Р.ЭНХБОЛД: Цар тахлын халдвараар өвчилсөн ажилтан 7-10 хоног тусгаарлагдан эмчлүүлнэ
Ярилцлага
/
2022-01-27

Он гарсаар коронавируст цар тахлын Омикрон хувилбарын халдвар нэмэгдэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс халдварын эсрэг ямар хариу арга хэмжээ авч, хөдөлмөр зохион байгуулалт хэрхэн хийж байгаа талаар Гамшгаас хамгаалах штабын нарийн бичгийн дарга Р.Энхболдоос утсаар тодрууллаа.  

-Сүүлийн үед коронавируст цар тахлын шинэ Омикрон хувилбарын давалгаа эрчээ авч байгаатай холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? 

-Энэ сарын 08-наас эхлэн коронавируст цар тахлын халдвар эрс нэмэгдсэнтэй холбогдуулан, Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн сайдын тушаал, Орхон аймгийн Засаг даргын захирамж зэргийг үндэслэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Коронавируст халдварын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах тухай А/15 тоот тушаал гарсан. Үйлдвэрийн хэмжээнд 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Одоо бүх хурал, семинар, үйл ажиллагаа цахимаар явагдаж байна. Өдөр тутмын тандалтын арга хэмжээ буцаад сэргэсэн. Бүх объект дээр, ажилчдын автобусанд халуун үзэж, халдвар хамгааллын дэглэм баримталж буй эсэхэд хяналт тавьж байгаа. Үйлдвэрийн газрын объектуудад гадны хүн нэвтрүүлэхийг хориглосон. Харин үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагаар, албан ажлаар ирж байгаа хүмүүсийг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчийн зөвшөөрлөөр нэвтрүүлж, хяналт тавин ажиллаж байна.

-Халдвар аван эмчлүүлж байгаа, мөн өвдсөн хүнтэй ойрын хавьтал болсон ажилчид хэд хоног тусгаарлагдаж байгаа вэ?

-Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн зөвлөмжөөр Эрүүл мэндийн сайдын тушаал шинэчлэн батлагдсан. Үүний дагуу түр журам гараад хэрэгжээд явж байна. Улсын хэмжээнд тархаж буй халдварын 90 хувь нь Омикрон хувилбар байгааг Эрүүл мэндийн байгууллага мэдээлж байгаа. Энэ хувилбарын онцлог нь халдвар хурдан тархдаг, нууц үе нь богино байгаа учраас нөхцөл байдал шинэчлэгдсэнтэй уялдан тусгаарлалтын хоног наашилсан. Өвчний шинж тэмдэг илрээгүй, ойрын хавьтагч ажилдаа шууд орж байгаа. Шинж тэмдэг илрээгүй ч, шинжилгээгээр өвчин нь батлагдсан тохиолдолд 5 хоног тусгаарлагдана. Харин өвчилсөн бол 7-10 хоног тусгаарлагдан эмчлүүлэх ёстой. Суурь өвчтэй, өвчин нь хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 10, цаад тал нь 14 хоног эмчлүүлнэ. Ингэхдээ эрүүл мэндийн байгууллагын хуудас болон өрхийн эмчийн магадлагааг үндэслэх журамтай. 

-Ажилчдын хэдэн хувийг цахимаар болон ээлжээр ажиллуулж байгаа вэ? 

-Үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр, шаардлагатай үед ажилтнуудыг ээлжийн зохион байгуулалтад шилжүүлэн, хөдөлмөр зохион байгуулалт хийх эрхийг бүтцийн нэгжийн дарга нарт олгосон. Өөрөөр хэлбэл өөрийн цехийн онцлогт тохируулан, ажилчдынхаа хэдэн хувийг цахимаар ажиллуулахад үйл ажиллагаа нь доголдохгүй байх вэ, мөн мөрдөгдөж буй тушаал журмын дагуу ажилтнуудаа ажилд нь оруулах шийдвэрийг цех, нэгжийн дарга нар гаргаж байгаа. 

-Эцэст нь манай уншигчдад хандаж ямар сэрэмжлүүлэг, уриалга хэлэх вэ? 

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Монгол түмэн цагаан сарын баяраар хоорондоо ойртож, шүргэлцэж, гараас гарт хөөрөг зөрүүлж золгодог ёс заншилтай учраас халдвар нэмэгдэнэ. Эрүүл мэндийн байгууллагын тандалтаар ч өвчлөлийн оргил үе нь цагаан сарын үетэй давхцаж таарч байгаа учраас ахмад буурлуудаа, хүүхэд багачуудаа эрсдэлд оруулахгүй, сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байна. Эрүүл энх байхад учран золгох өдөр олон шүү дээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.