ИХ САНАСАН ГАЗАР ЕСӨН ШӨНӨ ХООСОН...!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-04-02

Дээр үед “Бид ЯЛАВ” гэдэг медалийг дайнд оролцсон болон оролцхоор бэлтгэгдэж байсан цэргүүдэд өгдөг байв. Харин энэ удаад “МАН ялав” гэдэг тэмдэг үйлдвэрлэх нь холгүй боллоо. Учир нь эрх баригч намд оролцохгүй асуудал, хийхгүй ажил гэж даан ч алга. Хамтран зүтгэгч АН-ыг хүртэл шалны алчуур болгож, жинхэнээс нь гудамжинд гаргачихлаа.  О.Цогтгэрэлийн тэргүүлсэн Ардчилсан намаас даргын сунгаа зарлаж, түүнийгээ сүртэйгээр эх орноо тойронд аялав. Эцэст нь С.ЭРДЭНЭ ялав. Үндсэндээ Ж.Батсуурь, Х.Баттулга хоёр өрсөлдөхөд С.Эрдэнэ  ялалт байгуулав.

Улсын дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаанаас Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн баталгаажуулж улмаар С.Эрдэнийг тус намын дарга мөн гэдгийг баталгаажуулав. Ингэснээр сонгуульд өрсөлдсөн хоёр нөхөр байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцров. Эхнээсээ би АН-ын дарга гэж хашгирсан С.Эрдэнэд эрх баригч МАН-ын талынхан шүүх засаглалын дэмжлэг үзүүлсэн нь баараггүй.

Үндсэндээ МАН бүх зүйлд ялав. Доллар 3220 болоход, Бензины үнэ хэд дахин нэмэгдэхэд, хүмүүс үг хэлэх, үзэл бодлоо хязгаарлуулахад, төсвийн мөнгийг өм цөм, үрэн таран хийхэд гээд бүгдэд нь МАН ялав. Аав нь шороонд, ээж нь шоронд орчихсон гурван эмэгтэй хүүхэд уйлж байхад хүртэл МАН ялав!!! Одоо л хаврын жинхэнэ улстөрийн халуун үйл явц эхлэх гэж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бидон Ганбааг хүлээн зөвшөөрөх эсэх, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Д.Бат-Эрдэнэ, нарыг намаас хөөх гэх мэт АН дотор дахиад зөрчил үүснэ.

Энэ нь МАН-д болоод С.ЭРДЭНЭ, түүний ард байгаа Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарт ашигтай. Монголын улстөрд Ардчилсан нам хэрэгтэй ч МАН-д бол хэрэггүй. Одоо тэд АН-ыг өвөртөө хийгээд авчихсан тул яаж л бол яаж “эдлэнэ”. Нэг үгээр хэлбэл С.Эрдэнэ эрх намынхаа эрх мэдлийг хэргээрээ найцаалцсан байж болох. Гэхдээ энэ бол хардлага. Нийгэм  ингэж л хүлээн авч байна. Ардчилсан намын тамганы маргаан дууссан ч С.Эрдэнийн “зовлон” одоо л эхлэж байна. Тус нам 220 мянган гишүүнтэй гэдэг. Эдгээр гишүүдийн 95 хувь нь С.Эрдэнэд дургүй. Тэгэхээр С.Эрдэнийг намын даргаас огцруулах, улмаар дахин намын даргын сунгаа явуулахаар болно. О.Цогтгэрэлийн талынхан С.Эрдэнийн талынханыг эсэргүүцнэ. ЖЕНКО-гийн арми ч зүгээр суухгүй, халаасанд аа байгаа УИХ-ын гишүүн Г.Уянгын тэргүүлдэг “Тусгаар тогтнол эв нэгдлийн нам” магадгүй амь орж ч мэдэх юм.

Бадарчин баярлах болоогүй. Жинхэнэ тулаан одоо л эхлэх гэж байна. С.Эрдэнэ дарга аа!!! Тулаандаа бэлтгэ. Олон нийтийн судалгаагаар хамгийн муу улстөрчөөр сүүлийн хоёр жил тасралтгүй тэргүүлж буй С.Эрдэнийн эсрэг АН-ыхан, эрх баригч МАН-ын эсрэг АН-ынхан гээд жинхэнэ хаврын улстөр эхлэх нь. Энэ бүхнийг МАН-ынхан тусгаар тогтнолын саарал байрны цонхоор тавлан харж, алга ташингаа дараагийн идэж уух их хэмжээний нөөцтэй ордуудаа газрын зураг дээр цусан улаан өнгөөр тэмдэглэнэ. Энэ бол С.Эрдэнийн хэргээ намаараа наймаалцаж байгаа хэлбэр. МАНАН бүлэглэл гэгчийн жинхэнэ тод жишээ нь одоо ил гарч байна.

Тэд ЖЕНКО-гийн эсрэг бүх арга хэмжээ, акцийг хийнэ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.43.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.