Ц.Оргил: Баяжуулах үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсэгт цацрагийн дам өртөлтийг тэглэсэн
Ярилцлага
/
2022-04-20
Эрдэнэт үйлдвэрт цацрагийн үүсгүүрт хамааралтай ажлын байр цөөнгүй. Энд ажиллагчдын эрүүл мэндийг хамгаалах, цацрагт өртөх эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Цацрагийн аюулгүйн албаны тэргүүлэх инженер Ц.Оргилоос тодрууллаа. 

Цацрагтай нөхцөлд ажилладаг ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

Манай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цацрагтай ажиллагч эрүүл мэндийн тусгай үзлэгт хамрагддаг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг. Энэ байгууллага 2021 оны үзлэгийн үр дүнгээр тайлан мэдээ ирүүлсэн. Үзлэгийн үр дүнгээр мэргэжлээс шалтгаалах өвчний болон түүний урьдал нөхцөл байдлын тохиолдол илрээгүй ч халдварт бус, ердийн өвчлөлийг бууруулах нэлээдгүй үүрэг даалгавар бидэнд өгсөн. Цацрагтай ажиллагчдын эрүүл мэндийг дэмжих, эрүүлжүүлэх, хамгаалах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн. Манай цацрагтай ажиллагчдын дунд сүүлийн 2-3 жилийн үзлэгээр мэргэжлээс шалтгаалах өвчин, эсвэл түүний урьдал нөхцөл илрээгүй. Халдварт бус, ердийн өвчлөл илэрсэнтэй холбогдуулан энэ чиглэлээр бидэнд тодорхой ажил зохион байгуулах үүрэг чиглэл өгсний дагуу 2021 оны 11-р сард Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчийн шийдвэр гарсан. Энэ чиглэлээр 35 зүйл бүхий ерөнхий төлөвлөгөө батлуулсан. Ерөнхий төлөвлөгөөний дагуу бүтцийн нэгжүүдэд хэрэгжүүлэх нарийвчилсан 6 төлөвлөгөө бүхий дэд төлөвлөгөө мөн батлагдсан. Өнгөрсөн оны сүүлээс энэ оны эхний улирал хүртэл дээрх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажилласан. Бид төлөвлөсөн бүх ажлаа  хийсэн. Төлөвлөгөөний дагуу эрүүл хооллолт эрүүл мэндийг дэмжих дөрвөн видео контент бэлдэж, цацрагтай ажиллагчдад түгээлээ. Нарийвчилсан үзлэг хийсэн. Нарийн мэргэжлийн эмч нарын заавар зөвлөгөөг цацрагтай ажиллагчдад өгүүлж, үүнийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цацрагийн аюулгүй байдал, хамгаалалт гэх ойлголтын талаар тайлбарлана уу? 

Цацрагийн аюулгүй ажиллагаанаас гадна цацрагийн аюулгүй байдал, хамгаалалтын асуудал гэж байдаг. Өөрөөр хэлбэл цацраг нь их аюултай, өндөр эрсдэлтэй эх үүсвэрт тооцогддог учраас нийгэм, хүн амд учирч болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд эдгээр цацрагийн үүсгүүрийг янз бүрийн гаднын болон дотоодын үүсэл гаралтай гэмт халдлага, хэрэг зөрчлөөс сэргийлэхэд чиглэсэн ажлууд хийгддэг. Энэ бол бидний хувьд шинэлэг ажил. Үүнийг анх удаа нэгдүгээр улиралд хийж эхэллээ. Энэ ажлын хүрээнд  журам, хамгаалалтын төлөвлөгөө зэрэг 2 дотоод эрх зүйн баримтыг шинээр боловсруулан, хэрэгжүүлж байна. Энэ чиглэлд 10 гаруй шинэ зохицуулалт, шаардлагыг хэрэгжүүлэх ажил хийгдэнэ. Бид аюулгүй байдлыг хангаж  байна уу, ямар нэгэн гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлж чадаж байгаа эсэхэд  энэ жил хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэхээр төлөвлөсөн. Ерөнхийдөө сонгон шалгаруулалт нь явагдаад гэрээ нь байгуулагдаад дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр үнэлгээний ажил явагдана. Бидний хийж хэрэгжүүлж байгаа ажил бас үнэлгээний ажилтай холбоотой. Мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэснээр бид нэлээд сайн зөвлөмжүүдийг авна. Үүнийг хэрэгжүүлэн ажиллана. 

Баяжуулах үйлдвэрийн цацрагийн үүсгүүрт хамааралгүй ажилтнуудыг цацрагт өртөх эрсдэлийг бууруулсан гэсэн. Энэ талаар ярина уу?

Манай үйлдвэрт ашиглаж байгаа технологийн хяналтын цөмийн хэмжүүрүүд бүгд  Баяжуулах үйлдвэрт суурилагдсан байдаг. Иймээс Баяжуулах үйлдвэрийн технологийн, засварын зэрэг цацрагийн үүсгүүрт хамааралгүй ажилтнуудын учирч болзошгүй өртөлтийг яаж бууруулах вэ гэдэг асуудал тулгардаг. Санаатай болон санамсаргүй байдлаар ямар нэгэн цацрагт өртөх эрсдэлийг бууруулах чиглэлээр бид нэгдүгээр улиралд томоохон ажил хийж гүйцэтгэлээ. Энэ ажлыг манай Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Угсралт, тохируулгын хэсгийн Цөмийн изотопт тоног төхөөрөмжийн баг хамт олон голлон хийлээ. Танай сайтаар дамжуулан  амжилттай ажиллаж, дээрх ажлыг чанартай гүйцэтгэсэн тус хамт олонд талархсанаа илэрхийлье. Энэ ажлын гол агуулга нь цөмийн хэмжүүрийн детектор буюу мэдрэгч хэмжигч тал дээр нь цацрагийн тунгийн чадал нэлээд олон цэг дээр өндөр түвшинд буюу тэр орчинд ажиллаж байгаа Баяжуулах үйлдвэрийн ажилтнууд өндөр хэмжээний шарлагад өртөх эрсдэл байсан. Орчин үеийн мэдрэгч төхөөрөмж ашиглан, цацрагийн нэмэлт хамгаалалтын арга хэмжээг авсны үр дүнд өнөөдөр детектор буюу мэдрэгч хэмжигч төхөөрөмж дээр цацрагийн тунгийн чадлыг хамгийн багадаа 4, хамгийн ихдээ 25 дахин бууруулсан. Ингэснээр бид Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэгт цацрагийн дам өртөлтийг тэглэсэн гэж итгэлтэй хэлж чадна. Нийт 22 цэг, тоног төхөөрөмж дээр цацрагийн хэмжилт хийж, энэ үр дүнг баталгаажуулсан. Цаашид энэ ажил үргэлжилнэ. Худалдан авалтаар үүнд шаардлагатай тоног төхөөрөмж ирж нийлүүлэгдэж байна. Баяжуулах үйлдвэрийн бусад хэсгүүд дээр энэ ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд 56 цэг байгаа. Үүний 50 хувьд нь нарийн тохиргоо, цацрагийн нэмэлт хамгаалалт хийсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.8.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.