Т.Болдбаатар: УИХ-ын гишүүдийн тоог нэмж болохгүй. Одоогийн 76 гишүүнийхээ зардлыг дийлэхгүй байна шүү дээ!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-04-23

АН-ын дарга Х.Баттулгыг бүртгүүлэх үйл явц болон сүүлийн үед яригдаад буй УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлаар УТЗ-ийн гишүүн Т.Болдбаатартай ярилцлаа.

АН-ын даргыг бүртгүүлэх үйл явц ямар шатандаа явна вэ?

АН-ын бүх гишүүдийн саналаар Х.Баттулга сонгогдсон. 2022 оны 04 дүгээр сарын 07-нд намын их хурал болж намын даргаа батламжилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр холбогдох материалуудын хамт хүргүүлсэн. Яг дүрмийн дагуу болсон. Манай намын дүрмээр бол улстөрийн аль ч шатны сонгуульд ялагдсан намын дарга шууд чөлөөлөгддөг дүрэмтэй. Энэ дагуу С.Эрдэнэ дарга чөлөөлөгдсөн. Үүний дараа бас нэг даргатай болсон ч баримт бичгийн бүрдэлт дутуу гээд бүртгээгүй. Одоо Халтмаагийн Баттулга даргыг батламжлуулахаар ажиллаж байна. 113 мянган гишүүний саналаар сонгогдсон.

Өмнөх дарга С.Эрдэнэ дарга ч бас намын гишүүдийн дундаас л сонгогдсон шүү дээ!

Тийм. Манай намын дүрмийн нэг гажуудал нь энэ. Таван хүн өрсөлдлөө гэхэд хамгийн олон санал авсан нь дарга болдог. Энэ дүрмээр л С.Эрдэнэ сонгогдсон. Гэхдээ сонгуульд ялагдсан учир дүрмийн дагуу ажлаа өгсөн. Одоо түүнээс хойших процессууд өрнөж байна.

Эрх баригч нам Социал демократ үзэл баримтлалтай боллоо. Гэтэл АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүйгээс гадна үзэл баримтлалаа ч бас булаалгачихлаа, тийм үү?

Манай нам үзэл баримтлалаа өөрчлөх ёстой. Миний бие 2020 оны сонгуулиас хойш л энэ асуудлаар ярьж байгаа. Монголчууд нэгнийгээ яс үндсээр нь эсвэл баруунтан зүүнтнээр нь дуудаж болохгүй. Энэ бол гадны явуулга, гаж тогтолцоо гэж үзэж болно. Монголчуудын үндсэн үзэл баримтлал нь ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН ҮЗЭЛ САНАА юм. Бид үүнийг л хэрэгжүүлэх ёстой. Чингис хааны үед ч ардчилсан засаглал байсан. Үүнийг бид үргэлжлүүлэх ёстой.

Тэгэхээр баруун төвийн үзэл баримтлалаа орхих юм уу?

Баруун зүүний чиг баримжаа бол олдмол үзэл баримтлал. Үндэсний үзэл бол 4000 гаруй жилийн турш Монголчуудад гүн шингэсэн. Үндэсний ардчилсан үзэл бол бүх монголчуудыг нэгтгэх гол зорилготой. Үндэсний тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын гол баталгаа нь үндэсний үзэл байдаг. Хослуулан хөгжүүлэх нь хамгийн зөв шийдэл.

Сүүлийн үед улстөрийн намууд нэгдэж парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлье гэсэн байр суурийг илэрхийлэх болсон. Та болон АН-ын улстөрийн зөвлөлийнхөн ямар бодолтой явдаг вэ?

Гишүүдийн тоог нэмэх нь маш буруу гэсэн хувь хүнийхээ зүгээс үздэг. Өмнөх 76-гаа яая гэж байхад юун 200 гишүүн. Харин хоёр танхимтай сонгогдог парламент байж болно. Ийм шийдэл бол хамгийн зөв, хариуцлагын механизм болдог.

Манай улс хоёр танхимтай парламенттай байсан шүү дээ?

Тийм байсан. Хоёр танхимтай парламентын тогтолцоог устгасан нь ТҮҮХЭН АЛДАА байсан. Одоо тийм биш. Одоо бол хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн хэдэн нөхөдтэй болсон. Ямар ч хяналтгүй хууль баталж өөрсдөө иддэг. ЖДҮ, Хөгжлийн банк, хөөн хэлэлцэх хугацаа гээд ямар ч хяналтгүй хууль байгаа биз дээ!! Бидний даган дуурайдаг Англи, АНУ, Япон зэрэг улсууд бүгд л хоёр танхимтай сонгодог парламенттай шүү дээ. Гишүүдийн тоог нэмээд хэрэггүй. Зардлыг нь нийгэм, ард түмэн даахгүй. Монгол төр тогтолцооны хувьд гажуудалд орчихсон. Хамгийн аюултай нь МАНААЧИЙГ хэн МАНАХ ВЭ гэдэг асуулт гарч ирнэ. Монголд одоогийн парламентын тогтолцоо тохирохгүй байна гэдгийг бид олон зүйлийн жишээгээр харж болно. Ард түмний амьдрал сайжирч уу, үгүй юу гэдгээс л улстөрийн тогтолцоо, нөхцөл байдлыг дүгнэж болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.99.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.