Соёлын яам СОЁЛЫН ӨВИЙН хулгайчууд орогнодог газар биш!!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-11-11

Уг нь соёлын хулгайтай тэмцэнэ, шороотой хутгалдсан соёлын салбарыг хөгжүүлнэ гэж Засгийн газраас Соёлын яамыг шинээр байгуулсан. ХАРАМСАЛТАЙ НЬ, ЭНД ТОМИЛОГДОЖ ИРСЭН сайдууд нь олгойгоо бодохоос толгойгоо хөгжүүлсэн амьтад байсангүй. Өмнөх сайд С.Чулуун нь СОЁЛЫН ӨВИЙН ХУЛГАЙ хийж, түүхийн үнэт олдворыг хил дамнуулж БНХАУ руу гаргасан гэх хэргээр яллагдагчаар татагдаад байгаа. Хэрвээ түүний гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол наана цаана гүйж авсан академич цолыг нь ч хураах нь тодорхой. Харин Ч.Номин сайдын хувьд "Соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, хадгалах бодлогыг хэрэгжүүлнэ. Улс даяар тооллого явуулсан" хэмээн манайд өгсөн тодруулгадаа онцолсон. Гэтэл хамар доороос нь соёлын, түүхийн үнэт өв хулгайд алдагдан хил гарч улмаар БНХАУ-ын түүхийн ном болж хэвлэгдсэн тухай УИХ-ын гишүүд ийн ярьж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Сүүлийн үед Монголын үнэт өв болсон архивын баримт, ховор ном зохиол, археологийн олдвор, оюуны үнэт зүйлүүд гадагшаа гараад байна. Үүнийг зарсан гэнэ, хэвлээд худалдсан гэнэ гэх юм. Үүнээс болж зарим улс түүхийг маань булааж байна. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Хууль зөрчөөд байгаа албан тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ"

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Монгол Улсын 1725-1911 он хүртэл 200 орчим жилийн түүхтэй "Хүрээ сайдын хөмрөг" гэх архивыг БНХАУ-ын байгууллагад зарсан байна. Тэр нь хэвлэгдээд ном болоод гарахдаа АНУ-ын Конгрессын номын санд Хятадын орон нутгийн түүх гэсэн ангилал дор хүрээг Хятадын хошуу гэсэн байдлаар гуйвуулан буулгаад дэлхийд сурталчилж байгаа асуудал байна. Монголын 1725-1911 он хүртэлх түүх сан хөмрөг чинь нээлттэй мэдээлэл юм уу, хаалттай мэдээлэл юм уу. Үүнийг дуртай нь аваад нээлттэйгээр энд тэнд хэвлүүлээд явж болох юм уу. Яг аль хуулиар зохицуулагдах юм бэ"

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Чин гүрний үед хамаарах архивын ховор баримт бичгийг гадаад улсад зарсантай холбоотой асуудлыг эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Холбогдох албан тушаалтныг өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татсан. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт яг энэ хэрэг дээр яллагдагчаар татсан байгаа" хэмээлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.205.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.