Роки&Маралаа: Кроссфит бол эрүүл амьдралын хэв маяг юм
Ярилцлага
/
2022-01-13

Кроссфитийн спортыг Монголд улам дэлгэрүүлж, олон хүнд амьдралын зөв хэвшил, эрүүл, идэвхтэй хэв маягийг үлгэрлэхийг зорин хөдөлмөрлөж буй залуу хос болох Д.Доржнамжим, Б.Марал-Эрдэнэ нарын ярилцлагыг хүргэж байна. Тэднийг кроссфит болон спорт сонирхогчид Роки, Маралаа гэдгээр нь илүү мэддэг билээ.  

Спортын төдийгүй амьдралын олон зүйлсэд алсын хараа, сэтгэл, итгэл нийлдэг тэд хоёулаа “Ган” спорт төвд кроссфитийн дасгалжуулагч, "Herbalife Nutrition" брэндийн фитнес зөвлөхөөр ажилладаг. 

Роки Филиппиний Үндэсний аварга шалгаруулах кроссфитийн тэмцээнд гурван жил дараалан түрүүлсэн ба Ази тивийн албан ёсны хоёрхон тэмцээний нэг болох "Kalis Games"-ийн хошой аварга. Мөн Ази тивийн хамгийн өндөр шагналын сантай, 500 мянган ам.долларын өртөгтэй тэмцээнийг зохион байгуулсан туршлагатай. Түүнийг олон улсад кроссфитээр Монгол Улсыг төлөөлөн өрсөлдөж буй цор ганц тамирчин гэж хэлэхэд хилстэхгүй.


-Юуны түрүүнд яагаад энэ спортыг сонирхон хичээллэх болсон түүхээсээ манай уншигчидтай хуваалцаач? 
-Роки: Би багаасаа үндэсний бөх, жүдогоор хичээллэдэг спортод элэгтэй хүүхэд байсан. Филиппиний Себү хотод биеийн тамирын багш мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалсан. Оюутан байх хугацаандаа буюу 2015 онд кроссфит спортын талаар анх олж мэдэн хичээллэх болсон. 2016 оноос эхлэн Филиппиний Себүд кроссфитийн туслах дасгалжуулагчаар ажиллаж, дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн. Жилийн дараагаас үндсэн дасгалжуулагч болж 2019 оноос нийслэл Манила хотод үргэлжлүүлэн ажилласан. Дуртай спортоо эх орондоо түгээн дэлгэрүүлэхээр 2020 оны 5-р сард Монголдоо ирсэн.

Кроссфит нь хүндийн өргөлт, гимнастик, хөнгөн атлетик хосолсон спортын анхан, дунд, ахисан шатны хөдөлгөөнийг багтаасан нь сонирхолтой төдийгүй энэ чиглэлээр улам их суралцах сэдлийг төрүүлж байлаа. Ингээд идэвхтэй хичээллэж эхэлснээс гадна, энэ спортын онол, философийг суралцан багшлах эрхтэй 1-р түвшний сертификат авсан.

Үүнээс гадна хүндийн өргөлт, хоол зүйн сертификаттай. Хүмүүст зөвхөн спорт гэх талаас нь биш, давхар зөв хооллолттой хослуулсан цогц мэдээллийг олгох, зөв амьдралын хэв маягт сургахыг чухалчилдаг.

-Маралаа: Би Бээжинд инженерийн чиглэлээр таван жил суралцан бакалаврын зэргээ хамгаалсан. Одоогоор Шанхайн Их Сургуулийн мастерын хөтөлбөрт суралцаж байна. Дипломын ажлаа дуусгахаар бэлдэж байгаа. Багаасаа сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис зэрэг спортод сонирхолтой байсан. Харин оюутан болоод кардио дасгалыг эрчимтэй хийх болсон.  

Рокитой танилцсанаар кроссфитийн спортыг бүр их сонирхон судалж эхэлж байлаа. Олон спортоор өмнө нь хичээллэж байсан. Харьцуулаад бодоход надад хамгийн их тохирсон, үр өгөөжөө өгсөн нь энэ спорт санагдсан.  

Бидний өдөр тутамд хийдэг хөдөлгөөнтэй ихэнх дасгалууд нь уялдаа холбоотой байдаг учраас энэ спортыг нийтийн спорт болгож болохоор санагддаг

Кроссфитийг заах эрх авахын тулд мэргэжлийн сертификаттай байх шаардлагатай. Нэгдүгээр түвшний сертификат авснаар багшлах эрх нээгддэг. Би өнгөрсөн жил уг сертификатыг авсан.  

 

-Кроссфитийн спортын онцлогийг энгийнээр тайлбарлавал?  

-Роки: Кроссфит 2000 онд үүсгэн байгуулагдсан спортын шинэ төрөл. Энгийнээр хэлэхэд кроссфит бол амьдралын хэв маяг юм. Хүн бүр өдөр болгон дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллох, сайн амрах шаардлагатай байдаг. Кроссфит олон спортын цогц учраас уйдаахгүй. Өдөр бүр хичээллэхэд тохиромжтой.  

Энэ спортоор ямар ч насны хүн өөртөө тохирсон ачааллыг тааруулан хичээллэж болно. Мөн хүнийг тэсвэр, тэвчээртэй болоход хамгийн сайн нөлөөлдөг.  

-Маралаа: Эрүүл амьдралын хэв маяг, бүх хүн хийх боломжтой, бидний өдөр тутамд хийдэг хөдөлгөөнтэй ихэнх дасгалууд нь уялдаа холбоотой байдаг учраас энэ спортыг нийтийн спорт болгож болохоор санагддаг. 

-Та хоёр анх хэрхэн танилцаж байв. Яагаад нэг спортыг хоёулаа сонирхон хичээллэж, багшлах болов?  


