Ч.Гантулга: Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц ашиглалтад орвол МОНГОЛ УЛС дотоодын эрчим хүчээ бүрэн хангана
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-02-01

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээх зургаан төвт бодлогыг хэрэгжүүлж буй. Үүний нэг нь Эрчим хүчний сэргэлт юм. Гол нь Монгол улс дотооддоо эрчим хүчний үйлдвэртэй болох. Түүгээрээ дотоодын хэрэгцээгээ хангах, гадгаш урсгаж буй 400 гаруй тэрбум төгрөгөө хадгалах гэсэн санаа. Энэ хүрээн сэргээгдэх эрчим хүчний бодлогод голлон анхаарч байгаа. Сэргээгдэх эрчим хүчний төрөлд Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын залгаа Эрдэнэбүрэн суманд байрлах түргэн, ширүүн урсгалт Сэжигтийн хавцал дахь Ховд голыг түшиглэн байгуулах гэж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төсөл юм. Дээрх төслийн талаар төслийн нэгжийн захирал Ч.Гантулгатай ярилцлаа.

Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцийг барьж байгуулах төсөл бол Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д багтсан чухал төсөл. Одоо ажлын явц хэдэн хувьтай байна вэ. Сэргээгдэх эрчим хүчний том төслүүдийн нэг шүү дээ?

Тэгэлгүй яахав. Монгол улсын Засгийн газар, төрөөс яагаад сэргээгдэх эрчим хүчний төсөл илүүтэй анхаарал хандуулж байна вэ гэхээр “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ” бол дэлхий нийтийн чиг хандлага. Мөн Монгол улсын ирээдүй. Байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй ийм төсөл. Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүч буюу НАР, САЛХИ, УСНЫ урсгалыг эрчим хүчиндээ ашгилаад эхэлчихсэн. Хоёрдугаар шалтгаан нь урсац ихтэй, хүчтэй урсгалтай Ховд гол нь тасалдалгүй олон зуун жил урсаж байгаа. Алтай богдоос эх авдаг. Нэг секундэд 6,3м3 ус шахдаг хүчтэй гол. Малчид, орон нутгийн иргэд тэндээсээ ундаалаад л байгаа.  Хамгийн чухал нь бид голын усыг яаж эдийн засгийн эргэлтэд оруулж, байгальд ээлтэй, эрчим хүч гаргах вэ гэдэг төслийг нь ажил болгох гэж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц суурилагдсан хүчин чадал 90Мвт. Нэг жилд 366 сая гаруй Квт цаг үйлдвэрлэнэ гэсэн үг. Баруун аймгууд бол жилд 180 гаруй сая Квт цаг хэрэглэдэг. Тэгэхээр одоогийн үндсэн хэрэгцээг бүрэн хангаад ахиад ийм хэмжээний цахилгаан үлдэгдэл үүсгэх нь. Энэ илүүдэл цахилгаанаа төвийн эрчим хүчинд нийлүүлэх боломжтой болно.

Ирээдүйд яах аргагүй ашигтай төсөл. Одоо ажлын явц ямар байна вэ? Олон улсын тендер зарласан. Хаанахын ямар компани шалгарав?

Эрчим хүчний бодлого сэргэх, дотоодын үйлдвэр, айл өрхийг хамгийн бага өртөгтэй цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой. Олон улсын тендерээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Повер Чайна”, “Чиндү” түншлэл шалгарсан. Энэ компани нь тухайн улсдаа сэргээгдэх эрчим хүч, ялангуяа усан цахилгаан станц барих чиглэлд туршлагатай, төрийн өмчит компани юм билээ. Хоёр талын хөрөнгө оруулалтаар хийгдэх учраас зээлийн хэлэлцээрт нэлээд цаг хугацаа зарцуулахаар байна.

