П.Анужин: ЭНГИЙН, ҮНЭН, АМЬДРАЛД ОЙР байхыг л хичээдэг. Гишүүн гэхээрээ амьдралаас тасарчихсан байдаг юм биш!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-04-17

Улс орныхоо нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлыг эрх баригчид гэнэт олж хараад төсвийн сахилга батаа сайжруулж, хэмнэлт хийе гэж байна. Ямартай ч УИХ-ын харьяа байгууллагууд том жийп унахаа болих нь. Харин гишүүд ямар байдлаар төсвийн хэмнэлтэд оролцох боломжтой гэдэг талаар УИХ-ын гишүүн П.Анужинтай ярилцлаа. Тэрбээр чуулганы хуралдааны үеэр “гишүүд гоё ганган хувцастай зургаа мөнгө төлж авахуулахаа боль. Ард түмэн инээсэн цагт гишүүд инээх ёстой. Иргэдийнхээ амьдрал ахуй хүндхэн байна” хэмээн хэлсэн нь дэмжлэг аваад буй юм.

Төсвийн хэмнэлт хийе гэж байна. УИХ-ын гишүүний хувьд та ямар хэмнэлт хийж болохоор байна вэ?

Хэмнэе гэвэл их зүйл бий. Хамгийн наад зах нь манай гишүүд хэвлэлийнхэнтэй хаалтын гэрээ хийхээ больчих!! Та нарт ард түмнээсээ нуух, өөрийгөө далдлах ямар шалтгаан байгаа юм. Хувийн булхайгаа битгий нуу. Хамаг үнэнээ ХААЛГАЧИХЛААР ард түмэн хардана. Мэдээлэлгүй хүмүүс чинь уурлаж босно шүү дээ. Та нар залуучуудын тэмцлийг харсан биз дээ! Үнэн ганцхан хувь бөгөөд маш энгийн байдаг. Би хувьдаа ийм зарчмын саналтай байгаа. Гишүүний хувь та ямар хэмнэлт хийх вэ гэж байна. Ямартай ч цаас хэвлэж, үргүй зардал гаргахаас татгалзаж, технологийн дэвшлийг ашиглаж байна. 2022 оны төсвийг хэлэлцэж байхад л би хэлж байсан. Яам тамгынхан зардал ихтэй том өрөө, үнэтэй машин унаагаа боль, тана гэж хэлж байсан.

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хууль санаачлах, батлуулах. Таны хувьд парламентын гишүүн болсноосоо хойш хэчнээн хууль санаачилж өргөн барив?

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь энэ. Гэхдээ бодит байдал дээр харахаар зөвхөн энэ хоёр үүргийн хүрээнд биш түүнээс давсан маш их үүрэг хариуцлагыг хүлээдэг юм байна. Сонгогдсон тойргийнхоо бүхий л асуудалд оролцдог. Баг, хороо руугаа байнга уялдаатай харилцдаг. Тэгэхгүй бол иргэдийнхээ амьдралаас тасарчихлаа гэдэг. Сонгогдсоноосоо хойш олон хууль санаачилж, нөхдийн хамт өргөн барьсан. Манай улсад шинээр хууль батлах шиг амархан. Харин хуулийг бодит амьдралд хэрэгжүүлэх нь хэцүү. Тийм учраас нэмж хууль санаачлахаас илүү өмнө нь баталсан сайн хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд илүү анхаарч байгаа. Тухайлбал өмнөх парламентаар баталсан “Сурагчдын үдийн хоол”-ны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ахалсан. Энэ бол Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад хамгийн чухал хууль. Хүүхдүүд чинь сургууль дээрээ эрүүл, чанартай хоол идэж чадаж байна уу, төсвийн мөнгийг элдэв зарцуулдаг уу, нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг нэмэгдүүлэх боломж байна уу? Сургуулиуд түрээсийн бизнесээс салж чадах уу... гэх мэтээр олон хяналт тавьсан. Хоол хүнснээс ангид нэг ч хүн байхгүй. Хүүхдийн гэдсийг хоол нэртэй хороор дүүргэж болохгүй. Мөн хуулийн зохицуулалт байхгүй гэх шалтгаанаар шингэн тамхины хэрэглээг хянаж чадаагүй. Үүний улмаас 10, 11 настай хүүхдүүд тамхинд орсон. Маш их хэмжээний никитон татан мансуур, уушгиа хордуулж байгаа. Шингэн тамхины хэрэглээг хянахын тулд ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН тухай хууль санаачилж өргөн барьсан ч хэлэлцэхгүй удаад байна. Ганц нэг хүн хуулийн цоорхойгоор ашиг олохын тулд хэзээ ч засаж болохгүй эрүүл мэнд, ирээдүйгээ хордуулж байна гэдэг бол аймшигтай асуудал! Энэ асуудалд төр одоо шийдвэр гаргах цаг болсон.

