Б.Лхагважав: Б.Жавхлан сайд СОЛИОРСОН байна. Харин ч НӨАТ-ын 80 хувийг буцаан олгох ЁСТОЙ!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-10-13

УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй сайдууд 2022 оны төсвийн танилцуулгыг хийлээ. Энэ үеэр сангийн сайд “НӨАТ-ын буцаан олголтыг болиулах нь зөв” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Сайдын энэ мэдэгдлийн хариуд Бизнесийн удирдлагын доктор МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан Б.Лхагважав дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр НӨАТ-ын системийн шинэчлэлийг хийх анхны саналыг гаргаж, улмаар хууль болгон боловсруулж, Ч.Сайханбилэгийг Засгийн газрын үед хэрэгжихэд чухал үүргийг гүйцэтгэсэн нэгэн юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй Б.Жавхлан сайдын илэрхийлсэн байр суурийг та сонссон байх. Та бол НӨАТ-ын системийг хэрэгжүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн хүний хувьд ямар бодолтой байна вэ?

Би анх шинэчлэлийг санаачилж, философийг нь гаргаж, хууль батлуулсан хүн. Миний 16 жилийн ажил. Анх худалдааны татвартай байсан. 1997 онд М.Энхсайханы Засгийн газар гарч ирээд НӨАТ-ын хуулийг оруулж ирсэн юм. 1997 оноос 2015 он дуустал манай улсад НӨАТ-ын хууль буруу зарчмаар хэрэгжсэн. Тэгээд уг хуулийг шинэчилсэн. 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэл таван жил хэрэгжиж байна. Энэ хуулийн гол зорилго бол тодорхой хувийг нь иргэдэд олгоод түүгээр дамжуулж хяналтын системийг бий болгож байгаа явдал. Үр дүн нь ч сайн байна. Сангийн сайд Б.Жавхлан бол татварын талаар ямар ч мэдлэггүй нөхөр. Тэр бүүхэл өнөөгийн эрх баригч намын нөхдүүд энэ системийг устгах гэж, дата баазыг нь устгах гэж байнга оролддог. Б.Жавхлангийн энэ мэдэгдэл бол СОЛИОРОЛ. Наад нөхөр чинь Монголбанкинд байхдаа 2013 онд Б.Золжаргалтай нийлж мөнгө хэвлээд 2,7 их наядыг хэвлэж төгрөгийн ханшийг 40 хувь унагасан нөхөр. Ямар ч хариуцлага хүлээгээгүй.

Тэглэх нь буруу гэсэн үг үү...?

Буруу. Харин ч эсрэгээрээ иргэдэд олгож байгаа хувийг нэмэгдүүлж 70-80 хувь болгох ёстой. НӨАТ чинь мөнгөний урсгалыг зохицуулдаг систем. Хар зах дээрх мөнгө угаалтыг хумих, бусад татварын мөн чанарыг таниулдаг ийм давуу талтай систем. Гэтэл ийм талын үр дүнг нь мэдэхгүй байна. МАН-ынхан бол сүүлийн таван жил энэ хуулийг устгах гэж яваа. Цаад далд санаа нь ХАР ЗАХ ЗЭЭЛИЙГ ӨӨГШҮҮЛЬЕ, АВЛИГАА НЭМЭГДҮҮЛЬЕ л гэж байгаа байх.

Сангийн сайд өнөөдрийн уулзалтаараа дуулгасан нэг таатай мэдээ нь 2021 оны 09 сарын татварын орлого 103 хувийн биелэлттэй, оны эхнээс өнөөг хүртэл 107 хувийн биелэлттэй байгааг бас дурдсан.

Татварын орлого биелж байгаа нь НӨАТ-ын л үр дүн. Б.Жавхлан сайд татварын ямар ч мэдлэггүй хүн. Дээр нь сайд болж очсоноос хойш татварын системийн ямар ч ажил хийгээгүй. Зөвхөн арилжааны банкны эзэдтэй нийлж, төвбанкны толгойг угааж мөнгө хэвлэж байгаа. Таван сард дөрвөн их наяд төгрөг хэвлэж гаргасан. Өнөөдөр төгрөгийн ханш 30 хувь уначихсан. Дахиад ч үргэлжилнэ. Монголын мөнгөний бодлогыг дампууруулж байгаа нөхөр. Сангийн сайд юмаа уншиж чадахгүй байгаа. өнгөрсөн жилтэй харьцуулбал НӨАТ-ын татвар 30 хувь нэмэгдсэн байгаа шүү. Өөрөөр хэлбэл иргэдийн хяналтаар дамжиж 220 мянган кассаар бүх орлого хяналтад орсон гэсэн үг. Хил хаагдаад 18 сар болж байна. 18 сарын хугацаанд гаалийн татвар төлдөггүй, НӨАТ төлдөггүй 150 мянган хүн байдаг. Манай улсын зах зээлийн 25 орчим хувь нь татвар төлдөггүй гэсэн үг. Сая хил хаагдахаар ажилгүй болчихсон. Харин энэ хооронд татвараа төлдөг аж ахуй нэгжүүдийн зах зээлийн орон зай 25 хувь нэмэгдсэн. Ажил үйлчилгээний салбарын орлого 20-30 хувь нэмэгдсэн гэсэн үг. Энэ асуудлыг жишээлбэл Сангийн яам, Засгийн газар олж харахгүй байна. Засгийн газар зөвхөн НӨАТ дээр маш сайн симфони тоглож болохоор байна.

Яаж тэр вэ?

