. Дөрвөн жил тухайн албан тушаалд ажилласны дараа “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогч болсон, төд удалгүй өөрийн “Парита энд Партнерс” компаниа үүсгэн байгуулжээ. Тухайн үеийн УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллах  хувь тохиосон нь түүний улстөрчийн замналын эхлэл байсан юм. Санхүүгийн зохицуулах хороо хэмээх өндөр үүдтэй байгууллага З.Нарантуяаг онцолж даргаар ажилласан  нь салбарынхан дундаа орон зайгаа тунхагласан үйл явдал болов. Албан тушаал,  ажлын туршлага бүх талаараа тэр салбартаа “магнат” гэмээр хүн  аж.

Улс төр?

Энэ салбар ирээдүйтэй боловсон хүчинд асуултын  тэмдэгтэй хамт ирсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Сайтар мэргэшсэн чадварлаг боловсон хүчний хувьд улс төрийн амьдрал юугаараа  онцгой  санагдаж сэтгэл татах билээ дээ. Түүний улс төрийн чиг баримтлал Ардчилсан  намтай таарч байсан гэж үзсэн бололтой. “Бололтой”  ч гэж, Завхан аймгийн Ардчилсан намын хорооны даргаар түүнийг эргэлзэлгүй тавьснаас ямар их итгэл хүлээлгэснийг харж болохоор байна. Ердөө хоёрхон жилийн дараа нутгийн зон олон З.Нарантуяад итгэл хүлээлгэж УИХ-ын гишүүнээр сонгосон юм. 2016 оноос эхлэн  санхүүч бүсгүй Төсвийн зарлагын хяналтын хорооны дэд даргаар ажиллаж байгаа. Мэргэшсэн салбар, ажлын туршлагад нь яв цав тохирсон албан тушаалд сэпхийтэл тавьжээ. Тэр яг 100 хувь улстөрчийн амьдралаар амьдраад байгаа хэрэг биш. Мэргэжлийн ажлаа оффисоо  өөрчлөн хийгээд байна гэсэн үг.

Имиж

Түүний  дүр төрх  имиж бүрдүүлэлт Хилари Клинтоныг санагдуулам. Монголын Хилари гэчихэд хэтрүүлэг болохгүй. Энэ парламентын охид бүсгүйчүүд хэлсэн үг, хийсэн үйлдэл, өмссөн хувцаснаасаа болж эцэс төгсгөлгүй шүүмжлүүлж байгаа. Харин З.Нарантуяа гол ус шиг намуухан  ажиллаж,  ордонд оршин байж, зурагчны хурц дуран хараанд өртөхдөө өө сэвгүй байж чадаж байна. Ер нь имиж бүрдүүлэлт бол тухайн хүний тархины үзүүлэлттэй шууд хамааралтай зүйл. Тэр тусмаа  санхүүгийн салбараас төрөн гарсан бүсгүйчүүд энэ  тал дээр  цаанаа  цэмцгэр байдаг даа. Наад  зах нь банкны  бүсгүйчүүдийг л нэг харчих. Салбар нь өөрөө цэмцгэр байхыг шаардаж байна. Ер нь бол биеэ зөв сайхан авч явах нь дан ганц их хурлын гишүүн гэлтгүй хүн нэг бүрийн үүрэг.

Үг харамлахын  учир

З.Нарантуяа үгэндээ харам явсаар 2019 онтой золгоод байна. Харин үйлдэл бол тэрүүхэн тэндээ шагхийж байгаа. Зүгээр л төсөөл,  үе үеийн хашир улстөрчид, тойрог тойргоос шилэгдэж ирсэн гишүүд гэдэг “хатуу самар”. Тэр нөхдийн төсвийг хэрхэн зарлага гаргаж байгааг хянаж сууна гэдэг амар хялбар  даваа биш. Айхгүй, зоригтойгоор  дуугарч, ажиллахыг нөхцөл байдал түүнээс шаардсан. Өнөө хэр нь хариуцсан ажил дээр нь хэл ам, бор цагаан  шувуу нисэхгүй байгаа нь хэр бэлтгэгдсэн боловсон хүчин байсныг харуулж байна. Тэр ярихдаа үргэлж тоо баримт ашигладаг. Амьдрал нь тоон үзүүлэлт дунд өнгөрч байгаа хойно. Түүний нэг  шүүмжлэлийг иш татъя.

