УСТАЖ үгүй болсон ЦИРКИЙН тоглолтыг 200 саяар 21 аймагт аялуулна гэж Ч.Номин сайд ард түмнээ ТАВЛАЖ байна!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-11-07

Соёлын сайд Чинбатын Номин  Циркийн асуудлаар “Манай улсын хувьд цирк бол соёлын том салбар. Манай яам энэ салбарыг орхихгүй. Цаашид хөгжүүлнэ” гэсэн байр суурийг илэрхийлж байв. Зөв. Энэ бол салбар хариуцсан сайдын амнаас гарах үг. Тархинаас гарах л бодлого. Гэхдээ “НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАВ” гэгч болж, “ТАВЛАЖ” байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “21 аймагт нүүдлийн цирк” тоглуулахаар тусгаж, 210 сая төгрөг төсөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас циркийн үзүүлбэрийн баг бүрдүүлж 21 аймагт очиж тоглолт хийх юм. Нэг аймагт 10 сая төгрөгийн зардал гарна гэж тооцсон байгаа юм. Санаа байвч сачий нь дутна гэгч болов.

Яагаад гэвэл олон жилийн түүхтэй Монголын Үндэсний циркийн урлаг “СҮЙРЧИХСЭН”. Циркийн урлагийг Аса Д.Дагвадорж бүрэн утгаар нь устгаж, байрыг нь нурааж, үлдсэн хэсэгт нь ээж, ах, дүү, амраг нь хувийн компаниа ажиллуулж байгаа. Цөөн хэдэн жүжигчид нийлж хувиараа компани байгуулан бэлтгэл сургуулилт хийж, уран бүтээл туурвиж байгаа ч өргөн хүрээг хамрахгүй байна. тэдний урлагийг төрөөс дэмжихгүй байгаа учраас тэр. Тэдэнд сургуулилт хийх байр сав, үзүүлбэртээ ашиглах нохой муур, ан амьтад, агаарын үзүүлбэр хийх аюулгүй, эрсдэлгүй бааз суурь байхгүй.

Соёлын яам, соёлын салбарынхан уг нь энэ байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ уур омог, балдам үйлдэл, “шунал нь дийлдэхгүй” байгаа Д.Долгорсүрэн зааны хүүхдүүдийг ТӨР нь ч хүчрэхгүй байгаад гол учир байгаа юм. 1971 онд Румын улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжиж, тус улсын барилгачдын ур ухаанаар барьсан Монголын Үндэсний циркийн барилгыг одоо дахин ашиглах боломжгүй болчихсон. Тоглолт, үзүүлбэр, жүжигчдийн ур чадвараараа Дэлхийн циркийн урлагийн эхний гуравт зүй ёсоор багтаж байсан уг салбарыг АСА хэмээх Д.Дагвадорж, хотын дарга Д.Смуъяабазар, Д.Сэржбүдээ нар ДЭЭРМИЙН АРГААР хувьчилж аваад байранд нь БАНК байгуулж, амьтдыг нь АЛААД ИДЧИХСЭН гэж учир мэдэх хүмүүс, циркийн уран бүтээлчид ярих юм билээ.

Олны үг ортой л гэдэг. Одоо байгаа байранд нь Аса Д.Дагвадоржийн ээж Х.Пүрэвбадам, ах Д.Сэржбүдээ, Аса аваргын ганц эмэгтэй дүү Д.Ичинхорлоо, залуухан эхнэр М.Отгонцэцэг гээд гэр бүлээрээ “ЦИРКИЙН СУРГАЛТ” явуулдаг төрийн бус байгууллагынхаа офиссийг ажиллуулж байгаа. 2007 оноос хойш үйл ажиллагаа нь эрчимтэй саарсаар 2015 оноос үндсэндээ “ЗҮРХ НЬ ЗОГССОН” циркийн урлагийг Соёлын яамнаас дахин сэргээх тухай ганц нэг үг өгүүлбэр сүүлийн хэдэн сар эрчимтэй унагах болсон. Даанч ааг омог, уур хилэн нь ихэдсэн Аса Д.Дагвадоржийг хүчрэхгүй байна.

“Ичсэн хүн хүн ална” гэж хачин чигтэй үг бий... Соёлын яамны бодлого нэг иймэрхүү л, ард түмнээ ДОРОМЖИЛСОН агуулгаар хандаж устсан урлагаар МӨНГӨ ИДЭХ гэсэн явуургүй санааг хэрэгжүүлэхээр хөдлөөд эхэлсэн байна. Тодруулбал 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр “Нүүдлийн цирк 21 аймагт” гэсэн агуулга бүхий 200 сая төгрөгийн төсөвтэй тендер зарлажээ. Хатуухан хэлье. Энэ бол доромжлол.

