Б.Дамдин: Үйлдвэрээс гарах эцсийн бүтээгдэхүүний чанар чухал
Ярилцлага
/
2022-02-15

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2021 оны шилдгийн шилдэг ажилтан Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн бутлуурчин Баянмөнхийн ДАМДИН-тай уулзаж ярилцлаа. Тэрээр амралт бол эрч хүчтэй ажиллахын үндэс гэж үздэг учраас бие, сэтгэлээ ажилдаа бүрэн бэлдэж, гүйцэд амрахыг чухалчилдаг. Ээлжийн ажлаасаа 21.00 цагт буусан түүний гар утас маргааш нь их үд хэвийх үед л нээгдэнэ гэж мэд. 

Б.Дамдин Эрдэнэт үйлдвэрт 25 жил тасралтгүй ажиллахдаа үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт болох хүдэр хүлээн авалт, дамжуулалтын төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж, бутлуурын алхам, асгах завсрын зайг өндөр нарийвчлалтай тохируулан бүрэн хүчин чадлаар нь ур чадвартай ажиллуулж ирсэн. Техникийн шинэчлэлийн хүрээнд бутлуур ¹13-ыг МР-800-аар сольж, цагийн ачааллыг 700-850 тонн хүртэл нэмэгдүүлснээр бутлуур доорх шигшүүрийн хүчин чадал хүрэлцэхгүй байсныг нэмэлт шигшүүр суурилуулах санаачилга гарган хэрэгжүүлснээр хүдэр дамжуулалтыг 180-230 тн/цагаар нэмэгдүүлсэн шилдгийн шилдэг ажилтан юм.

-Юуны өмнө Танд манлай үйлдвэрийн шилдгийн шилдэг ажилтнаар тодорсонд баяр хүргэе! 

-Баярлалаа. Санаанд оромгүй сайхан үйл явдал болсон шүү. Зүүдлээд ч байгаа юм шиг санагдаж билээ.  

-Ингэхэд та аль нутгийн хүн бэ?

-Булган аймгийн Орхон сумын харьяат. Аав, ээж маань 1978 онд зохион байгуулалттай элсэлт илгээлтээр Эрдэнэтэд ирж, үйлдвэрт ажилд орж байсан. Тэр үед би айлын ууган хүүхэд эмээ, өвөө дээрээ үлдээд, 1982 онд сургуульд орохоор араас нь ирж байлаа. Аав маань Барилга засварын цехэд мужаан, ээж минь 5-р цэцэрлэгт туслах багшаар ажилладаг байсан. 

-Хүүхэд байхдаа ямар сурагч байв? 

- Хөл бөмбөг тоглодог, их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Улаанбаатар хотын лигийн тэмцээн, бүх ард түмний спартакиадаас хүрэл медальтай ирж байлаа. 

-Одоо тоглодог уу? 

-Тоглодог. 2019 онд хөл бөмбөгийн спортын мастер цол хүртсэн. Сүүлийн хоёр жил корона гээд ажил, гэр гэсэн маршруттай л байна. 

-Хүүхэд байхдаа Эрдэнэт үйлдвэрийн талаар төсөөлөлтэй байв уу?  

-Наймдугаар анги төгсдөг жил ангиараа Ил уурхай үзсэн юм. Үнэхээр биширмээр, сүрдмээр сайхан санагдсан. Тэр цагаас хойш үйлдвэрийн ажилтан болох мөрөөдөлд автсан даа. 

-Мөрөөдлөө хэрхэн биелүүлсэн бэ?   

-Сургуулиа төгсөөд нэгдлийн хадлан, тариа бригадад ажиллаж байгаад 1995 оны намар цэргийн албанд мордсон. Улаанбаатар хотын Зэвсэгт хүчний 120 дугаар ангид алба хааж, түрүүч цолтой халагдаж байлаа. Ангидаа ахлагчаар үлдэх боломж байсан ч Эрдэнэт үйлдвэртээ ажилд орно гэсэн өнөөх мөрөөдлөө биелүүлэхээр ирсэн дээ. Тэгээд ээжийн маань таньдаг эгчийн нөхөр мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгож гарах болоход би оронд нь бутлуурчнаар ажилд орсон юм. 