 "Үндсэн чиглэлийн биелэлтийг нэг бүрчлэн уншиж үзлээ. Үндсэн чиглэлийн зорилтыг анх тавихдаа л юу ч бодоогүй мөрөөдлийн жагсаалт хийчихсэн. Хийж, хангаж байна гэсэн үг өгүүлбэрүүд их. Уг нь тухайн жилийн зорилтыг хэрэгжүүлсэн дүгнэлт байх ёстой гэж бодож байна.

Үндсэн чиглэлийн арга хэмжээнд урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 их наяд төгрөг зарцуулсан.Төлөвлөгөөтэй харьцуулахад 25.4 хувь болсон. Энэ нь зорилтоо бүрэн хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн нөөц нь хязгаарлагдмал байжээ гэсэн Аудитын энэ дүгнэлттэй би санал нийлэхгүй байна. Гүйцэтгэлийн аудит гэж байдаг. Зарсан мөнгө болгоныхоо үр ашгийг бодит гүйцэтгэл, тавьсан зорилгодоо хүрэхэд хүрэлцэж, зарцуулагдаж байна уу гэдгийг үнэлэх ажлыг аудит хийх ёстой. Түүнийгээ хийгээгүй улс төрийн өнгө аяс дагуулсан зүйл оруулж ирж байна.

Засгийн газар бодлогын уялдаагаа хангаж, яамдууд томоохон төслөө хөдөлгөх зүйлд анхаарсан  бол өнөөдрийн макро эдийн засаг илүү сайжирсан байх ёстой” /2018.05 сар/

Зүрх сэтгэл 

Нийгмийг цочроосон хамгийн эмзэг сэдэв бол хүүхэд хамгаалал, хүчирхийлэлтэй холбоотой асуудал.  Бид энэ асуудал дээр үргэлж эмэгтэй гишүүдийн дуу  хоолой, үйлдлээр цангах болсон. Яагаад ч юм эх хүн, эмэгтэй хүн гэдэг утгаараа хамгийн түрүүнд дуугараасай гэж гунигтай нүдээр тэднийг ширтэж, хүлээлт тавьж байгаа. Маш цөөхөн. Харин манлайд нь З.Нарантуяа байв. Тэр жирийн үед  тэр бүр хэл амаа билүүдээд эсвэл камер харахаараа “хэл ордог” нэгэн биш. Одооны аймшигт мэдээлэл түгэхээс 2 жилийн өмнө тэрбээр энэ асуудал дээр жинтэй дуугарч байлаа. Сийрүүлбээс,

“Монгол Улсад гэр бүл, хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд онцгой анхаарч, охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бэхжүүлэх зайлшгүй шаардлага, нийгмийн хэрэгцээ бий болсон байна.  Үүний тод илрэл нь сүүлийн үед гарч байгаа хүүхдийн эрхийн зөрчлүүд, бие махбодийн хүчирхийлэл, ялангуяа бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргүүд зэрэг  сэтгэл эмзэглүүлсэн олон үйл явдлаар харагдаж байна. Энэ бүхний  эсрэг “Нүдээ нээ” аяныг өрнүүлж эхэлсэн.  Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хамгаалах, сэтгэлзүй, хуулийн хамгаалалт, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, аюулгүй орчинд байрлуулах, түр болон, удаан хугацаагаар байршуулах байруудад хүргэх, авах, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ зэрэгт батлагдсан төсөв огт хүрэлцдэггүйгээс хуулийн заалт орон нутагт бодитойгоор хэрэгжих боломжгүй байдаг. Хүүхэд хамгааллын тухай хуулийг “Боломжийн” хэмжээнд хэрэгжүүлье гэвэл 11,5 тэрбум, “Бүрэн сайн” хэрэгжүүлье гэвэл 21,1 тэрбум төгрөгийг жил бүр төсөвт тусгах шаардлагатай байгаа тооцоо судалгааг олон улсын шинжээчид 2015 онд хийсэн” гэж тэрбээр энэ асуудлыг  хөндөх үедээ сэтгүүлчдэд мэдээлж байсан.

Үнэн үг цаг хугацааны шалгуурт үнэ цэнэ нь өсдөг. З.Нарантуяа асуудлыг хөндөж тавьснаас хойш 2 жилийн дараа бидний  ёстой орой руу орж байна. Одоо хүүхдийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авахаар шат шатандаа нэгдэж байгаа нь сайшаалтай хэрэг. “Нүдээ нээ” профайлтай зургийг та фэйсбүүкээс олонтаа  харах болно. Шинэ зүйл биш, хоёр жилийн  өмнөх аяны үнэ цэнэ одоо мэдэгдэж байгаа нь тэр юм.

