Н.Баярмөнх: Баянзүрх дүүргийг цаашид АРИЛЖАА ХУДАЛДААНЫ ДҮҮРЭГ болгоно
Ярилцлага
/
2022-01-19
Баянзүрх дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

Баянзүрх дүүрэг хүн ам ихтэй, түүнээс улбалсан шийдэх асуудал арвинтай. Түр оршин суугч болох хүсэлтэй олон иргэд ирдэг ч өнөөдрийг хүртэл өөрийн газраа албан ёсоор өмчилж аваагүй л байна. Газрын асуудал сүүлдээ замхарч байх шиг. Та дүүргийн Засаг даргын хувьд энэ асуудалд ямар шийдэл гаргаж байна вэ?

Баянзүрх дүүргийн хувьд иргэдэд олгох эзэмшилгүй газар ихтэй учир газартай холбоотой маргаан, зөрчил их үүсдэг. Би долоо хоног бүрийн мягмар гарагт иргэдийг хүлээн авч уулздаг.  Уулзаж буй 10 хүний ес нь газартай холбоотой асуудал, маргаан ярьдаг.  Нийслэл, Дүүргийн Засаг Дарга нарыг газартай холбоотой “захирамж” гаргахыг хориглосон. УИХ-аар Газар зохион байгуулалтын шинэ хууль дүрэм хэрэгжих талаар энэ цаг мөчид яригдаж байна. Баянзүрх дүүргийн хувьд 0.07 га газар олголт зогссон. Газартай холбоотой асуудлыг энэ онд шат дараатай ажил хэрэг болгоно. Мөн “Богд хан” ууланд аялал жуучлалын чиглэлээр Байгал орчны яамнаас зөвшөөрөл авчхаад хувийн хаус баригдах асуудал их үүсдэг. Энэ асуудал дээр холбогдох байгууллага албан тушаалтнуудтай хамтарч ажиллах талаар хэлэлцэж байна.

-Баянзүрх дүүргийн 20-р хороо Улиастай, Хужирбулан, Хонхор зэрэг газар тог цахилгааны асуудал тулгамдаж байна. Эрчим хүчинд холбогдож чадаагүй лаа барьдаг айлууд аж төрж байна. XXI зууны соёлт хотод ийм эмгэнэлтэй байдал үүсэж болохгүй биз дээ?

Нийслэл Улаанбаатар хотыг гортиг татах мэт стандарт, дүрэмтэй болгоё гэж уриалж байна. Туул гол орчмын газар бохирдол ихээр үүсэж байгаа тул гортиг татаж, байгаль эх орноо хамгаалж үлдэх хэрэгтэй байна. Таны асуусан эрчим хүчний асуудал газар зохион байгуулалттай салшгүй холбоотой. Газар зохион байгуулалт муу хийгдэж хаа хамаагүй газар, айл буулгаад байвал эрчим хүчний үйлчилгээ хүрч үйлчлэх боломжгүй. Гэхдээ бид нэлээдгүй айлд эрчим хүч татаж өгсөн. Дүрэм журмын хүрээнд бүхий л боломжоороо эрчим хүчний ажлыг хийж гүйцэтгэж байгаа.

-Баянзүрх дүүргээс сонгогдсон таван гишүүн хамтарч нэгдсэн эмнэлгийг шинээр барих талаар яригдаж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл ТЭЗҮ -нь ч батлагдаагүй байна. Баянзүрхчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ хувийн эмнэлгээс авсаар байх уу?

Баянзүрх дүүргийн хувьд иргэд нь улсын эмнэлэгтээ хүрч үйлчлүүлж чадахгүй хувийн эмнэлгээр үйлчлүүлдэг. Цар тахалын үед улсын эмнэлгүүд ямар дүр төрхтэй байгааг  улс даяараа харлаа. УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн төлөөлөгч нар нэгдэж улсын төсөвт эмнэлгийн асуудлыг тусгаж анхаарлыг нь татаж чадсан. Бид эмнэлгээ барихдаа төв зам дагуу, түгжрэл багатай, том машины зогсоолтой байхаар тооцоолж, барилга хот байгуулалтын яамтай хамтраад ажиллаж байна. Энэ онд суурь нь тавигдаад барилгын үйл ажиллагаа эхэлнэ. Баянзүрх дүүргийн хэмжээнд 250 ортой нэгдсэн эмнэлэг баригдах гэж байна.

-Хороо хуваана гэж яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Танай дүүргийн хэчнээн хороог хуваах шаардлагатай байна вэ?

Хороо хуваах асуудал олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Жил бүрийн төсөвт мөнгө нь суудаг ч ажил хэрэг болохгүй байсан. Баянзүрх дүүргийн олон иргэдтэй хороод хуваагдсан. 2022 онд хороо хуваалтын асуудлаа эцэслэн шийдвэрлэж, барилгын ажил хийгдэнэ. Цар тахлын үед төрийн жижиг бүтэц болох хороо, өрхийн эмнэлэг маш сайн хамтарч ажилласан. Цаашид дүүрэгтээ шат дараатай олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, томоохон зах худалдааны төвүүдийг түшиглэн Баянзүрх дүүргийг арилжаа худалдааны дүүрэг болгоё гэж шийдвэрлэж байгаа. Баярлалаа.  Нарантуул зах, Да хүрээ зах гээд хүмүүсийн амьжиргаа буцалж байгаа. Тийм учраас цаашдаа энэ шаардлагыг нь хангаж, олон хүний ажлын байрыг хадгалсан шийдвэрийг гаргана. Нүүлгэх, шилжүүлэхээс аль болох татгалзана.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.164.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.