С.Мөнхнасан: Иргэн, ААН-үүд татваргүйгээр онгоц оруулж ирж болно
Ярилцлага
/
2022-02-12

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасантай ярилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар түүнийг томилсон. Өмнөх дарга Л.Бямбасүрэн нь олон хэрэгт холбогдон шалгуулж, эл байгууллагыг уналтад оруулж буй байдлаараа олон нийтээр удаан шүүмжлүүлсний эцэст ажлаа өгсөн байдаг. С.Мөнхнасан нь электроникийн инженер, нислэгийн удирдагч мэргэжилтэй бөгөөд иргэний нисэхийн салбарт 22 дахь жилдээ ажиллаж буй хүн юм. Тэрбээр 2020 оноос өнөөг хүртэл Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Дэд даргаар ажиллаж байгаад ийнхүү ИНЕГ-ын даргаар томилогдсон юм.

-АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ОРЛОГО 50 ОРЧИМ ХУВИАР БУУРСАН ХҮНД ОН ЖИЛҮҮД ӨНГӨРЧ БАЙНА-

-ИНЕГ гэж нэлээд хэл амтай, уналтад орсон газар байсныг та хүлээж авсан. Таныг ажлаа авахад энэ салбарын нөхцөл байдал ямар байсан бэ?

-ИНЕГ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Далайд гарцгүй, хоёр их гүрний дунд оршдог улсын хувьд агаарын тээврийн бодлого хэрэгжүүлж байгаа агентлаг. Өнгөрсөн хоёр жилийн цар тахлын нөлөөгөөр дэлхий нийтээрээ иргэний нисэх, агаарын тээврийн салбар хүнд нөхцөл байдалд байлаа. ИНЕГ-ын зүгээс ковидын хүнд нөхцлийг даван туулах нөхцөл байдалтай тулгарч байна. Монгол Улс дээгүүр нисэн өнгөрдөг нислэгийн тоо 50 гаруй хувиар, зорчигчийн тоо 80-90 хувь буурчихсан. Агаарын тээврийн салбарын орлого 50 орчим хувиар буурсан хүнд жилүүд болж өнгөрч байна. 2022 оны нөхцөл байдлыг арай өөрөөр харж, төсөөлж байна.

-Яг ямар байдлаар төсөөлж байна вэ. Нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах вэ?

-Иргэний нисэхийн салбар Монгол Улсад хөгжил дэвшлийг түүчээлсэн салбар байж ирсэн. Агаарын тээврийн салбарын голлох үзүүлэлтүүд болох зорчигч урсгал, нислэгийн тоо, агаарын тээвэр, иргэний нисэхийн салбараас олж байгаа орлого жил бүр арав орчим хувиар өсөж ирсэн. 2019 оны байдлаар бид Монгол Улс дээгүүр 133 мянган агаарын хөлгийг нисгэж, 320 орчим тэрбумын орлого олж, 156 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлж байсан. 2020, 2021 онд энэ орлого 50-60 хувь буурснаас болж улсад төвлөрүүлдэг орлого мөн төдий хувиар буурсан. 2021 оны хувьд хэмнэлтийн горимыг нэлээд хэрэгжүүлсэн. Аль болох ашиг орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан. Ажлын үр дүнд 2021 онд Монгол Улсын төсөвт 122.8 тэрбумыг төвлөрүүлж чадсан. 2022 онд мөн 150 тэрбумын төсвийн орлогыг бүрдүүлэх ёстой. Тэгэхийн тулд ИНЕГ-ын зүгээс хэд хэдэн бодлого хэрэгжүүлэх зорилт тавьж байна.

-“ХИЛ ХЯЗГААРГҮЙ НИСЭХ” БОДЛОГЫГ 2025 ОН ХҮРТЭЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ-

-Ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгаа юм бэ?

-“Хил хязгааргүй нисэх” гэсэн бодлого. Энэ бодлого дотроо зургаан дэд хэсэгтэй.

