Х.Олзбаатар: Үлдэгдэл бараа, материал ашиглах арга хэмжээ авч ажиллаж байна
Ярилцлага
/
2022-05-03
Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвийнхөн эцсийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, импортоор ирсэн бараа материалыг саадгүй хүлээн авч буулган хадгалах, захиалгатай бүтцийн нэгжүүдэд олгох үндсэн ажил үүрэгтэй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөлөөс шалтгаалан хил гааль дээр үйлдвэрийн захиалгат тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл саатах, экспортод гаргах зэсийн баяжмалын ачилт удаашрах тохиолдол гарч буй. Энэ талаар Тээвэр ложистикийн төвийн дарга Х.Олзбаатараас  зарим зүйлийг тодрууллаа.

-Танай цехийн нэгдүгээр улирлын ажлын төлөвлөгөөний биелэлт ямар үзүүлэлттэй гарсан бэ?

-Нэгдүгээр улиралд манай цех нэлээн ачаалалттай ажиллалаа. Нэг сард баяжмал ачилт хийгдээгүй. Хоёрдугаар сард нэмүү ачилт хийсэн. Эцсийн дүнд баяжмалын ачилтын төлөвлөгөө 100 давсан хувиар биелсэн. Ачаа барааны буулгалтыг бид нормт үзүүлэлт гэж ярьдаг. Буулгалт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй. Энэ нь хил гаалийн нэвтрүүлэлт дээр ачаа бараа саатсантай холбоотой. Өмнөх оныхтой харьцуулахад импортоор авах ачаа бараа төлөвлөсөн хэмжээнээс буурсан. Харин нүүрс таталтын төлөвлөгөө биелсэн. Баяжмалын даац ашиглалт 0,8 тонноор буурсан үзүүлэлттэй байгаа. Улаанбаатарын төмөр зам хоёр ч удаа тээврийн хөлсөө нэмлээ. Нэгдүгээр улирлын ачилт, буулгалтын тээврийн хөлсөнд Эрдэнэт үйлдвэр нийт 8,2 тэрбум төгрөг төлсөн. Өнөөдрийн байдлаар нэг вагоныг гурван сая 262 мянган төгрөгөөр тээвэрлэж байна. Эхний сард зэсийн баяжмал ачигдаагүйгээс нэлээн хуримтлал үүссэн. Нэгдүгээр сарын 27-оос 50 вагоноор баяжмалаа ачиж эхэлсэн. Улирлын эцэст ачилтын төлөвлөгөө 112 хувиар биелсэн.

Хил гааль дээр үүссэн хүндрэл шалтгаанаас үүдэлтэйгээр импортоор авах ачаа бараа төлөвлөснөөс багассан. Үүн дотроос Шарын голын уурхайгаас татаж буй нүүрс тээвэрлэлтийн төлөвлөгөө биелсэн. Вагоны сул зогсолт өмнөх оноос бага зэрэг өссөн. Мөн хөдөлмөрийн бүтээмж 1,8-3,2 хувиар өссөн дүнтэй тайлан гарлаа. Оны эхний нэгдүгээр улиралд Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр зөрчилгүй ажиллалаа.

-Өнөөдрийн байдлаар баяжмал ачилт ямар хэмжээнд явна. Өдөрт хэдэн вагон баяжмал ачиж байна вэ?

-Улаанбаатар төмөр замаас Эрдэнэтийн чиглэлд хуваарилсан вагоноор ачилт хийдэг. Хагас задгай вагоноор зөвхөн уурхайнуудын дулааны станцын хэрэгцээний нүүрс, манай үйлдвэрийн баяжмалыг ачдаг. Өнгөрсөн гуравдугаар сард ачилт тааруу байснаас хуримтлал нэлээн үүссэн. 30-35 тонн зэсийн баяжмал задгай талбайд хадгалагдаж байна. Тавдугаар сарын 1-ээс төлөвлөгөөний дагуу хоногт 40 вагоноор ачилт хийхээр төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөгөөр явахад өдөр тутам үйлдвэрлэсэн болон хуримтлагдсан баяжмалаа сар гаруй хугацаанд ачиж дуусгах боломжтой. Өнөөдрийн байдлаар зэсийн баяжмал ачсан 282 вагон урд хилээр гарахаар замд явж байна. Эрээн дээр 116 вагон буулгалт хүлээгээд зогсож байна. Хятадын зүгээс өдөрт зэсийн баяжмалтай галт тэрэг нэгийг авахаар төлөвлөсөн боловч заримдаа өнжиж авч байна. Нэг галт тэргэнд 60 вагон ачаа явдаг. Үүний 40 нь зэсийн баяжмал, 20 нь цайр, жонш байх жишээтэй. Ер нь баяжмал ачилтын үйл ажиллагаа жигд саадгүй явах нөхцөл бүрдсэн.