Түүний зүрх ингэж цохилжээ. Их хурлын гишүүн болсноор заавал хийчих юмсан гэж чин сэтгэлээсээ зорьсон ажил нь энэ асуудал байж. Монголын мянга мянган хүүхдүүд түүнд талархаж байгаа. Хэдийгээр  санасан тоондоо хүртэл төсөв мөнгө зарцуулагдаагүй байсан ч дуугарсан нь, эхлүүлсэн нь, туг нь болж намирсан нь үүрэг хариуцлага ухамсар билээ.

Завханы үйлчид

Төрийн түшээ болгон өөрийн гэсэн нэрийн хуудас болох ажлаа тойрогтоо хийсэн байдаг. Хожим тэрхүү үйлсээрээ нэрлэгдэж он цагийг туулбал улс төрч хүний хувьд баяр жаргал нь байх. З.Нарантуяа гишүүний хувьд аймагтаа оёдлын цех олныг байгуулсан байна. Гар урлал, жижиг зүйлсийг урлан бүтээгдэхүүнээ худалдаж амжиргаагаа залгуулаасай гэсэн чин хүсэл. Загас барьж өгөх биш загас барих аргыг нь зааж өгөхийг З.Нарантуяа чухалчилжээ. Бүсгүйчүүд үр хүүхдээ өсгөх ар гэрийн ахуйн ажилд дарагдахаас болж ажилгүй суух ёсгүй. Өрхийн гишүүн бүр орлоготой байх нь ганц Завхан аймгийн асуудал биш, улсын хэмжээний асуудал юм. Гэхдээ эрхэм гишүүн энэ талаар нийтэд зарлан мэдээлэхийг урьтал болгоогүй нь ажиглагдсан. Ямар ч байсан толгойн доторх ажил хэрэгжиж эхлээд цаашлаад эрчээ авахын цагт мэдээлэх бол алга урвуулах төдий амархан асуудал.

Дуулиан шуугиан

Улстөрч л юм чинь унах босох, шүүмжлүүлэхийн зовлон жаргалыг зах зухаас нь амсах нь зүйн хэрэг. З.Нарантуяагийн нөхөр Д.Баяндүүрэн СЕХ-ны ажлын албаны дарга албан тушаалтай. Үүнээс болж сонгуулийн үеэр эсрэг талын тавьсан сум бас л эрчтэй явсан. Хэчнээн том чулуу шидсэн ч тэр нь савангийн хөөс мэт замхарч байвал оногдох ёстой эзэн үнэн дардан замаар алхаж байжээ гэсэн үг. Өөр нэг дуулиан. Түүнийг АТГ-т шалгуулж амжсан байдаг. Мөн л сонгуулийн дараахан болсон үйл явдал. Санхүүгийн зохицуулах хорооны дарга байхдаа өөрийн намын журмын нөхөр Батж.Батбаярын гомдлын дагуу Монголын нэгэн томоохон ХК-ийг удаа дараа дарамтлуулан шалгуулж байсан гэж мэдээлсэн байна. Нэгэн ХХК-ийн үйл ажиллагааг доройтуулсан, авлига авсан гэх үндэслэлээр АТГ түүнийг шалгасан байдаг. Нэрийг нь сонсоход жийрхэм энэ газар үнэн шударга яваа хүнд бол харин ч таатай байдаг байж мэднэ. Шалгуулахаар очихдоо сүр дуулиантай очих тусмаа сайн. Хэрэв гэм буруугүй нь тогтоогдвол тэр хаалгаар нүүр бардам толгой хаялан гарч ирнэ шүү дээ.

