Г.Ариунчимэг: Гурван өнчин дүүд маань ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭМЖИЙН МӨНГИЙГ өнөөдрийг хүртэл олгоогүй
Сэдэв, асуудал
/
2022-04-26

Гурван өнчин хүүхдийн нагац эгч Г.Ариунчимэгийн хүсэлтээр Багануур дүүрэгт очиж байр суурийг нь хүргэлээ. Гурван өнчин хүүхдийн талаарх мэдээллийг анх тэдний нагац эгч Г.Ариунчимэг манай сайтад хандаж сурвалжлахыг санал болгосон билээ.

-Таны зүгээс УЛСТӨРЧ.МН сайтад хандлаа. Яагаад хандах болов?

-Миний хүсэлтийг хүлээж авч ирсэн та бүхэнд баярлалаа. Яагаад гэвэл гурван дүүгийнхээ талаар анх би та бүхэнд өөрөө хандсан.  Амьдардаг дүүрэг хороодынх нь  асуудал газар аваад байгаа учраас хувь хүнийхээ зүгээс  та бүхэнд хандлаа.  

Миний гурван дүүгийн ээж нь 11-р сарын 06-нд уушигны хорт хавдраар бурхан болсон.  Дүү маань  өөрөө 11-р сарын 11-нд амаржиж охинтой болсон юм. Ээжийг нь бурхан болоод 11 орчим хоног болж байхад аав нь “МИНИЙ ОХИН ХҮҮХДЭЭ ХАРЖ БАЙГААРАЙ” гэж хэлээд  нүүрсэнд яваад эргэж ирээгүй харамсалтай  явдал болсон.  Найзындаа очиж жаахан архи уусан байдаг. Тухайн үед сэтгэл санаа нь тогтворгүй байсан. Найзынхаа гэрээс мэнд саруул гарсан ч хүнд зодуулсан байна гэдэг дуудлага ирсэн байсан. Тус явдлын дараа  гэмтлийн эмнэлэгт  нэг цаг орчим болоод дотуур цус алдалтаасаа болж бурхан болсон.  Ийм явдлаас болж миний гурван дүү өнчирсөн юм.  У.Анужин дүү маань аав ээжийгээ алдчихсан өөрөө нялх биетэй сэтгэл санаа нь хэцүү цаг үеийг туулж ирсэн.  Аав ээжээ алдсан гурван хүүхэд  хүнд хэцүү амьдарч байхад хороо, дүүргээс  юугаа ч мэдээгүй, анхааралгүй явж ирсэн. Анхаараад өгөөч гэж гуйлгаж байж ажлаа хийх аядсан. Ямарч анхаарал хандуулалгүй явж ирсэн байж яагаад одоо жигтэйхэн анхаарал хандуулж ирсэн гэж тэд яриад байгаа юм бэ гэдэг асуудлыг би хөндөх гэсэн юм.  
Би өөрөө дүүгээ долоо хоног асарсан юм. Үүнээс хойш арав хоногийн дараа эрсдэлийн үнэлгээ хийх гэж ирээд явсан. Үүнээс хойш шинэ жилийн бэлэг хоёр дүүд нь өгөх гэж нэг ирсэн, цагаан сараар нэг төрийн бус байгууллагатай хамт ирж бууз, дээл авч ирж өгсөн байсан.  Түүнээс хойш нэг  ч удаа эргэж тойрч анхаарал хандуулаагүй. Өнөөг хүртэл ирээгүй мөртлөө ирсэн юм шиг ард иргэдэд яриад байна. Миний дүү нялх хүүхдээ тэврээд  12 сард л бичиг баримтаа бүрдүүлээд аваачиж өгсөн юм. Түүнийг нь хорооноос өөрсдөө буцаачихсан. Яагаад тэрийгээ ярихгүй байгаа юм бэ. Үнэхээр тэд хүүхдүүдийн талаар сэтгэл санаа нь зовж байсан юм бол 12 сард нь тэр асуудлуудыг нь яагаад шийдээд өгөөгүй юм.  Дахиад л У.Анужин нялх хүүхдээ тэвэрч гүйж байгаад бичиг баримтаа эхнээс нь бүрдүүлж өгсөн.  Гэтэл өдийг хүртэл миний дүү нар гар дээрээ эцэг эхээ алдсан тэтгэмжээ, хүүхдийн мөнгөө авч чадахгүй байна. Хэний буруугаас болж байгаа юм.  БЗД-ийн 4-р хорооны засаг дарга Б.Бадамгарав яагаад үүнд анхаарч өгөөгүй юм бэ, яагаад ийм хайнга хандаж байгаа юм бэ?  
Өнчрөл зовлон үүрч зовж зүдэрч яваа хүүхэд гүйгээд очиж байхад яагаад 12 сард нь асуудлыг нь шийдээд өгөөгүй юм бэ.  Тэр үед нь анхаарал хандуулаад өгсөн бол энэ гурван өнчин хүүхэд идэх хоолтой, өмсөх хувцастай байж байх байлаа шүү дээ.  Тийм байж нэг очсон ажлаа байнга очсон болгож яриад байх юм. Жил нүүрс зөөсөн гэж байна лээ. Нэг л удаа нүүрс хүргэсэн ш дээ. Тэр хашаанд амьдарч байгаа гурван айлын нүүрсний зургийг очиж дарчхаад өөрсдөө өгсөн овоолсон гэж яриад байх юм. Хүүхдийг цэцэрлэгт оруулж өгсөн нь үнэнч бүх юмыг нь даасан гэж худлаа яриад байна. Бид нар өөрсдөө л болгосон. Тэр цацагдсан нэвтрүүлгийг харж байхад ойлгомжтой байна лээ. Үнэхээр Б.Бадамгарав дарга гурван өнчин дүү нарт минь тусалсан бол, үнэн шударга байсан бол өөрт чинь 100 мянган төгрөг өгөх гэж дайрахгүй байсан. Тэр дарга тэгэхээс өөр арга байхгүй.
Анх яриа өгөхдөө цаас барьчхаад нэг хийсэн юм аа байнгын болгож яриад байсан. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг  өрхийн эмнэлгийн үйлчлэгчээр ажилладаг У.Анужингийн нас барсан ээжийнх нь найзын охиныг хүртэл ажлаас халах дарамт үзүүлээд  байгаа. У.Анужин  тэгсэн байна, ингэсэн байна гэх мэтээр. Төрийн ажлын завхарал гэдэг энэ байх. Төрийн үйлчилгээ нь иргэддээ хүрэхгүй байна шүү дээ. Хэсгийн ахлагч нь нэг удаа очоод миний дүүгийн тухай асууж үзсэн юм уу. Миний дүү одоог хүртэл хэсгийн ахлагчаа таньдаггүй юм билээ. Тийм хүмүүс байж  байнга очиж уулздаг гэж яриад байх юм. Яаж хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмжээ авч байгаа гэж хэлж чадав аа. Энэ засаг дарга Б.Бадамгарав ээж аавынх нь нас барсан өвчний түүхийг ч мэдэхгүй ковидоор нас барсан гэж худал ярьсан байна лээ. Ийм учраас би та бүхэнд хандаж үнэн зөв мэдээлэл өгөхийг хүссэн юм.
Үнэний төлөө 100 мянган төгрөгөөс нь татгалзаж чадсанд тань баярлалаа.  Засаг дарга Б.Бадамгаравт ШУДАРГА Л БАЙГААРАЙ гэж хэлмээр байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.