Нэгдүгээрт. “Эрүүл эрх зүй” бодлого. Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хууль 1999 онд батлагдсан. Өнөөдрийг хүртэл 5-6 удаа жижиг өөрчлөлт хийсэн болохоос шинэчлээгүй. Тиймээс энэ ондоо багтааж, шинэчлэхээр ажиллана. Иргэний нисэхийн салбарын гол эрхзүйн акт буюу “Иргэний нисэхийн багц дүрэм” гэдэг бичиг баримт байдаг. 2005 оноос Шинэ Зеландын иргэний нисэхийн дүрэмд суурилсан дүрэм ашиглаж ирсэн. Одоо шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Үйл ажиллагаагаа дүрмийн шинэчлэлтэй уялдуулна. Мөн 2013 онд баталсан Иргэний нисэхийг хөгжүүлэх 2020 он бодлогын бичиг баримтын хугацаа дууссан. Тиймээс Иргэний нисэхийг хөгжүүлэх 2030 болгож дахин боловсруулж ,батлуулна.

Хоёрдугаарт. “Чөлөөт агаарын зай” бодлого. Монгол Улсад агаарын зайн багтаамж, нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлье. Монгол Улс дээгүүр нисэн өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлээд ирэхээр навигацийн хураамж, орлого нэмэгдэх боломж бүрдэнэ.

Гуравдугаарт. Үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний агаарын тээвэрлэгчдээ нэгдсэн бодлогоор дэмжье. Өнгөрсөн хугацаанд Монголын агаарын тээвэрлэгчид харилцан бие биетэйгээ өрсөлдсөн, гадаад зах зээлийн өрсөлдөөн маш хүнд нөхцөлд явагддаг. Монгол Улсад нислэг үйлдэж байгаа гадны агаарын тээврийн компаниудын тав нь дэлхийн эхний 20-д ордог том агаарын тээвэрлэгчид байдаг. Тиймээс дотоодын агаарын тээвэрлэгчид маань эдгээр том компаниудтай тусдаа биш нэгдэн нийлж, өрсөлдөөнийг бий болгоно. Ингээд ирэхээр билетийн үнэ буурч, үндэсний агаарын тээврийн хөгжил шинэ шатанд гарна гэж төсөөлж байна.

Дөрөвдүгээрт. Хүнээ хөгжүүлье гэж байна. “Дэлхийн хүн” бодлого хэрэгжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд иргэний нисэхийн салбар маш олон тэрбум төгрөгийг техник технологийн шинэчлэлд зориулсан байдаг. Харин одоо энэ техник технологийн гол түлхүүр болох хүнээ хөгжүүлье. Мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчнүүдийг бий болгоё. Дотооддоо сургалтын байгууллага бий болгож, салбарын боловсон хүчнүүдийг бэлтгэдэг болохыг зорьж байна.

Тавдугаарт. Бага оврын агаарын тээвэр, ерөнхий зориулалттай нислэгийг хөгжүүлье. Өргөн дэлгэр газар нутагтай, далайд гарцгүй, мөн тархан суурьшсан, жилийн дөрвөн улирал нь цаг агаарын хүнд нөхцөлтэй, хөдөө аж ахуй, газар тариаланд суурилсан улс орны хувьд ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлэх маш их хэрэгцээ шаардлага байна. Маш их боломж байна. Тиймээс энэ хүрээнд бага оврын агаарын хөлгүүдийг оруулж ирэх боломж, эрхзүйн орчныг нээж өгнө. 2018 онд Монгол Улсад агаарын хөлөг худалдах хэлэлцээрт нэгдэн орсон. Хэлэлцээрт нэгдэн орсон улс орнууд агаарын хөлөг, түүний сэлбэг хэрэгслийг ямар нэг татваргүй оруулж ирэх үүрэг хүлээдэг. Энэ боломж бололцоог 2021 оны 12-р сард УИХ-аар нээж өглөө. НӨАТ болон Гаалийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад, хүчин төгөлдөр боллоо. Тиймээс Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжүүд иргэний зориулалттай ямар ч төрлийн агаарын хөлөг оруулж ирэхэд ямар нэг татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна. Ингэснээр агаарын хөлгийн тоо нэмэгдэж, үр дүнд нь агаарын нислэгийн тоо, зорчигчийн урсгал нэмэгдэх боломж бүрдэж буй юм.