Тойрогт нь

Тал бүрээс нь шинжиж дууссан бол тухайн гишүүний тойргоор нэг ороод гарах нь сүүлийн шат дамжлага. З.Нарантуяа Завхан аймгийн хамгийн урд талын сум болох Отгон сумын иргэд түүнд  саналаа  өгч сонгосон. Энэ сум бол төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхан байдаг онцгой газар. Газар усны энерги,  билэгдэл, зүй  тогтол бол нүдэнд үл үзэгдэх энергийн бүрхүүл. Сайхан энергитэй газраар явж сайхан хүмүүстэй уулзах бидний биеийн эрчим хүчийг нэмдэг юм шиг санагддаг. З.Нарантуяа тойргийнхонтойгоо ч уулзаж энергээ ч аваад тал бүрийн давуу  талтай явдаг гишүүн байх нь. Тус сум 2670 гаруй хүн амтай, 222 мянган толгой малтай. Тиймээс мал  аж ахуйгаа түшиглэн хөгжиж байгаа юм. Гишүүний хийдэг ажил  мэдээж нэг хоёроор тогтохгүй тул зарим нэгийг энд дурьдах нь зүй. Отгон сумын Баянбулаг багт иж бүрэн хоёр гэр цэцэрлэг байгуулж өгсөн нь чихэнд чимэгтэй сайхан мэдээ байв. Бяцхан багачууд додигор амьдарч сурч боловсорч байвал бүх хүмүүс  баяр хөөртэй байх болно. Отгон сум  харилцаа холбооны үүрэн телефон интернэтгүй сум байсныг эрхэм гишүүн дэлхийтэй холбож өгсөн. 550 сая төгрөгийн өртөг бүхий өндөр хурдны интернэтийг нэвтрүүлэх ажил хийгдэж дууссан нь баярт үйл явдал. Хормын төдийд өндөр хурдны бүр 4G сүлжээ нэвтэрсэн гээд бод доо. Мөн хоёр багийн дунд үүрэн телефон  утасны сүлжээ орсон байна. Бүтэн 6 жил төсөв  нь шийдэгдэхгүй явсан ажлыг энэ бүсгүй дуусгах ёстой байж.  Мэдээж эмнэлэг, сургууль цэцэрлэгийн засвар зэрэг жижиг ажлууд  бол их хурлын гишүүн, иргэдийн хурлын төлөөлөгч болон төрийн сонгуульт ажил хийдэг хүмүүсийн гарын дор амжуулах ёстой даалгавар. Гишүүд тойргоороо ихэвчлэн зуны улиралд зугаатай сайхан яваа харагддаг. Ордон зун цагт эзгүйрдэг талаар хошин шог хүртэл бий. Харин З.Нарантуяа өвөл  очсон байна билээ. Яаж мэдээд байна гэхлээр өвөл очсон мэдээллээ гишүүн түлхүү  тавьсан  байгаа юм. Мэдээж бусад улиралд ч  тойрог, нутаг усаараа орж гарч явдаг. Зундаа дэлгэр, өлсөж даарах, зуд  турхны зовлонгүй цагт төрийн түшээд ер нь очиж үзэж хараад байх шаардлага байна уу? Ард түмэн яг нарийндаа өвөл хамгийн их зутардаг. Үнэхээр асуудал шийдэх гэж байгаа бол улирлаа сонгож оч гэмээр санагдаад байгаа юм. Эмч өвчтэй  хүнд хэрэгтэй, улс төрч ард түмний аль хүнд хүчир цаг мөчид дэргэд нь зогсох учиртай.

Гишүүн аймгаа зорьж очихдоо даналзтал асуудал шийдээд нийслэлд цогтой буудаг. Зүгээр нэг жишээ авъя. Аль ч аймагт ер нь дэлхийн хаана ч эрүүл мэндийн асуудал нэгдүгээрт  эрэмбэлэгдэнэ. Завхайн аймгийн  хэмжээнд эрүүл  мэндийн салбарт хавдрын өвчлөлийн  хэмжээ улсын дунджаас  өндөр, нийт эмнэлгийн нас баралтын 48 хувийг эзэлж  байгаа юм  байна. Энэ нь ундны усны бүтэц, хөрсний бохирдол, хувь хүмүүсийн амьдралын хэв маяг гэхчлэн олон зүйлээс хамаарч байгаа. Энэхүү асуудлаар шалтгааныг судлах ажил  ид явагдаж байгаа бөгөөд хавдрын хөнгөвчлөх үйлчилгээний тасагт шаардлагатай тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч ажиллаж байгаа эмнэлгийнхэнд гишүүн онцгойлон талархал илэрхийлжээ. Заавал хэн нэгэн хүн ирж асуудлыг шийдэхийг хүлээлгүй зориод очиход хийсэн ажилтай угтаж  байгаа нь улстөрчийн хувьд сайхан үйл явдал билээ. Завхан нутгийнхан гишүүнтэйгээ хэрхэн гар нийлж ажиллаж байгаагийн бодит илрэл энэ мэт зүйлсээс харагддаг. Эрүүл мэндийн яамны зүгээс аймгийн хэмжээнд тулгамдаж байсан эмнэлгийн түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдэж, нэгдсэн эмнэлэг, Их уул, Баянхайрхан, Алдархаан, Эрдэнэхайрхан зэрэг сумдад өгөхөөр шийдвэрлэснийг сонгогчиддоо дуулгасан нь төрийн түшээгийн хувиар хэлж болох баярт мэдээ байв. Чухам ямар мэдээг хэн дуулгаж байгаа нь бас  өнцөг.

