Ц.Нямдорж: Д.Эрдэнэбилэгийн мафитай тэмцэхэд МИНИЙ ЦАМЦ НЭЛЭЭД УРАГДЛАА!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-04-22

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2022.04.21/ Худалдаан хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаанд цагдан хорихоор шийдвэрлэсэн байна. Үүнийг эрх баригч МАН-ын шууд захиалга гэж ойлгож болно. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэх чуулганы хуралдааны үеэр “Д.Эрдэнэбилэг бол Монголын төр байсан. Түүнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Шүүх, Прокурор нь ч дийлдэггүй байсан. Тэр Монголбанкийг удирддаг байсан” хэмээн хэлээд авсан.

Түүнээс өмнө одоогийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкныхан авчихсан. Цаад эзэн нь сахал Д.Эрдэнэбилэг. Цаад эзнээ нэг харчих юм сан. Би энэ зүйлийн төлөө сүүлийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэж байсан үе нь 2017 он.

Түүнийг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг эзэмшиж байсан “Ростех” корпораци хувьцаагаа зарах санал ирүүлснийг “Монголын зэс” компани худалдан авсан үйл явдал 2016 онд болсон. "Монголын зэс” нь Худалдаа хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг, үндэсний компани гэдгийг тухайн үед мэдээлж байв.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авсан компанийн асуудлыг олон жил хөндсөн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Би 2016 оноос л "Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудлыг ярьж  эхэлсэн. Анх ярьж эхлэхдээ сүүлчийн цамцаа урагдтал явна гэж хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд зам чөлөөлөх, сүлжээг нь таслах ажил хийлээ, цамц маань нэлээд урагдсан. Надад бас гэр бүлд минь халдсан гээд маш хүнд даваа давсан. Тагнуулын байгууллага оролцчихсон. Үүнийг "мафи" гэдэг юм. Ганц УИХ-ын гишүүн, нэг сайд байтугай төр хөдлөөд ч дийлэхгүй шахуу л халхавч байдаг юм шүү дээ.

Ийм аюултай бүлэглэл улс, орнуудад байдаг. Гэхдээ манайх шиг төр барьж байгаа намууд нь ташраараа нэг хүний халаасанд орсон тохиолдол ховор. Эрдэнэтийн 49 хувийг ярьж байхад Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган дээр орж ирээд улаан цайм өмөөрч байсан.

Д.Эрдэнэбилэг гэдэг хүн 2005 онд Улаанбаатар банкийг аваад, дараа нь Худалдаа хөгжлийн банкийг авсан. Үүнээс гадна нэг хүнтэй, нэг сая төгрөгийн дүрмийн сантай жижиг компани олныг байгуулаад Эрдэнэт рүү нэгийг, Хөтөл рүү өөрийг, Дархан руу бас нэгийг хөдөлгөөд байсан. Цаашлаад III, IV цахилгаан станцыг авах гэсэн. Багануурын уурхайг бараг авсан ч шүүхээр явж байж салсан. Өнөөдөр цагдан хорилоо, цаашид яаж дуусахыг би сайн мэдэхгүй байна" гэж байр сууриа илэрхийлэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.236.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.