-Мэргэжлийн үнэмлэхээ ажиллаж байгаад авсан уу? 

-Тэгсэн. Ажлаа хийнгээ Сургалтын төвд гурван сар суралцаж, бутлуурчин мэргэжил эзэмшсэн. Тэр цагаас хойш нэг л газраа 25 жил тасралтгүй ажиллалаа. 

-Анх ажилд ороход ямар хамт олон угтсан бэ?  

-Халуун дулаан, өнөр бүл дунд л орж явчихсан даа. Баяжуулах үйлдвэр 1000 гаруй ажилтантай, түүн дундаа манай хэсэг 150 гаруй хүнтэй, ээлжиндээ 24-үүлээ ажиллана. Тэр үед хамгийн бага нь би байсан бол одоо хамгийн ахмад нь болоод байна. Анх бутлуурчин Н.Ганбаатар ах дээр долоо хоног дагалдаад, хийсэн бүгдийг нь дуурайж сураад явсан. Дунд нь тэжээгүүрийн машинчаар хоёр жил ажилласан юм байна.  

-Бутлуурчин гэхээр яг юу хийдэг хүн бэ? 

-Ил уурхайгаас тээвэрлэгдэн ирсэн анхдагч хүдрийг хүлээн аваад, гурван шатны бутлуураар бутлаад баяжуулалтад бэлтгэж өгдөг. Нэг метр хүртэл бүхэл хүдэр орж ирнэ. Түүнийг хамгийн томдоо 250 мм болтол бутална. Хамгийн жижиг нь 0.5 мм болдог. Түүнээс бага бол нунтаглалт болж явдаг.  

-Сүүлийн үед техник, технологийн шинэчлэлүүд эрчимтэй хийгдэж байна. Таныг 22 настай ажилд орж байсан үеийнхээс техник, тоног төхөөрөмж хэр зэрэг өөрчлөгдсөн бэ?  

-Манай Бутлан тээвэрлэх хэсэг жижиг, дунд бутлууруудаа бүгдийг сольсон. Нэмэлтээр жижиг бутлуур тавьсан. Шигшүүрүүд бүгд солигдсон. Илүү нарийвчлалтай болж, сайжраад л байгаа. Конвейерийн хувьд өндөр хүчин чадалтай редукторууд тавьсан. Ингэснээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт цаг хугацаандаа биелэх нөхцөл бүрдлээ. Хүдэр бутлалтын зэрэг, ажлын бүтээмж өндөр болсон. Мөн найдвартай ажиллагаа сайжирч байна.  

-Нэг ээлжиндээ хэчнээн тонн хүдэр буталдаг вэ? 

-Манайх хоногт 66 мянган тонн хүдэр хүлээн авч хоёр ээлжиндээ буталдаг. Тэгэхээр нэг ээлж 33 мянган тонн хүдэр буталдаг гэсэн үг. Хамгийн том хэмжээ нь 250 мм байна гэхгүй, түүнээс багасгаж өгвөл дараа дараагийнхаа бутлуурт ачаалал нь багасах учраас аль болох жижиглэхийг зорьдог. Хамгийн гол нь үйлдвэрээс гарах эцсийн бүтээгдэхүүний чанар чухал. Хэдийгээр бид Бутлан тээвэрлэх, Нунтаглан баяжуулах, Хаягдлын аж ахуй гээд өөр хэсэгт хуваагдаж байгаа ч ажлын бүтээмж нэг хамт олон шүү дээ. Гэхдээ техникийнхээ хүчин чадал, бүрэн бүтэн байдлыг бас давхар бодох хэрэгтэй.  

-Та ямар үед өөрөөрөө бахархаж омогшдог вэ? 