Зургаадугаарт. “Сэтгэл татам нисэх буудал” буюу ИНЕГ-ын харьяа болон хувийн нисэх буудлуудыг хөгжүүлье. “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг 15 жилийн хугацаатай Япон улсын менежментээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн “Буянт-Ухаа” нисэх буудлыг Засгийн газрын тогтоолоор олон улсын нөөц нисэх буудал болгосон. Тэр дундаа онцгой тусгай, вип, ерөнхий зориулалтын, сургалт дадлагын нислэгүүдийг хүлээж авах боломж бололцоог нь бүрдүүлж байна. Мөн Чингис хаан олон улсын нисэх буудалтай харилцан уялдаатай ажиллах нөхцлүүдийг хангана. Орон нутгийн нисэх буудлуудыг цаашид хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, олон улсын статустай болгохыг зорино. Ялангуяа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хөгжлийг шинэ шатанд гаргая гэж байгаа юм. Аялал жуулчлалын бүсэд байгаа нисэх буудлуудад бодлогоор хөрөнгө оруулалт хийж, улирлын чанартай биш жилийн дөрвөн улиралд нислэг хийж байх нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой. Зарим нэг нисэх буудлыг орон нутагт нь шилжүүлнэ. Орон нутгийн засаг захиргаа нь өөрсдөө нисэх буудлуудаа хөгжүүлээд орон нутгийн ард иргэдэд нислэгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Энэ бодлогуудыг 2025 он буюу гурван жилийн дотор хэрэгжүүлнэ гэж ойлгож болох уу?

-Олон зорилго бий. Дийлэнхийг нь 2025 он гэхэд хэрэгжүүлээд дуусгах зорилттой.

-Үндэсний агаарын тээврийн компаниуд дотооддоо өрсөлддөг байдлыг хамтарч ажилладаг болгоно гэж ярилаа. Яаж?

-Үндэсний агаарын тээавэрлэгчид тодорхой зах зээл дээр өөр өөрсдийн гэсэн менежментээр үйл ажиллагаа явуулаад байгаа юм. ИНЕГ-аас нэгдсэн бодлогоор зах зээл, нислэгийн чиглэл хуваарилалт хийнэ. Агаарын хэлэлцээрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах замаар нөхцөл байдлыг үндэсний агаарын тээвэрлэгчиддээ ашигтай байдлаар сайжруулах ажлууд хийх юм.

-2025 ОН ХҮРТЭЛ 21 АЙМАГТ 500 ХӨӨРӨХ, БУУХ ЗУРВАС БАЙГУУЛНА-

-Та ИНЕГ-ын даргаар ирэхээс өмнө нисэх буудлуудын үйлчилгээний салбарыг ерөнхийд нь хариуцаж ажиллаж байсан юм билээ. Ер нь манай нисэх буудлуудын одоо байгаа байдал ямар байгаа юм бэ?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 18 нисэх буудал байна. Жижиг буюу Хужирт, Хархорин, Хатгалын нисэх буулуудыг тооцохгүй. Жижиг буудлуудаа хөөрөх, буух зурвас байдлаар нь нэрлээд, цаашид бага оврын зурвас байдлаар нь хөгжүүлнэ. Харин сая дурдсан 18 нисэх буудлын гурав нь хувийн нисэх буудал байна. Уул уурхай түшиглэсэн энэ нисэх буудлуудын үйл ажиллагааг тухайн оператор компаниуд явуулдаг. Харин навигацийн үйл ажиллагааг нь хуулиараа ИНЕГ үзүүлээд явдаг. ИНЕГ-ын харьяа 15 нисэх буудал өнөөдөр бүс нутагтаа үйл ажиллагаа явуулж байна. Бүсчилсэн бодлогын хүрээнд зарим нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын статустай болгож хөгжүүлэхгүй бол өнөөдрийн байгаа нисэх буудлын үйл ажиллагаа, агаарын тээврийн зах зээл, зорчигч урсгалаас хамаараад шууд бие даагаад, өөрийгөө санхүүжүүлээд явах боломжгүй. ИНЕГ-ын зүгээс жилд 17-18 тэрбум төгрөгөөр орон нутгийн нисэх буудлуудыг санхүүжүүлж, ажиллаж байна. Эргээд орлого нь 200 орчим сая төгрөг. Тэгэхээр энэ зөрүүг бага байлгах үүднээс орон нутгийн нисэх буудлуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжлийг нь төлөвлөх зайлшгүй шаардлага үүсч байна. Мэдээж нисэх буудлын үйл ажиллагаа агаарын тээврийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тухайн орон нутгийн ард иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг тав тухтай, түргэн шуурхай, аюулгүй, хямд үзүүлэх нөхцөл байдлыг бий болгох ёстой. Тиймээс энэ чиглэлээр бодлого барьж ажиллана.

