ИПОТЕКИЙН УРЬДЧИЛГАА 20 ХУВЬ болсонч ИРГЭДЭД ТӨЛӨХ БОЛОМЖ БАЙДАГГҮЙ!!!
Сэдэв, асуудал
/
2022-01-06

Нийслэлийн гэр хороололд 220 мянган өрх айл амьдардаг. Гэр хороололд амьдарч байгаа эдгээр өрхүүдийг өмчлөх газартай үлдээхийн төлөө тэмцсэн гэж өөрийгөө дөвийлгөсөн ҮҮЛ БААТАР хотыг удирдаж байсан үед   ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ яригдаж эхэлсэн ч   замхарсан. Өмчилж байгаа газраа өөрийн гэх байр болгочих хүсэлтэй иргэдийн хүлээлт одоо ч байсаар байгаа.

Өдрөөс өдөрт шилээ даран босох тохилог орон сууцны хороолол олширсоор байгаа ч түүнд орж чадах нь нийгэмд цөөн байна.  Шалтгаан нь шууд мөнгөө төлөөд орчих иргэд ховор гэсэн үг. Амьдралын аар саархан зүйлсээ залгуулах гэж өрнөөс өрний хооронд амьдарч байгаа иргэдээ НИЙГЭМ ДАХЬ ЭДИЙН ЗАСГИЙН ШОРОНЖИЛТООС  гаргах арга, бодлого гэж төрд байна уу? Тохь тухтай орчинд ая тухтай амьдарч аж төрөх хүсэл монгол хүн бүрт л байна шүү дээ

Урт хугацааны зээлээр иргэдэд боломж нээж байгаа ч  УРЬДЧИЛГАА  гэдэг чөдөр тушаа болсоор байна!!!

Дийлэнх иргэд гэрт амьдарч байсан бол, байшин, цаашлаад орон сууцыг илүүд үздэг нь нууц биш ээ. Харин орон сууцанд орохын тулд иргэдэд бага хүүтэй, урт хугацааны зээл тус болно. Гэвч урьдчилгаа өндөр байдаг, иргэд, ажил олгогчид нь зээлийн шаардлага хангаж чаддаггүй, барьцаа хөрөнгө хүрэлцдэггүй гээд олон шалтгаан иргэдэд дараа болсоор ирсэн. Үүнийг дагаад иргэдэд арай дөхөм ТӨРИЙН БОДЛОГО мөн л үгүйлэгдсээр  байна
Тэгвэл Ипотекийн урьдчилгааны 30 хувийг 20 хувь болгосон нь иргэдийн боломжид нийцэж байна уу?
Урьдчилгаа 20 хувиа бүрдүүлсэн иргэд 2022 оны нэгдүгээр сараас ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэж байгаа. Үндсэндээ энэ сарын нэгний өдрөөс эхлэн урьдчилгаа 20 хувиа бүрдүүлсэн иргэд ипотекийн зээлд хамрагдах боломж нээлттэй болсон. Хууль эрхзүйн орчныг нь ч бүрдүүлж холбогдох дүрэм, журмыг боловсруулсан гэж байгаа. Ингэхдээ Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 20 болгон бууруулж 10 хувийг Зээлийн батлан даалтын санд хариуцуулахаар төлөвлөсөн байгаа юм

Холбогдох сангийн зүгээс “Банк үл хөдлөх хөрөнгийг барьцаалаад эрсдэлээ тооцоод 70 хувьд нь зээл гаргах боломжтой гэдэг. Үлдсэн 30 хувийн мөнгийг иргэн өөрөө бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл иргэд 30 хувиа бүрдүүлж өгч чадахгүй байгаа учраас 10 хувьд нь батлан даалт гаргах тухай ярьж байна. Энэ нь тухайн зээлдэгчийн 70 хувийн зээл дээр 10 хувь нэмэгдэж байна  гэсэн үг ээ. Урьдчилгаа 30 хувиа төлөөд ипотект хамрагдсан иргэн сард 500 мянган төгрөг төлдөг байсан бол 20 хувийн урьдчилгаа төлөөд 10 хувийг Зээлийн батлан даалтын сангаар шийдүүллээ гэхэд төлөх ёстой мөнгөн дүн 600 гаруй мянга болж нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Харин Зээлийн батлан даалтын сангаас мөнгийг гаргана гэж ойлгож болохгүй" гэдгийг мэдэгджээ
Тэгвэл иргэдэд хэрхэн тусч байна вэ?

Иргэд:

-Ипотекийн урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгож байгаа нь иргэдийн боломжид нийцэж байна уу?

-Хэцүү асуудалтай байдаг. Хөгшчүүл бид байранд ороход 20 хувь байлаа ч үнэтэй болохоор авч чаддаггүй. Хөөцөлдөх гэхээр хэцүү. Авч чаддаггүй дээ. Тэтгэврийн 350 мянган төгрөгөөр амьдралаа арай л гэж авч явж байна. Насаараа улсад ажилласан. Одоо юу ч үгүй л байна.

-Ипотекийн урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгож байгаа нь иргэдийн боломжид нийцэж байна уу?

-Би бол чадахгүй болов уу л гэж бодож байна. Юм бүхэн өндөр үнэтэй болчихсон.

-Ипотекийн урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгож байгаа нь иргэдийн боломжид нийцэж байна уу?

-Ажилтай нийгмийн даатгал байнга төлдөг хүмүүс бол орох байх. Гэхдээ урьдчилгаа 20 хувиа бэлдээд байж байгаа хүмүүс цөөхөн шүү дээ. Утаагаа дийлж чадахгүй байж орон сууцжуулах хөтөлбөр ерөөсөө хийхгүй байна. Яг үнэндээ газар төлөвлөлт, дэд бүтцэд анхаарвал зүгээр байх.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.186.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.