-Төлөвлөгөөт ажлаа цагтаа багтаагаад дуусгачихсан, тоног төхөөрөмжүүд маань хэвийн, осол зөрчилгүй ээлжээс буухад сэтгэл дүүрээд, санаа амраад сайхан байдаг. Ажлын бүтээмжээрээ л бахархдаг гэх үү дээ. 

-Шавь нар олон уу? 

-Олон болж байна. Саяхан гавьяаны амралтдаа суусан Ганбаатар ахын хүү Эрдэнэбаатар, ОХУ-д сургууль төгсөж ирээд төв корпуст ажиллаж байгаад ажлын шаардлагаар бутлахад ирсэн Дөлгөөн гээд хоёр шавьтайгаа нэг ээлжинд  ажиллаж байна. Хамт олон гэдэг хоёр дахь гэр бүл. Нэг ээлжийнхэн бол бүр ах, дүүгээс өөрцгүй, амь сэтгэл нэгтэй болдог. Би нэг ээлжинд 15 жил ажилласан. Ажлын шаардлагаар ээлжээ солиод одоо долоон жил болж байна.    

-Аавтай нь хамт ажиллаж байгаад дараа нь хүүтэй цуг хөдөлмөрлөхөд ямар сэтгэгдэл төрдөг вэ? 

-Г.Эрдэнэбаатарын хувьд ярьж, хөдөлж байгаа нь яг аав шүү дээ. Зэрвэс харвал аав нь ирээд зогсож байна уу гэмээр. Ер нь залуусаас аавынх нь зан ааш, ажлын арга барил харагддаг шүү.  

-Удам дагасан уурхайчдын давуу болон сул тал юу ажиглагддаг вэ? 

-Сайн тал гэвэл аав, ээжийнхээ оронд ажилд орсон хүүхдүүд эцэг, эхийнхээ нэрийг бодож аль болох сайн ажиллаж, алдаа гаргахгүйг чин сэтгэлээсээ хичээдэг. Өөрөөр хэлбэл аав, ээжийнхээ нэрийг сэвтүүлэхгүй юмсан гэсэн сэтгэл мэдрэгддэг. Зарим нь бүр аав, ээжийнхээ амжилтыг ахиулж, бахархуулах юмсан гэсэн хүсэл тэмүүлэл, зорилготой байгаа харагддаг. Нөгөө талаар сурлага сайтай, “толгойтой” хүүхдүүд нь их дээд сургуульд сураад биеэ даагаад явчихдаг. Гэртээ үлдсэн, тааруухан мэдлэг чадвартай нөхдүүд нь үйлдвэр бараадаж байна гэх шүүмжлэл яригддаг л юм. Тийм ч биз, бас үгүй ч биз. 

-Та залуусаас суралцдаг уу?  

-Мэдээллийн технологи ашиглах тал дээр туслалцаа авч суралцана аа. Залуучууд аливааг өөр өнцгөөс харж, шийдэл гаргах тал дээр сүрхий. Тийм болохоор сургана, бас тэднээсээ суралцана. 

-Та эрч хүчээ юунаас сэлбэдэг вэ? 

-Ядарлаа гэж ер боддоггүй. Харин ачаалал хэт өндөр байх үед бухимдал төрнө. Тэр үедээ гэртээ хариад шагай харваад тайтгарчихдаг. Манай Хаягдлын аж ахуйн хэсэгт шагай сайн харвадаг хэдэн залуу бий. Тэдэнтэйгээ баг бүрдүүлэх санаатай үзээд байгаа. 

-Цаг зав гаргасан Танд баярлалаа.   

Б.Дамдин тэртээ 25 жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрт ажилд орох үедээ ханьтайгаа учирчээ. Тэд хоёр сайхан хүүхдийн аав, ээж бололцон сайхан амьдарч байна. Ээлжийн ажилтай хүний амьдралын хэмнэл, хэв маяг ч түүнд зохицно. Тэгэхээр эднийх гэр бүлээрээ 25 жил ээлжинд ажиллаж, баялаг бүтээсэн гэсэн үг.      

М.Одгэрэл

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.115.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.