Хэрэв би Ерөнхий сайд юм уу, Сангийн сайд байсан бол иргэдэд НӨАТ-ын 50 хувийг буцаан өгч болно. Орон сууцны худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцааж өгөх, хөдөө орон нутгийн иргэдэд 70-80 хувь буцаан олголт хийж болно. Барилгын салбар гэдэг чинь уул уурхайн салбарын мөнгө угаалтын нэг хэлбэр юм шүү дээ. Ийм төрлийн мөнгө угаалтыг илрүүлнэ гэвэл иргэдэд 10 хувийг нь буцаагаад олгочих. Энэ буцаан олголт чинь хар зах зээл дээрх мөнгө угаалтыг илрүүлдэг арга зам. Сүүлийн зургаан сарын мэдээгээр манай улс давхардсан тоогоор 90 их наяд төгрөгийн НӨАТ-ын баримт бүртгэгдсэн байгаа. Энэ хууль бол ийм үр дүнтэй гайхамшигтай хууль. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хамгийн чухал хууль энэ. Үүнийг одоогийн Засгийн газар үргэлжлүүлэх ёстой. Гэтэл хөгжүүлж, өргөжүүлэхийн оронд буцаагаад устгах юм яриад байгаа Б.Жавхланг татварын ямар ч мэдлэггүй байна гэж шууд ойлголоо. Л.Оюун-Эрдэнэ бол угаасаа татварын, макро эдийн засгийн мэдлэггүй нөхөр. У.Хүрэлсүх ч тийм байсан. Цаад санаа нь ХАР ЗАХ ЗЭЭЛ дээр тоглох байгаа юм. НӨАТ-ын систем хэрэгжсэн зарим улсад эрх баригчид, бизнесийн бүлэглэлүүд нь зориудаар унагасан байдаг юм. Мөнгө угаах гэж.

Та яагаад ингэж итгэлтэй хэлж байна вэ...?

Тодорхой жишээ хэлье. Шар хадны техникийн зах дээр яагаад НӨАТ-ын систем хэрэгжихгүй байгаа юм бэ. Машин зардаг нөхдүүд дандаа л МАН-ын угшилтай хүмүүс, хэлхээ хамааралтай байгаа. Бензин шатахууны салбар. Ардын намын нөхдүүдийн л бизнес. Гааль яагаад НАФТ-д татвар бодохгүй байгаа юм бэ? МАН-ын нөхдүүд эзэн нь юм чинь аргагүй ш дээ. Удахгүй МАХНЫ БИЗНЕС эхэлнэ. Нэг их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө эргэлддэг. Үүнд уг нь НӨАТ-ын татвар тавих ёстой. Гэтэл чадахгүй. Бузар булхай нь илрэх гээд байгаа болохоор нуугаад байгаа юм.

Татварын орлого давж биелсэн нь НӨАТ-ын хуулийн гол зорилго шүү, тийм ээ?

Тэгэлгүй яахав. 2016, 217 онуудад дандаа татварын орлого давж биелсэн. Энэ хууль болж батлагдахаас өмнө би 2008 онд Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшихдээ НӨАТ-ын 30 хувийг буцааж олгоно гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан. Гэхдээ ялалт байгуулаагүй л дээ. Сүүлд 2016 онд хууль болж батлуулсан. Иргэдийн тусламжтай хяналтыг бий болгохын тулд 2015 оны 08 сард “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-г баталсан. Өнөөх ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ гэгчийг. Маш хатуу хяналттай хууль хэрэгжүүлэх гэж байсан учраас өмнө нь аж ахуй нэгжүүдэд тийм бололцоо олгосон юм. Ингээд цогцоороо систем бий болсон. Гэтэл өнөөгийн эрх баригч намын нөхдүүд чинь тэгэхэд сөрөг хүчин байсан. Сонгуулийн хар машин, НӨАТ-ын хар машин хоёрыг шатаана гэж улс төрийн акц хийж байсан. Тэр үед НӨАТ-ын систем хэрэгжихдээ жаахан алдаа гарсан. Түүнийг улс төр болгож баахан дэвэргэсэн. Тухайн үед нь би, ХУЛГАЙЧ, ХУДАЛЧУУДЫГ ДЭМЖИХГҮЙ ШҮҮ гэсэн ярилцлага өгч байсан.  Тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд 4 тэрбум төгрөг гаргаж байж манай 43 программист залуу энэ системийг хийсэн юм. Хар зэх зээл дээр мөнгө угаадаг, татвараас зугтдаг бүлэглэлүүд энэ системийг устгах гэж их оролдсон. Ийм бурангуй зүйл хийж байгаа юм.

Сүүлийн үед хэвлэлээр “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нэлээд хэл ам дагууллаа. Наанаа 50 мянган долларын асуудал боловч цаанаа Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж судлаачид, улстөрчид үзээд байна. Та үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?

Наад хуулийн чинь гай нь аль эрт тодорчихсон ш дээ. Яг энэ хуулийн улмаас М.Энхсайхан, Да,Ганболд, М.Бямбасайхан гээд сэхээтнүүд ШОРОНД ОРЧИХСОН. Үр дүн нь ийм л байгаа юм. 2012 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хараарай гэж МАН-ын энэ залуу гишүүдэд хэлье. Монголд хөрөнгө оруулбал ШОРОНД ОРОХ ЮМ БАЙНА гэсэн бодол тээсэн гадныхан зугтаачихсан ш дээ... Одоо жоохон мөнгөний дүнд хэрүүл хийхээ боль. Ч.Сайханбилэгийн Засгийн газар наад хуулийг чинь хэрэгжүүлэх гэж байгаад М.Энхсайхан нар ШОРОНД орчихсон гэдгийг л сануулж, захиж хэлье.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.4.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.