29 настай эмэгтэй ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ОЛГОНО гэж бусдыг ЗАЛИЛЖЭЭ
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-02-15

Иргэдийг залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, 2020 оноос хойш 29 настай, эмэгтэй “Ерөнхийлөгчийн тамгын газрын Шагналын тасгийн ажилтан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн байна. Танд, төрийн одон медаль гардуулах боллоо", “Танай компанид дэмжлэг болгож тоног төхөөрөмж нийлүүлэх боллоо тэмдэгтийн хураамж, тоног төхөөрөмжийн урьдчилгаа, гаалийн татварыг шилжүүлнэ үү” хэмээн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай утсаар холбогдон 100 гаруй удаагийн үйлдлээр бусдыг залилж, 100 мянгаас хоёр сая төгрөгийг дансаар шилжүүлэн авсан хэрэг гарчээ.

Тухайн этгээд нь бусдад нийт 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 2021 оны зургаадугаар сард илрүүлж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн байна. Гэсэн ч шүүгдэгч эмэгтэй нь хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд дээрх аргаар дахин залилах гэмт хэрэг үйлдсэн нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тул иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, албан ёсны эх сурвалжаас тухайн мэдээллийг тодруулж, нягталж байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. Хэрэв энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон мөн дээрх төрлийн асуудлаар сэжигтэй байдлаар хүн холбогдсон бол Цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.50.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.