Үр дүнд хүрэв үү...?

Хүрсэн. Эхний ээлжид бага ангийн хүүхдүүдийн хоолны мөнгийг төсөвт суулгаж, нэмэгдүүлсэн. Хууль батлаад хэрэгжүүлнэ гэдэг чинь энэ. Хоёрдугаарт, Монголын ирээдүйг бэлтгэж байгаа тэр гэгээн орчин орчин үеийн шийдэл бүхий гал тогоотой байх ёстой. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн төр, хувийн эзэмшлийн бүх сургууль цэцэрлэгийн гал тогоог шинэчлэх төсвийг батлуулсан. 2023 он гэхэд гэхэд Сонгинохайран дүүргийн сургууль цэцэрлэг түрээсийн гал тогооноос сална. Энэ мэтээр гаргасан хуулиа хойноос нь хэрэгжүүлбэл үр дүнд хүрнэ.

Хүүхдээ сахиж байгаад ажилдаа ирлээ гээд үг хэлсэн. Манай улсын эрүүл мэндийн байгууллагын өнөөгийн нөхцөл ер нь ямар байна вэ? Та бол биеэрээ мэдэрлээ шүү дээ

Эрүүл мэндийн салбар, тэр дундаа эх нялхсын өвчлөлд салбар яам, Засгийн газар нь онцгой анхаарах ёстой салбар. С.Энхболд сайдын тангарагтаа өргөсөн өдөр чуулганы индрээс би “Эх нялхсын эрүүл мэндийн хамгаалах чиглэлд яг юу хийх юм бэ, төрөх эмнэлгийн стандартыг хэрхэн шинэчлэх юм бэ... Таны өмнөх засаг чинь эх нялхсын асуудал, тэр дундаа дөнгөж төрсөн нярай ээжийг таавчигтай зөөснөөс болж унасан шүү” гэж асуусан. Төрөх гэж байгаа ээжүүд санаа амар байж байгаад стандартад нийцсэн эмнэлэгтээ аль нэг таньдаг эмчийн гар харалгүйгээр амаржиж чадах уу гэдэг нийгмийн асуудлыг хөндсөн. Энэ асуусан ажлаа ч сайн шахаж шаардсан. Сайд ч бас сайн ажиллаж байна. Нийслэлийн харьяанд байсан хотын төрөх эмнэлгүүдийг яамны харьяанд авч шууд удирдлагаар хангаж, хөрөнгө оруулалт, бодлогын өөрчлөлтийг хийлээ. Одоо орчин нөхцөлийг сайжруулахад гадна доны донор байгууллагатай уулзаж хөрөнгө санхүү босгохоор уулзалтууд хийж байгаа. Тэгэхээр манай улсад хууль мундахгүй. Гагцхүү иргэдийн амьдралд хэрэгждэг болгох нь чухал. УИХ-ын гишүүн гэхээрээ л өөрөөрөө авторласан хэрэгждэггүй нэг хуультай байж болохгүй. Хэрэгждэг АМЬД ХУУЛЬ хэрэгтэй. Тийм ч учраас УИХ-аас “Хяналт шалгалтын тухай хууль”-г баталсан. Энэ чинь гишүүдэд санаачилж батлуулсан хуулиа хэрэгжүүлэх, түүндээ хяналт тавих боломжийг олгож, хариуцлагжуулж өгсөн.

Эмэгтэй гишүүдийн нэг онцлог нь яг амьдралд ойр зүйл рүү сэтгэлээ зориулдаг давуу тал байна. Хүүхдийн хоол хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэдэг бол бидний мэддэг хэрнэ анзаарч, хайхардаггүй салбар. Гэтэл та яг араас нь оржээ. Дараа нь ямар салбарын хуулийн хэрэгжилт рүү орох гэж байна вэ?