 Квот ба чанар шалгагч

З.Нарантуяа 2012  онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга байв. Тэр үед энэ бүсгүй салбар салбараас бүсгүйчүүдийг намдаа урьж өөрийн гараар бэлтгэсэн байдаг. Тэрхүү зөв шийдвэрийн ачаар тухайн оны сонгуульд намаас 6 эмэгтэй гишүүн сонгогдсон түүхтэй. Шижир алт шиг 6 бүсгүйг одоо хэр нь хүмүүс үгүйлж байна гэхээр З.Нарантуяагийн билгийн мэлмий аргагүй тод гийжээ. Хэдийгээр олонх биш  байгаа үед ч  тэр анхны энэ үүрэг зорилтоосоо ухралгүй дахин ийм тооны, бүр илүү тооны бүсгүйчүүд оруулж ирэхийн төлөө системтэйгээр бэлтгэж байгаа гэдгээ нэгэн ярилцлагандаа ил шулуухан хэлсэн байв. Мэдээж энэ өөр бусад намынханд сонсоход таатай мэдээ биш. Гэвч өрсөлдөөн бол өрсөлдөөн. Яг одоогийн байдлаар УИХ-ын эмэгтэй гишүүдийн квот 16. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулбал энэ тоо нэмэгдэх боломжтой. З.Нарантуяа үүний араас тууштай явахаа мөн илэрхийлсэн. Түүний хэлснээр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулбал 25-30 хүргэх боломжтой гэж үзэж  байгаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо гэж байгууллага хэрхэн жигд сайн машин шиг ажиллаж байгааг бид өдөр  тутамдаа харж байгаа. Ардчилсан намын бүсгүйчүүд сүрхий гэдэг магтаалыг олонтаа сонсоход З.Нарантуяагийн үүрэг роль багагүй байсан байна. Тэр өөрийнхөө ажлыг ядах юмгүй хийхийн зэрэгцээ залгамж халаа, хамтран зүтгэгчдээ бэлтгэх тал дээр хойш суусангүй. Улстөрч хүнд байх ёстой чанарын нэг байх. Товчхондоо түүнийг  хөлөө олж ядан ордон дотор төөрдөг хэсэг бүлгээс зааглаж гэрэлтүүлж байгаа  өгөгдөл энэ юм.

 Парламентын тогоонд эрчүүдээс хэд дахин цөөн  тооны бүсгүйчүүд өнөөг хүртэлх хугацаанд бужигнасан байдаг. З.Нарантуяа  тэднээс тэс өөр фигур. Нийгэм энэ бүсгүйг улс төрд захиалсан юм. Бүсгүй хүний  мяндсан ухаан, бүх зүйлийг, мөнгө хөрөнгийг зүй зохистой зарцуулах хүргэх тэр гар улс төрд ч чухал. Тэр төрийн хэтэвчийг сахин  хамгаалах онцгой  үүрэг хүлээсэн санхүүч  бүсгүй. Тэр хэний ч нөлөөнд үл  автах өөрийн гэсэн ертөнцтэй нэгэн. Төрийн ордон, засгийн сэнтий  түүнд зохиж байгаа. Санхүүгийн салбар  хэн дуртай  нь оргилд нь хүрчихдэг салбар биш. Тэр салбарынхаа оргил байж хамаг л шагнал,  магтаалыг хормой  дүүрэн хүртсэн нэгэн. Улс төр, сонгогчид түүнд ямар дүн тавьж байгааг бид бэлхнээ харж байна. Түүнд дахиад ч шавхагдашгүй нөөц, ур ухаан, чадал бий. Олон нийт энэ бүсгүйг сониучирхан ажиглаж байна. Улс төрд бүсгүй хүн доошоо суух уу, дээшээ морилох уу гэдгийг шийдэх нэг түлхүүр  магадгүй З.Нарантуяа биз ээ. Яг түүний тогтоосон стандартаар бол бүсгүйчүүдийн суудал дээшилж байгаа харагдана.

 

"ТӨРД ЗҮТГЭСЭН ЭРХМҮҮД"  төсөл  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.113.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.