-Хөрөнгө оруулалтын болон зам засварын ажлууд хийгдэж байгаа юу? Агуулахад бараа материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үлдэгдэл хэр байна?

-Бүх ажил төлөвлөгөөний дагуу хийгдээд явж байна. Агуулахын үлдэгдлийг бууруулах ажлын хүрээнд гурваас дээш жилийн насжилттай бараа материалын тооцоог гаргасан. Үүн дотор 10-аас дээш жилийн насжилттай бараа материал нэлээдгүй бий. Ямар цехийн материал 10 жилийн насжилттай байгааг гаргасан. Иймээс бүтцийн нэгжүүд бараа материалаа төв агуулахаас татан авах ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд нэг тэрбум орчим төгрөгийн бараа материал сэлбэг хэрэгслийг бүтцийн нэгжүүдэд олголоо. Үлдэгдэл бараа материалын ашиглалт 20 гаруй хувиар буурсан. Наймдугаар агуулахад 2,8 тэрбум төгрөгийн ашиглагдахгүй барааны үлдэгдэл байгаа. Манай цех жил бүр агуулахынхаа бараа материалын насжилтыг бууруулах, хадгалалтын зохистой түвшнийг барих зорилготой ажилладаг. Харин зайлшгүй шаардлагатай  бараа, материалыг тодорхой хэмжээнд нөөцөд хадгалдаг. Бусад төрлийн бараа, материал, сэлбэг, хэрэгсэл тогтмол эргэлтэд ороод явах ёстой. Сүүлийн хоёр жил цар тахлын дэгдэлтийн улмаас бид цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж хэвшсэн. Цаашид ийм хэлбэрээр ажил үйлчилгээ явагдана. Мөн уламжлалт ёсоор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж бүтцийн нэгжүүдийг бараа материалын үлдэгдэлтэй танилцуулна. Өдөрлөгийг тавдугаар сард хийхээр төлөвлөөд байна. 

-Эдгээр үлдэгдэл бараа, материалыг ашиглах талаар өөр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Ашиглагдахгүй бараа материалыг сайн илрүүлсэн бүтцийн нэгжүүдийг байр эзлүүлсэн. Аль цехээс хэдий хэмжээний бараа материал буцаасныг гаргасан. Төрөл зүйлээр нь ангилсан. Энд хадгалж буй бараа материалын 60 гаруй хувь нь Баяжуулах үйлдвэрийн захиалгат бараа материал байгаа. Нөгөө талаас Баяжуулах үйлдвэрийн сүүлд захиалсан бараа материалаас буцаасан зүйл бараг байхгүй. Энэ бол чанартай захиалга хийж байгаатай холбоотой. Гэтэл Ил уурхай захиалгат бараа материалаа хамгийн их буцаасан үзүүлэлттэй байна. Дараа нь бараа материалын буцаалтаар Ган бөөрөнцгийн болон Засвар механикийн завод орсон. Ил уурхайгаас 76 нэр төрлийн бараа материал буцаж ирсэн. Ган бөөрөнцгийн цехээс 37 нэр төрлийн бараа материал буцаж ирсэн нь үнийн дүн өндөр гарч байгаа. Засвар механикийн заводоос 56 нэр төрлийн бараа материал буцааснаараа гуравдугаарт орох жишээтэй. Тэгэхэд Баяжуулах үйлдвэр нэг төрлийн бараа буцааснаар 0,03 хувийг эзэлж байна. Мөн шаардлагатай бараа материалаа ашиглахгүй төв агуулахад удаасан байдлаар бүтцийн нэгжүүдийг байр эзлүүлнэ. Технологи хоцорсон гэсэн шалтгаанаар бараа материалын буцаалт хийгдэж байна. 2031 он хүртэл Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр гарсныг бид мэднэ. Техникийн шинэчлэлт хийх ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Тэгэхээр ирээдүй рүүгээ харсан хөрөнгө оруулалтын шинэчлэлт хийгдэх ёстой. Иймээс бараа материалын нөөц боломжоо ирээдүйтэйгээ уялдуулах шаардлага тавигдаж байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.245.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.