-Намайг хүүхэд байхад сумын төвд иргэдээ дайчлаад нисэх буудлын хөөрөх, буух зурвас бариулаад, онгоц бууж байсан юм. Гэтэл одоо ер нь онгоц бууж, нисдэг сумын төв гэж байхгүй болсон байх аа. Яагаад вэ?

-Социализмын үе буюу 1990 оноос өмнө Монгол Улсын 300 гаруй суманд бага оврын агаарын хөлөг хүлээн авах хөөрөх, буух зурвастай байлаа. Өнгөрсөн хугацаанд дийлэнх нь устаж, үгүй болсон байна. ИНЕГ-ын зүгээс барьж буй бодлогоор бол 2025 он хүртэл нийтдээ 500 орчим хөөрөх, буух зурвасыг 21 аймагт бий болгоё. Зарим нь орон нутаг, суурьшлын бүсээ түшиглэнэ. Зарим нь уул уурхайд түшиглэсэн хэлбэрээр байна. 2021 оны хувьд ИНЕГ хөдөө, орон нутагт нийт 61 хөөрөх, буух зурвас бий болгосон. 2022 онд мөн тооны хөөрөх, буух зурвас бий болгоно. Ингээд жил бүр ийм тоогоор нэмээд явна. Ингэж байж Монгол Улсад ерөнхий зориулалтын нисэх хөгжих боломж бололцоо бүрдэнэ. Агаарын хөлгүүдийг иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдөө худалдаж аваад үйл ажиллагаа явуулах боломжтой. Бид дэд бүтцийг нь бий болгоно.

-ОНГОЦНЫ ТИЙЗНИЙ ҮНЭ ӨНДӨР БАЙДАГ НЬ УЧИРТАЙ-

-Агаарын тээврийн зорчих билетийн үнэ ханшын хувьд манай улсынх үнэтэйдээ орох уу. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллуудаад ирэхээр үнэ буурна гэж ойлгох уу?