-Роки: Анх инстаграмаар бие биеэ олж харж байсан. Бид хоёулаа гадаадад суралцаж байсан учраас нэгнийгээ юу хийж байгааг инстаграмаас л хардаг байлаа. Маралаа спортлог, амьдралын хэв маяг нь маш идэвхтэй, зөв учраас надад таалагдсан. Бид зөвхөн спортоор хичээллэж цагийг өнгөрөөх биш хамтдаа ууланд авирах, усанд сэлэх, шинэ газар очиж үзэх, шинэ хоол идэж үзэх зэргээр олон зүйлд санаа нийлдэг.  

-Маралаа: Рокитой хамт бэлтгэл хийхэд гоё байдаг. Надаас илүү намайг мэддэг болчихсон юм шиг санагддаг. Хажууд түшигтэй байж урам зориг өгдөг.   

Та юу идэж байгаатайгаа адилхан харагдана гэдэг үг байдаг. Бидний идэж буй зүйлс ажлын бүтээмж, амьдралын чанар, сэтгэл санаанд ч нөлөөлдөг. 

 

-“Ган” спорт төвөөс Монголын кроссфитийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулахаар болсон. Энэ талаар мэдээлэл өгөөч? 
-Роки: Бид энэ тэмцээнийг улсынхаа хэмжээнд анх удаа зохион байгуулж буйдаа маш их баяртай байгаа. Би олон улсын арав гаруй тэмцээнд оролцож байхдаа тамирчин хүн тэмцээнд заавал амжилт үзүүлэх нь чухал биш, харин тэмцээнээс асар их зүйлийг сурч авдгийг маш сайн ойлгосон. Тийм ч учраас Монголд энэ спортыг сонгон хичээллэж буй тамирчдыг бүхий л талаас нь дэмжихийг хүсдэг. Эхлээд бид үндэсний аваргаа шалгаруулаад, олон улс, дэлхийн тэмцээнүүдэд оролцох эрхээ авах юм.  

Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдээр буюу нэгдүгээр сарын 15, 16-нд “Ган” спорт цогцолборт болно. Монголд хөгжиж эхэлж буй энэ спортыг сонирхогчдын тоо одоогоор бага байгаа. Тиймээс энэ удаагийн тэмцээнд кроссфитээр тууштай хичээллэж, зорилгоо болгон шаргуу бэлдэж буй 26 тамирчныг урилгаар оролцуулж байна. Эрэгтэй 18, эмэгтэй 8 тамирчин хоорондоо өрсөлдөнө.  

Тэмцээнийг бэлтгэгдсэн 12 шүүгч шүүнэ. Тамирчид хоёр өдрийн турш зургаан өөр төрлийн дасгал хийж хурд, хүч, тэсвэрээ шалгах болно. 

“Уран ган” групп, “Ган” спорт төв, “Herbalife Nutrition” компани, Under Armour брэнд ивээн тэтгэгчээр ажиллаж байна.  

 

 

-Та хоёр “Herbalife Nutrition” компанийн экспертээр ажилладаг юм байна. Яагаад энэ брэндтэй хамтран ажиллах болсон бэ? 


-Маралаа: “Herbalife Nutrition” компанийн зорилго бидний эрүүл амьдралын хэв маяг, спорт, хөдөлгөөн, зөв хооллолтыг өдөр тутамдаа хэвшүүлэх зорилготой нийцдэг. Кроссфитээр хичээллэдэг хүмүүс ачаалал их авдаг. Тиймээс хооллолтдоо маш их анхаарах шаардлагатай болдог.  

“Herbalife Nutrition” компанийн лабораториуд олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын зах зээлд шим тэжээлийн салбарт тэргүүлдэг учраас шим, тэжээл, эрдэс, бодис нөхдөг бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэх дуртай. 

-Роки: Бид хооллолтод маш их ач холбогдол өгдөг. Та юу идэж байгаатайгаа адилхан харагдана гэдэг үг байдаг. Бидний идэж буй зүйлс ажлын бүтээмж, амьдралын чанар, сэтгэл санаанд ч нөлөөлдөг.  

Монголын нөхцөлд эрүүл, зөв хооллолтыг хэвшүүлэхэд олон асуудал тулгардаг. Шаардлагатай нарийн ногоо нь ч олдохгүй үе байна. Гэтэл хүн бүр өдөрт зохих хэмжээний шим тэжээлийг заавал авч байж эрүүл, чийрэг, эрч хүчтэй байж чадна.  

Тиймээс энэ хэрэгцээгээ хангаж, нэмэлт эрдэс бодис, амин дэмээр өөрийгөө цэнэглэхэд “Herbalife Nutrition” компанийн бүтээгдэхүүнүүд тусалдаг. Зарим талаараа амьдралыг хөнгөвчилдөг.  

 

 

-Хүн өөрийнхөө биед ямар эрдэс, шим тэжээл дутагдаж байгааг хэрхэн анзаарах ёстой бол? 
-Роки: Хүн өөрөө өөрийгөө дур мэдэн оношлох нь учир дутагдалтай. Үүний оронд мэргэжлийн хүмүүст нь хандаж, ерөнхий бүтэн биеийн шинжилгээ, эрдэс, бодисын шинжилгээг хийлгэх нь зөв сонголт юм.  

Харин өдөрт хэрэглэж буй хүнсээ хэдэн ккал байгааг тодорхойлж хэрэглэж болно. Экспертүүд таныг зөв зам руу чиглүүлж өгнө. Харин өөрийнхөө амьдралд хэвшүүлж чадах эсэхийг тухайн хүний хичээл зүтгэл л харуулна.  

-Ярилцсанд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: gogo.mn 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.135.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.