Б.Мөнхбаатар: Манайх шиг 200 мянган төгрөгөөр төрийн байрыг түрээсэлдэг улс хаана ч байхгүй!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-04-01

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай “Хот хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлгийн үеэр ярилцлаа.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг та хэрхэн харж байна вэ. Цаашдаа үргэлжлүүлбэл яамнаас ямар бодлого баримтлах вэ?

Түрээсийн орон сууцыг нэмэх бололцоо өнөөдөртөө алга. Засгийн газарт санхүүжилтийн мөнгө байхгүй. 3000 гаруй орон сууцны 1500 гаруй нь Улаанбаатарт үлдсэн нь орон нутагт. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд олон бий. Тухайлбал Хангай хотхоны орон сууц нэг метр квадрат нь 6000 төгрөг, 40м2 нь 250 мянган төгрөг байхад хотын төвөөс нэг км зайд байгаа орон сууцны үнэ 1м2 нь 700 мянгаас сая төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр энэ хүнд үед түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй. Эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Ковидоос шалтгаалсан энэ хүндрэлд Монгол улс барилгын материал бүү хэл ГЯЛГАР УУТ ч үйлдвэрлэж чадахгүй байгаагаа мэдэрлээ.

Тэгэхээр энэ хүндрэлээс гарахын тулд ямар бодлого баримтлах вэ?

Том хүрээгээр харвал Монгол улс нүүрс, зэсээ зараад л тэтгэвэр тэтгэмжээ тавих ийм цаг үе ирсэн. Гурван жилийн өмнөх шиг биш болсон. Цаашдаа бид барилгын материал гэлтгүй стратегийн бусад бүтээгдэхүүнийг дотооддоо хэрхэн үйлдвэрлэж, бусдаас хараат бус болох вэ гэдгээ бодох цаг болсон. Ядаж байхад ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд байгаа манай улс цаашдаа хэрхэн амьдрахаа ард түмнээсээ асууж, бодит байдлаа хэлж баймаар юм байна. Гурван жилийн өмнөх биш болчихлоо. Ковид, геополитикийн асуудлаас үүдээд манай улс хязгаарлалтад байгаа нь үнэн.
Барилгын материалын гол түүхий үдийг дотоодоосоо хангах боломж бололцоо байхгүй юу?

Барилгын гол түүхий эд нь арматур төмөр, цемент. Манай улсад цементийн дөрвөн үйлдвэр бий. Ковидын үед арматур болон хөөсөнцөрийн үнэ хэд дахин өссөн. Цементийн үнэ өсөлтгүй байснаас саяхнаас 30 хувь өслөө. Яагаад үнэ нэмчхэв гээд үйлдвэрлэгчдээс асуухаар гурван үндсэн шалтгаан хэлж байгаа юм. нэгдүгээрт, түүхий эд материалын үнэ өссөн гэдэг. Тэр нь гөлтгөр, нүүрсний үнэтэй шууд холбоотой. Тээвэр шатахууны хөлс. Хоёрдугаарт, Хөдөлмөрийн хуульд орсон 14:14 хоногийн росторын өөрчлөлт нөлөөлж байна. Өмнө нь 20 хоног ажиллаад, 14 хоног амардаг байсан. Наанаа ажилчдаа амрааж байгаа боловч цаад аж ахуй нэгжүүд дахиад хүн авч ажиллуулахаар цалингийн зардал нэмэгдэнэ. Гуравдугаарт, Хөгжлийн банктай холбоотой цементийн хоёр том үйлдвэрийн асуудал. Бид хувийн хэвшлийнхэнтэй уулзаж үнийг буулгах бодлого баримтлахын чиглэл болгож байгаа. Арматурын нөөцөө ОХУ-аас бүрдүүлэхээр зорьсон. Манай улсад жилд 300 гаруй мянган тонн арматур хэрэгтэй байдаг. Урд хөршөөс төмөр биш эм тариа, бусад хүнсээ 700 гаруй вагон аар зөөж байна. 300 мянган тонн төмрөөс 150 мянган тонныг авахаар татан авалтууд хийгдсэн. 70-80 мянган тонн нь ирчихсэн. Одоо гол хүндрэл бол олон улсаас ОХУ-д тавьсан санхүүгийн хориг манайд ч нөлөөлж байгаа явдал. Нөгөө барилгын арматур ачуул байгаа компани руу мөнгө шилжүүлэх гэхээр банк санхүүгийн байгууллагуудад хаалттай болчихсон. Ийм хүнд нөхцөлд хувийн хэвшилтэйгээ л хамтрах нь зөв гарц.