-Агаарын тээврийн салбарын зорчигчийн тийзний үнэ өндөр байна гэдэг асуудал сүүлийн олон жил ярьж байна. Агаарын тээврийн салбарыг маш сайн ойлгох хэрэгтэй. Авто тээврийн салбартай харьцуулах боломжгүй. Агаарын тээврийн салбар хамгийн аюулгүй, хурдан, тав тухыг бүрдүүлсэн тээвэр. Гэсэн хэдий ч дэлхийн хэмжээний компаниудтай харьцуулахад манай улсын дотоодын тийзний үнэ харьцангуй өндөр байдаг. Учир нь агаарын тээврийн компаниудын зардалд суурилсан билетний үнэ хэд хэдэн гол зардлаас бүрддэг. Нэгдүгээрт шатахууны зардал тухайн агаарын тээвэрлэгч компанийн зардлын 25-30 хувийг бүрдүүлдэг. Манай улс агаарын хөлгийн шатахууныг зөвхөн ОХУ-аас импортолж байна. Нэг улсаас хангамжтай учраас үнэ өндөр байдаг. Мөн үндэсний агаарын тээвэрлэгчдийн чадавхийн асуудал. Үндсэндээ агаарын хөлгүүд нь дийлэнх нь түрээсийн байдаг. Тиймээс үнэ ханш нь өндөр. Засвар үйлчилгээ, парк шинэчлэлтүүд өндөр өртөгтэй байдаг.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Олон улсын агаарын тээврийн холбооноос тавигддаг шаардлагын дагуу агаарын тээврийн компаниудын боловсон хүчнүүдийн сургалт, цалин хангамж нэлээд өндөр байдаг. Тиймээс олж байгаа орлогын тодорхой хувь нь түүнд зарцуулагддаг. Монгол Улсад өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний агаарын тэвээрлэгчдийн боловсон хүчний сургалт гадаад улсад хийгддэг. Ханшийн өндөр хэлбэлзэлтэй үед бол төгрөгөөр борлуулалт хийгээд, буцаагаад зардал нь доллараар гардаг. Ханшийн зөрүүнээс алдагдал хүлээдэг онцлогууд бий. Гэсэн хэдий ч ИНЕГ-ын зүгээс аль болох зүй зохистой, хэмнэлттэй, үр ашигтай байдал руу чиглүүлэхээр бодлогоор хангаж ажиллах ёстой.  

-Нислэгийн компаниудад нислэг хуваарилахдаа заримд нь давуу байдал олгодог ч юм уу асуудал гардаг гэж зарим дотоодын нислэгийн компаниуд гомдоллодог. Ийм зүйл байгаа юу?

-Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль, Иргэний нисэхийн багц дүрмүүдийн хүрээнд нислэгийн чиглэл, зах зээл хуваарилалт хийгддэг. Монгол Улсын агаарын тээврийн зах зээл маш жижиг. Үндсэндээ 2019 онд хамгийн оргил үедээ манай улс олон улсын агаарын тээврийн зах зээлд 1.2 сая зорчигч урсгал тээвэрлэсэн. Үүний 400 орчим мянга нь Улаанбаатар -Сөүл чиглэлийнх. 100 гаруй мянга нь Улаанбаатар-Европ чиглэлийнх. Бусад нь Япон, Хятад, Хонгконг чиглэлийнх байгаа юм. Маш жижиг зах зээлд чөлөөт хуваарилалт зарим тохиолдолд эрсдэл дагуулдаг. Үндэсний агаарын тээвэрлэгчид маань нэг чиглэлд хоёр, гурвуулаа нислэг үйлдэх нь жижиг зах зээлээ буцаагаад улам жижиглэх, эдийн засгийн үр ашиггүй ажиллах нөхцөл байдал үүсгэж байна. Тиймээс цаашид ИНЕГ зах зээлийн судалгаанд үндэслэсэн, агаарын тээврийн компанийн хүчин чадалд суурилсан тооцоо судалгаа хийж байж тухайн чиглэлийнх нь томилгоог хийдэг боломж бололцоо, хууль, дүрэм бий болгоё. Энэ нь аль ч агаарын тээвэрлэгчдэд ил тод байх зарчим барина.

-Салбарын хуульд зайлшгүй өөрчлөх шаардлагатай ямар зүйлс байгаа вэ?

-Иргэний нисэхийн салбарын хуульд томоохон өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна.  Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дэлхийн агаарын тээврийн салбар маш хурдацтай хөгжөөд, шинэ нөхцөл байдлууд бий болчихлоо. Цаашдаа бид энэ хөгжлийн хурдыг гүйцэхийн тулд эрхзүйн шинэчлэлүүд хийж, салбарын хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. 

Тухайлбал, Иргэний нисэхийн салбарын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, төр, хувийн хэвшлийн хэлбэрүүд, аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хуваарилалтуудыг маш зөвөөр хуульд тусгах ёстой.

Эх сурвалж: eguur.mn
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.118.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.