Би нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол шинжлэх ухааны байнгын хороо, аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод байдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтраад ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АСУУДАЛД анхаарна. Гадаадаас монгол ажилчдаа татах бирж байгуулсан л гэнэ. Хэн ирсэн юм, Монгол залуучууд чинь зөрөөд гадны улс руу явж байна, манай улсын салбар бүрд ажиллах хүчний хомстолд өртөөд байгаа. Гэтэл ажилгүйчүүд  нийгмээрээ дүүрсэн. Ойлгомжгүй байдлыг яаж шийдэх вэ, учир шалтгаан нь юу байна вэ гэдгийг мэдэхээр ажилдаа орчихсон байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь чухал. Өнөөгийн олгож байгаа 420 мянган төгрөгийн цалин амьдралд хүрэлцэхгүй байгаа нь хэн ч харваас ойлгомжтой асуудал. Залуучууд сая жагсаалаараа ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙГАА НЬ ЯАГААД ЯДУУ АМЬДАРЧ БАЙНА ВЭ гэдгийг хөндсөн. Хэрвээ төсвийн хэмнэлт гэж хийх гэж байгаа юм бол суурь цалингаа л нэмчих. Цалингаа нэмчих, тэтгэврээ нэмчих. Ийм зоригтой бодлогыг хийх хэрэгтэй. Боловсрол, Эрүүл мэндийн салбар луу хөрөнгө оруулалт хийх нь чухал.

Та ярилцлагын эхэнд УИХ-ын гишүүн хууль санаачилж батлуулахаас ч олон ажил хийж, тойрогтоо ажилладаг гэлээ. Гэтэл ард түмэн УИХ-ын гишүүд бүгд хулгайч, муу хүмүүс шиг л ойлгодог. Ер нь төрийн түшээ, ард түмний илч болсон гишүүн хүн яг ямар байх ёстой гэж боддог вэ?

УИХ-ын гишүүд бүгд муу хүмүүс биш. Бүгд баян тарган, тасарчихсан амьдралтай биш. Сайд дарга, гишүүн байгаа хүмүүсийн арын амьдрал дандаа өнгөлөг гоё байдаггүй. Сонгуулийн үеэр сонгохдоо хэн нь арай амьдралд ойр юм бэ, хэн нь хүний төлөө ажиллаж чадах юм бэ гэдгийг нь хардаг. Харамсалтай нь гишүүн болсны дараа УИХ-ын 76 гэсэн нэрний араас ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ, ИДЭЭЧИН УУГААЧИН гээд цоллож эхэлдэг. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Өөрийгөө төлөөлүүлж гишүүн болгосон хүнээ ингэж харлуулах ийм үндэс суурийг 30 жилийн хугацаанд төр түшилцсэн нөхдүүд тавьчхаж. Тэд сонгогдсон тойрогтоо ажиллаагүй юм байна, амласнаа биелүүлээгүй юм байна. Ард түмнийг хуурсан, залхаасан байна. Өөрийн амьдрал, аж ахуйгаа сайжруулсан байх нь. Тийм учраас өө төрд гарсан л бол тэд хулгайч, худалч гэдэг ойлголтыг үлдээчхэж. Нэгэнт ард түмний тархинд суучихсан энэ ойлголтыг авч цэвэрлэх боломжгүй. Харин одоо бид ахиж өөртөө хувь хүртэхгүй, өөрсдийгөө өөд татаж болохгүй. Сонгогдсон тойрогтоо очиж, иргэдтэйгээ уулзаж санаа бодлыг нь сонсож ярилцаж, асуудлыг шийддэг байх нь чухал. УИХ-ын гишүүд чинь хүссэнийг биелүүлэгч бирд биш ч чадал хэмжээгээрээ бусдад тусалдаг л юм. УИХ-ын гишүүний тангараг дотор “Би ард түмний элчийн хувьд АВЛИГА АЛБАН ТУШААЛААС ангид байна. Өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж байгаа. Ард түмний илч юм бол өргөсөн тангарагтаа л үнэнч бай. Битгий амин хувиа бод!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.253.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.