ТОСК-ийн үүсээд байгаа нөхцөл байдлыг шалгаж үзсэн үү. Хаана ямар алдаа гарчихсан юм бэ?

Төрийн орон сууцны корпорацад үүссэн нөхцөл байдал нь дөрвөн шалтгаантай юм билээ. “Буянт-Ухаа – I” төсөл амжилттай хэрэгжсэн. Одоо мянган хүн амьдарч байгаа. Ихэнх нь түрээсэлсэн юм билээ. Тэндээс олсон мөнгөөрөө “БУЯНТ-УХАА – II” төслийг санхүүжүүлсэн. Ашиглалтад орох үед нь Засгийн газар шийдвэр гаргаад дахиад түрээсэлчихсэн. Тэгэхээр чинь ашиггүй л болно ш дээ. Түрээсийн мөнгөөр хэзээ ч орлогоо нөхөж чадахгүй. Өөрөөр хэлбэл Засгийн газар бодлогын алдаа гаргачихсан. Жил бүр улсын төсөвт мөнгө суулгаж алдагдлаа нөхнө гэсэн боловч тэр мөнгөө өгөөгүй, чадахгүй явсаар байгаад өрөнд оруулчихсан. Хоёрдугаарт, “Шинэ-Яармаг” төсөл. Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авахдаа ТОСК-ийн нэрийг оруулаад сүүлд нь өр болгочихсон янз бүрийн асуудлууд байгаа. Сүүлд нь баахан хүмүүс жагссан. Судлаад үзсэн чинь ТОСК-ийн барьсан түрээсийн байранд 200 мянган төгрөг төлөөд, хамгийн хямд үнэтэй байранд байгаа хүмүүс жагссан юм билээ. Өнгөрсөн хавар жагссан. Тэр мөнгөө төлчихсөн бол төр өрөнд орохгүй байсан.

Төсвийн мөнгөөр барилга барьж байгаа барилгын компаниуд саяхан нэгдэж мөн л жагслаа. Салбарын сайдын хувьд та тэдэнтэй уулзсан уу. Ямар шаардлага хүргүүлсэн юм бэ?

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж байгаа компаниуд байгаа. 2021 оны зургаан сард материалын үнийн өсөлт огцом нэмэгдсэн. Биднээс хамаарахгүйгээр, дэлхий нийтээр үүссэн. Засгийн газраас энэ үнийн өсөлттэй холбоотойгоор ажлын хэсэг гаргаад 1000 гаруй төслийг татаж үзээд магадлал хийсэн. Зарим аж ахуй нэгжүүд хугацаандаа төслөө гүйцээгээгүй. Тэдний л алдаа ш  дээ. Төсөл бүрд өөр өөр алдаа гарч байнна. Зарим нь үнийн өсөлт далимдуулаад МӨНГӨ АВАХ гээд явж байна. Зарим нь банкнаас зээл аваад төслөө дуусгачихсан ч байна. Ажлын хэсгийн урьдчилсан дүнгээр 220 гаруй тэрбумын үнийн өсөлт гарсан. Тэр мөнгийг бид улсын төсөвт суулгана. Төсвийн тодотголоор уу, эсвэл 2023 оны төсөвт үү гэдгийг Засгаар шийднэ.

Шинэ суурьшилийн бүсийг “Улаанбаатар - 2” болгохгүйн тулд юуг анхаарах вэ?

Яг зөв. Шинэ суурьшилийн бүсийг Улаанбаатар шиг болгохгүйн тулд эхлээд газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа. Дараа нь төлөвлөлтөө хийж, дэд бүтцээ хийнэ. Тэгэхгүй бол Хөшигийн хөндий дараагийн гэр хорооллын бүс болох эрсдэлтэй. Яг үнэндээ бидэнд шинэ хот барих туршлага дутна. 1983 онд Багануур хотыг байгуулсанаас хойш 30 гаруй жил боллоо. Одоо шинэ хот байгуулна гэдэг өмнөхөөсөө тэс өөр зүйл. Авто зам, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний компус гээд бүгд цогцоороо шийдэгдэнэ. Төрийн бүх байгууллагууд нэгдмэл сэтгэлгээтэй байх ёстой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.175.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.