ЦАХИМ ЗАСАГЛАЛ уу? БАХИМ ЗАСАГЛАЛ уу!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-05-04

Төрийн албаны нэр хүнд сүүлдээ навс уначихсан. Яагаав нөгөө эрх баригч намынхан “60 тэрбумаар нийслэлийг удирдана” гэдэг үеэс эхэлсэн нь тэр. Газрын дарга, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн гээд бүх албыг нь 100 мянгаас 100 сая хүртэл үнэлчилсэн байсан биз дээ!!

Өнөөдөр Монголын төрд 300 мянга орчим хүн ажиллаж байна гэсэн тоог Төрийн албаны зөвлөлөөс гаргасан нь бий. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэнэ. Учир нь Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэг 400 орчим барилга баригдана. Нэг сургуульд үйлчлэгч, цэвэрлэгч, тогооч, сантехникч, цахилгаанчин, жижүүр, нягтлангаас эхлээд багш, эрхлэгч, захирал гээд дор хаяж 150 орчим хүн ажиллана. Эдгээрийг 400 гаруй сургууль цэцэрлэгт үржүүлээд бодохоор их тоо гарна. Ц.Нямдорж сайдын ярьдаг үнэний ортой л доо. Тэрбээр “жил бүр сургууль цэцэрлэг нэмж барихаар төрийн алба чинь хүссэн хүсээгүй данхайна” гэв. Англи зэрэг зарим улсад хүний үйл ажиллагааг ерөнхийд нь хязгаарлаж, бүх зүйлийг автомат, цахим, ухаалаг болгож байгаа. Гэтэл цөөн хүн амтай манай улсад 300 гаруй мянга. ТӨР улам л ДАНХАР БАХИМ ЗУЗААН, ЛАЗАН болоод байгаа шалтгаан энэ.

Түүнчлэн ямар ч үр ашиггүй их зардлыг төр өөрөө үүсгэж, алба хаагчдын тоог нэмэгдүүлэв. Хүн амын нягтаршил ихтэй хороодыг хувааж шинээр 33 хороо нэвэв. Нийслэл 142 хороотой байснаа одоо 173 болсон. 33 хороог дагаад 900 гаруй хүн шинээр ажлын байранд очиж, төрөөс цалинжина. Мөн хувийн хэвшилд байсан томоохон үйлдвэрүүдийг төр дэргэдээ авч дээрэмдсэн нь мөн л ДАНХАЙСАН БҮТЦЭЭ өөрөө бий болгосон хэлбэр. Хамгийн сүүлд л гэхэд “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийг улайм цайв ДЭЭРЭМДЭЖ авав. Тус үйлдвэрт ажиллаж байсан бүх хүн төрийн албан хаагч болчихсон. Автоматаар. Нэг ёсондоо бид эргээд төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засагтай, төр л бүхнийг шийддэг нөгөө СОЦИАЛИСТ СИСТЕМ рүүгээ явж байна гэсэн үг. Төр хүчтэй байх нь зөв. Хүчтэй гэдэг нь ДЭЭРЭМЧИН БАЙНА гэсэн үг огтоос биш. Төсвийн нийт зарлагын 80-85 хувь нь УРСГАЛ ЗАРДАЛД шингэдэг. Бусад улсад дөнгөж 20 хувь байдаг. Хөдөлмөрийн насны нийт хүн амын 30 хувь нь буюу 320 мянга нь төрөөс хамааралтай. Тэдгээрийн цалинд 3,2 их наяд төгрөг зарцуулдаг.  Бусад улсад 8 хувь нь төрд ажилладаг.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас төрийн данхар бүтцийг арилгаж “ЦАХИМ ҮНДЭСТЭН” болно гээд тунхаглачихсан. Тэр ч бүүхэл “Цахим хөгжил, харилцаа холбооны яам” гэгчийг байгуулчихсан.  “E-Mongolia” гээд шинэ суваг нээчихсэн. Түүндээ төрийн бүх үйлчилгээг оруулаад л чухам “гангарч” байна. Гэвч “магтсан хүүхэн хурим дээрээ унгана” гэгчээр тэр сүрхий “цахим үндэстэн” болох зарлаад байсан чинь яг ачир дээрээ Төрийн ордны хамаалалтын албаны техник нь ЦЭЭЖ ЗУРАГ ТАНЬДАГГҮЙ ЭЭ! Төрийн ордонд орж мэдээ сурвалжилга дамжуулдаг зураглаач, сэтгүүлч хоёрынхоо үнэмлэхийг шинэчлэх гээд өгсөн чинь “Уучлаарай! Танай хоёрын ЦЭЭЖ ЗУРГИЙГ МАНАЙ МАШИН ТАНЬДАГГҮЙ ЭЭ, ӨӨР ЗУРАГ ӨГӨӨЧ” гэв. Гуйлт ёсоор нь өөр зураг цахим хаягаар нь илгээтэл “Манай төхөөрөмж бас таньдаггүй ээ” л гэж байна. Ахиад зураг илгээв. Гэтэл хэвлэгч машин нь эвдэрчихсээн. Засдаг хүн олддоггүй гэв. Нөгөө ЦАХИМ ҮНДЭСТЭН чинь ийм байна.

Засгийн газраас “ЦАХИМ ҮНДЭСТЭН” болох зорилтоо хүчээр тулгаж 21 аймгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээндээ “орон нутагт цахим аймаг бол” гэсэн хатуу даалгаварыг улаан хавтасны цааана биччихэв. Та бүхэн Tender.gov.mn сайт руу ороод үзээрэй. “Цахим Өвөрхангай”, “Цахим Булган” гэх мэтээр 21 аймаг тус бүрт цахим болох гэж татвар төлөгчдийн мөнгөөр тендер зарлачихсан байгаа. Тэрчлэн сумдад, багт тус бүрт иргэдэд үйлчлэх, мэдээлэл хүргэх “УХААЛАГ САМБАР”, “Ухаалаг мэдээний апплекшин” гэх мэтээр бас л тендер зарласан.

Хөдөө орон нутгийн малчид, өвгөд хэдий зурагттай, ухаалаг утаснаасаа фэйсбүүкт орж байгаа ч УХААЛАГ ДЭЛГЭЦЭЭС мэдээлэл авч, байнга ашиглана гэдэг тийм ч үр дүнтэй бус. Боддоо. Улаанбаатар хотын захын гэр хорооллын хүүхдүүд бүтэн хоёр жил хичээлийн хоцрогдолд орчихсон гээд бод!! Тэгэхээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР БАЙГУУЛСАН “ЦАХИМ ЯАМ” нь бүрэн ажилдаа орж чадаагүй байхад үндэстнээрээ цахим болно гэдэг ч ЛӨӨЛӨӨ байна даа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.144.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.