2019 оны 12 сарын сүүлчээр БНХАУ-ын Ухань мужаас эхлэлтэй “Коронавирусийн цар тахал” эрчимтэй тархаж, хуурай өвсөнд асаасан гал шиг л яах ийхийн завдалгүй дэлхйиг бүрхчихсэн. Дэлхий нийтээр барьц алдаж, олон мянган хүн амь эрсдэв. Бүтэн хоёр жил дүрэлзэн энэ өвчний гал түймрээс дэлхий өнөөдрийг хүртэл бүрэн унтрааж амжихгүй л байна. Гэтэл манай төрийн мэргэж түшээт “21 аймагт циркийн тоглолт аялуулна” гээд том төсөв зоочихсон. Улс дяараа ХАТУУ ХӨЛ ХОРИОН ДУНД хоёр жилийг үдэж, гэрээсээ ч гарах эрхгүй, ШОРОНД БАЙСАН. Циркийн тоглолт явагдах нь бүүхэл, циркчдийн амь нас ч эрсэдсэн байхыг үгүйсгэхгүй. Бэлтгэл сургуулилт ч чөлөөтэй хийгээгүй. Засгийн газар, УОК-ийн шийдвэрийн дагуу  нэг ч урлагийн тоглолт Монгол улсад чөлөөтэй болоогүйгээс гадна иргэд олноор үзэх хориотой байсан.

Одоо ч үзвэр үйлчилгээ ХЯЗГААРТАЙ хэвээрээ л байна. Ийм байхад “нүүдлийн цирк 21 аймагт” гэх арга хэмжээг яаж зохион байгуулах юм бэ... Урлагийн тоглолт хориотой шүү дээ. Чин үнэнг хэлэхэд 200 сая төгрөгийг “ХУВААЖ ИДЭХ” арга зам л гэж харж байна. Угаас манай төр Засаг ийм маягаар татвар төлөгчдийг мөнгийг “сороод идчихдэг”.

За яахав сайн талаас нь бодоод үзье.

-Циркийн тоглолт боллоо гэж тооцъё. Бэлэн жүжигчид байна уу...?

-Жүжигчид байлаа гэж бодъё!. Бэлтгэл сургуулилт нь дутуу байгаа.

-Хичээллэчих, бэлтгэл хийх сургалтын заал, танхим, сургалтын төв байна уу... Үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөрөөгүй.

-За бүгдийг нь зөвшөөрлөө нээлээ. Гэвч хөдөө орон нутаг руу тоглолтоор явах боломж бий юу...

Сургалтад ашиглах, ан амьтан байна уу....?

Үндэсний цирк засвартай нэрийдлээр нурааж байгаа. Тэгэхээр яах вэ?

Соёлын сайдаа та энэ асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй л байна шүү дээ. Ямартай ч төлөвлөгөөнд тусгасан ажлыг хийсэн гэж дүгнэлт гаргана. Энэ мөнгийг ямар нэг байдлаар зарцуулна. Хувиараа циркийн үзүүлбэр үзүүлдэг хэдэн хүнтэй холбогдоно. Ганц нэг үзүүлбэр тоглолтыг стандартын бус орчинд хийлгэж, бичиж авна. Олон улсад өмнө тоглогдож байсан үзүүлбэрүүдийг хувийн архиваас нь гаргуулж авна. Тэднийг нэгтгээд “ЦАХИМ” гэсэн үгээр халхавч хийж Соёлын сайдын хамаарал бүхий “Монгол телевиз”-ээр гурван орой цацна гэсэн ерөнхий төлөвлөгөө гаргасан гэж эх сурвалж мэдээллээ. 

Ингээд эцэс сүүлд нь  ажил хийсэн үү, хийсэн. Мөнгөө авах нь зүй ёсных. Хувь циркчдийн архивын тоглолтыг худалдан авах, хэдэн шинэ үзүүлбэр бичиж авахад 60 саяыг л зарцуулна. Үлдсэн 140 саяыг нь хэдэн телевиз, Соёлын яамны дарга нар, Соёл урлагийн газрын удирдлагууд ХУВААЖ ХҮРТЭНЭ гэсэн ерөнхий агуулга харагдаж байна.  Энэ бол хардлага. Хэн ч хардах эрхтэй. Үнэхээр ийм зүйл болохгүй гэж байгаа бол бүх зүйл олон нийтийн хяналтад явахдах ёстой. Устсан циркийн урлагийн нэрээр МӨНГӨ ХУВААЖ ЗАВШИХ энэ төлөвлөгөө нь Үхсэн хүний нэрийг барьж эд хөрөнгийг нь ДЭЭРЭМДЭЖ авахтай дүйцнэ шүү Ч.Номин сайд аа!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.198.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.