Д.ЭРДЭНЭЦОГТ: Эрдэнэт үйлдвэрийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан катодын зэсийн болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барьж, байгуулах төслүүд хэрэгжиж байна
Ярилцлага
/
2022-04-08
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын дарга Д.Эрдэнэцогтоос тус үйлдвэрт хэрэгжих том төслүүдийн талаар тодрууллаа.

-Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн бодлогод тусгагдсан томоохон төслүүдийн явц, хэрэгжилт ямар түвшинд байна вэ? 

 - Бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулж, Засгийн газраар батлуулан ажиллаж байна. Үндсэн чиглэлд Эрдэнэт үйлдвэрээс гаргаж буй  баяжмалыг баяжмал хэвээр нь экспортлох биш баяжмалаа гүйцээн боловсруулж, катодын зэс үйлдвэрлэх томоохон зорилт тусгагдсан.  Энэ зорилтын хүрээнд исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулах, катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр барьж байгуулах техник эдийн засгийн нарийвчилсан үндэслэлийг гаргаж, дуусах шатандаа ороод байна. Дараагийн нэг том төсөл нь зэсийн баяжмал боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл. Энэ төслийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг 2020 онд гаргасан бол одоо үйлдвэрлэлийн туршилт эхлээд байна. Өөрөөр хэлбэл, хүхрийн хүчил болон элементийн хүхэр үйлдвэрлэх гэсэн хоёр технологи сонгоод, одоо элементийн хүхэр үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилт хийгдэж байна. Уг туршилтын зөвшөөрөл нь Хятад улсын нутаг дэвсгэрт хийгдэхээр гарч,  бэлтгэл хангагдсан. Бидний төлөвлөж байгаагаар туршилтын хугацаа 1.5  сарын турш  үргэлжилж, туршилтын үйлдвэр нь 8 сарын 1 гэхэд бэлэн болох юм. Мөн туршилтын үр дүнг дүгнэж, боловсруулах ажил нэг сарын хугацаанд хийгдэнэ. Ингээд ирэх 12 сарын эхээр дээрх туршилтын үр дүнд үндэслэн техник эдийн засгийн нарийвчилсан үндэслэл дээрээ тодотгол хийж, үйлдвэр барьж байгуулах ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. 

-Чанар, агуулгын хувьд тодруулахгүй юу? 

-Эрдэнэт үйлдвэр зэсийн болон молибдены баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтайгаар анх ашиглалтад  орж байсан. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн хамаарал бүхий тодорхой хувь оролцоотой катодын зэсийн “Эрдмин” болон “Ачит-Их” гэсэн хоёр ч үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүд нийлбэр дүнгээрээ жилдээ 12.5 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх  суурилагдсан хүчин чадалтай. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр 9.8 мянган тонн катодын зэс үйлдвэрлэсэн. Чанарын хувьд таван ес буюу 99.999 хувийн катодын зэс гаргаж байна. 

-Катодын гэдэг нь цэвэршүүлсэн зэсийг хэлдэг байх?

-Тиймээ, дээд зэргийн цэвэршүүлсэн хавтан гэсэн үг. Энэхүү хавтанг цаашид гүйцээн боловсруулж, бүх төрлийн зэс бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж ойлгож болно. 

-Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний систем эрчимтэй хөгжиж буй үед цаашдаа болон ойрын ирээдүйд зэсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Энэ чиглэлд бэлэн байна гэж хэлж болох уу?

-Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүн маш өндөр эрэлт, хэрэгцээтэй экспортын бүтээгдэхүүн байсаар ирсэн. Өнөөдөр баяжмал хэвээр байхад ч цаашид ахисан түвшинд боловсруулаад явахад ч эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байх болов уу.  Энэ нь зэс электроникийн хөгжил, ногоон технологи гэх зэрэг шинэ хөгжиж буй салбарт хамгийн чухал түүхий эд болж буйтай холбоотой. Электроникийн хамгийн сайн дамжуулагч нь зэс, алт, мөнгө байдаг. Энэ утгаараа манай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ цаашдаа ч өснө гэдэг нь эргэлзээгүй юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.43.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.