Орон нутгийн малчид хотод ирж эсэргүүцлээ илэрхийлсэн. Зарим сумдын ИТХ-аас энэ төслийг эсэргүүцсэн тогтоол шийдвэр ч гаргасан удаа бий. Засгийн газрынхаа тогтоол шийдвэрийг эсрэг байгаа хүмүүс, төрийнхөнтэй яаж учраа олж байна вэ? Манайхны дотоодын эсэргүүцэгч ширүүн шүү дээ?

 Бид орон нутагтай байнга холбоотой байгаа. Хаанахын аль сумын, ямар хүмүүс, хэний захиалга, заавраар эсэргүүцээд байна вэ гэдэг бүх мэдээлэл манайд ирдэг. Энэ стратегийн том төсөл шүү дээ. Малчдын эсэргүүцэл бухимдлыг ойлгож байна. Ховд, Увс, Баян-Өлгийгөөр яваад иргэд, малчидтай уулзсан. Дэмжлэг маш их байгаа. Дэмжээгүй, дэмжихгүй байгаа хэдхэн хүн бий. Тэр нөхдүүдийн цаад эрх ашгийг хөндөх гээд байгаа учраас тийм байгаа юм байлгүй. Үүнээс өөрөөр эсэргүүцэх ямар ч үндэслэл байхгүй. Тэдэнтэй ойлголцохоор ярилцаж, уулзаж байгаа. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой. Эд хоөрөнгийн үнэлгээ хийх, нөхөн олговор олгох зэрэг хуулийн зохицуулалтаар л үзэж байна. Харин зарим иргэдэд “Хятадууд орж ирээд суурьшчихна” гэх зэргээр тэр хавийн малчдад зориудаар буруу мэдээлэл өгч буй нэг хэсэг байна. Тодруулбал Увс аймгийн Өмнөговь сумын удирдлагууд.

Өмнөговь сумын удирдлагууд нунтгийн иргэд малчдад Засгийн газрын тогтоолын эсрэг зүйл ярина гэж байх уу даа?

Тийм тохиолдол байгаа. Өмнөговь сумын удирдлагууд Монголын төр, Засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийг илт эсэргүүцэж байгаа. Энэ бол цаанаа маш ноцтой, төрийн эсрэг гэмт хэрэг шүү. Нутаг усыг нь булаагаад, гаднынхан ирээд суурьшчих тийм зүйл огт биш. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 357 тоот тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд 28 мянган га газрыг авсан. Улс өөрийн газар нутгаа хаана, хэзээ юунд ашиглах, зарцуулах нь нь бол төрийн шийдэх эрх.

Баахан  хятадууд ороод ирнэ, үлдэх нь л гэж айгаад байгаа юм билээ шүү дээ?

Хөрөнгө оруулагч талаас ерөнхий гүйцэтгэгч компанийн зүгээс 50 орчим хувь, Монгол улс, орон нутгаас бас 50 хувийн ажилтан байхаар гэрээ хийсэн. 61 сарын хугацаанд усан цахилгаан станцын ажлаа барьж, байгуулж дуусгачхаад тэд явна. Гэрээний дагуу тэд гараад явна. Усан цахилгаан станцаа дагаад Монголчууд л үлдэнэ. Урагш нь төмөр зам тавьчихвал танктай хятадууд ороод ирнэ гэсэн өнөөх л ойлголтоороо хандаад байгаа юм.

Малчдыг нүүлгэх, иргэдтэй ойлголцох асуудал л үлдсэн юм байна тийм ээ?

Ховд гол, Сэжигтийн хавцлын ойролцоо нутагладаг айл өрхийг л нүүлгэх, тэдэнд нөхөн олговор олгох асуудал байгаа юм. Эндээс хэн ч хохирохгүй. Харин нутгийн иргэд, тэндэхийн малчид хожно. Хиймэл нуур үүснэ, 80 орчим байнгын ажлын байр бий болно. Эндээс хэн нэгний газар нутгийг булааж, дээрэмдэх гээгүй. Улс эх орныхоо хөгжлийн төлөө л том төслийг эхлүүлэх гэж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.166.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.